Аваргууд Уурхайчидыг зогсоож, Дайчид, ах дүүстэй нанчилдав

Хуучирсан мэдээ: 2023.02.05-нд нийтлэгдсэн

The League

Аваргууд Уурхайчидыг зогсоож, Дайчид, ах дүүстэй нанчилдав

Аваргууд Уурхайчидыг зогсоож, Дайчид, ах дүүстэй нанчилдав

Үндэсний дээд лигийн өрсөлдөөнтэй, плей-офф эхлэх дөхөж буйг сануулсан ээлжит тоглолтууд өчигдөр/2023.02.04/ “UG” аренад боллоо.


ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД 72 – 74 ХАСЫН ХҮЛЭГҮҮД

Хожигдол гээчийг мартаад зун, намар, өвлийг үзэж буй Уурхайчид өчигдөр Т.Санчиргүй аваргуудын эсрэг тоглолоо. Гэхдээ Т.Санчирын үүрэг, үзүүлэлтийг хуваагаад нөхчих хангалттай тамирчид тэдний бүрэлдэхүүнд байв.

Тоглолт эхнээсээ өндөрлөх хүртэл өрсөлдөөнтэй, урамтай байсан бөгөөд тэргүүлэл нийт 24 удаа өөрчлөгдөж, таван удаа оноо тэнцсэн. Хүлэгүүдээс Вуден Жуниор 27 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Б.Билгүүн 26 оноо авчээ. Харин Уурхайчидаас Пендарвис Уиллиамс, А.Бямбадорж, Э.Мөнхбаяр нар арваас дээш оноо авч, багаа манлайлав.

Тоглолтын ялагч сүүлийн минутад тодорсон.Тодруулбал, Вуден Жуниор багтаа онооны тэргүүллийг авчирч, баг нь илүү гарсан. Үүний дараа Г.Болор-Эрдэнэд тооны харьцааг тэнцүүлэх боломж байсан ч тэрбээр дундын зайн шидэлтээ алдаж, улмаар аваргууд ялагдалгүй явсан Уурхайчидыг 74-72 гэсэн харьцаатай буулган авлаа.

Уурхайчидын ялагдалгүй улирлыг дуусгах зорилго, амжилт замхарлаа.

М ГАРЬД 84 – 89 IHC APES

Apes хүчирхэг өрсөлдөгчөө буулган авч, плей-оффд бэлэн гэдгээ харууллаа. “Apes”-ээс Даррель Саммерс үзүүлдэг тоглолтоо үзүүлж, багаа оноо авалтаар тэргүүлсэнээс гадна Г.Цэлмэг, Ц.Сэргэлэнбаатар нар багаа ялалт байгуулахад том хувь нэмэр оруулсан.

Онооны зөрүү ойрхон, Гарьдын довтолгоо, хамгаалалт эрчимжсэн үед Ц.Сэргэлэнбаатарын хоёр дараалсан алсын зайн шидэлт байндаа тусч, эсрэг багаа асуудалд оруулсан. Харин Г.Цэлмэг тоглолтын эцсийн цэгийг тавьсан довтолгоог гүйцэтгэж, хүндхэн байдлаас хоёр оноо авсан юм.

Мөн П.Болортулга эгзэгтэй мөчид оноо аван багаа сэргээж байсан бол Н.Ганбаатар самбарт зүтгэлтэй тоглолтыг үзүүлж, багийнхандаа хоёр дахь боломжийг бий болгож байлаа.

М Гарьдын хамгаалалт эхний гурван үе ойлголцолгүй, тааруу байсан нь хожигдол хүлээх нэг шалтгаан болов. Үүнээс гадна дасгалжуулагч О.Баярцогт Д.Дөлгөөнмөрөнг талбайд бага минут тоглуулсан нь алдаа байсан гэж харагдсан. Дөрөвдүгээр үед Д.Дөлгөөнмөрөнгийн оноо авалтууд багаа сэргээж байлаа. Увс нутгийн хүү талбайд 17 минут тоглохдоо 14 оноо авч, түүнийг талбайд байхад баг нь 19 оноо илүү авч байжээ.

А.Энхбаясгалангийн бэртэл бүрэн илааршаагүй учир багтаа тус хүргэж чадсангүй.

ЗАВХАН “BROTHERS” 89 – 96 АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД

Энэ өдрийн сүүлийн тоглолт ярих, харах юм ихтэй болсон. Дайчидын будагтай талбайн хамгаалалтыг магтах нь зүйтэй. Тэд дөрвөн үеийн турш Даймонд Стөүн тэргүүтэй “Brothers”-ийн өндөр тамирчдын тоглолтыг хязгаарлаж, алсын зайн шидэлтүүдээ амжилттай болгож чадлаа.

Тоглолтын эхнээс Дайчид онооны тэргүүллийг авсан. Тухайбал, багийн лидер Энтони Харрис болон энэ улирал гайхалтай тоглож буй Ч.Ихбаяр нар багийнхаа довтолгоог бүрэн хариуцсан. Мөн М.Цэвээндорж, Б.Батзолбоо нар алсын зайн шидэлтүүдээ сайн гүйцэтгэж, тус болсон.

Эсрэгээрээ “Brothers”-оос Э.Дөлгөөн тоглолтыг тааруу эхлүүлсэн ч дөрөвдүгээр үед багаа сэргээсэн. Мөн Даймонд Стөүн 34 оноо, 24 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Гэвч тэрбээр нийт 31 удаа довтолж, 14-ийг нь л амжилттай болгов. Ерөнхийдөө самбар доороос амархан довтолгоонуудаа их алдсан гэж хэлж болно.

Тоглолтын гол үйл явдал дөрөвдүгээр үед онооны зөрүү ойрхон, Завхан “Brothers”-ийн хамгаалалт, довтолгоо жигдэрсэн байх үед тохиосон. Тодруулбал, хурдан довтолгоонд гарсан байсан Э.Дөлгөөн дээр Дайчидаас ахмад тоглогч Э.Цэвэлдорж алдаа хийн зогсоосон. Түүний алдаанд уурссан Ц.Отгонжаргал, Даймонд Стөүн зэрэг тоглогчид Э.Цэвэлдорж руу дайрч, улмаар хоёр багийн тамирчид, дасгалжуулагчид талбай руу орж ирэн, хэсэг бужигнасан. Үүний улмаас Дайчидын Э.Цэвэлдорж, “Brothers”-ийн ахлах болон туслах дасгалжуулагчид, Ц.Отгонжаргал нар талбайг чөлөөлсөн.

Энэ үйлдэл нь Дайчидад ашигтай тусч, тэд дөрвөн чөлөөт шидэлт шидээд зогсохгүй хамгийн гол нь “Brothers”-ийн сэргэж явсан тоглолтыг унагааж, ялалт байгуулахад дөхөм болсон юм. Ийнхүү тоглолт 96-89 гэсэн харьцаатай өндөрлөж, Дайчид плей-оффын байрлал ахисан бол “Brothers” доош унаж, плей-оффд Уурхайчидтай таарах магадлал их боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж