Япончуудын 94.7 хувь нь Орост найрсаг ханддаггүй болох нь судалгаагаар тогтоогджээ. 94.7 хувьд хүрсэн нь түүхэн дээд амжилт тогтоосон явдал юм. Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газар жил бүр явуулдаг дипломат харилцааны судалгаагаа 2022 оны аравдугаар сарын 6-наас арваннэгдүгээр сарын 13-ны хооронд хийжээ. Тус судалгааг 1978 оноос хойш хийж байна. Өмнөх оны судалгааны дүн 86.4 хувьтай гарч байв.
Орост найрсаг сэтгэлээр ханддаг гэж судалгаанд оролцогчдын таван хувь нь хариулсан. Энэ нь өмнөх оны 13.1 хувиас буурсан төдийгүй мөн л түүхэн доод үзүүлэлт болжээ.
ОХУ-ын арми Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Фүмио Кишидагийн засгийн газар бусад улсын нэгэн адил Москвагийн эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авсан. Кремль үүний хариуд Дэлхийн хоёрдугаар дайны дараах энхийн гэрээ болон Хоккайдо орчмын дөрвөн арлын статусын талаар Японтой хийсэн хэлэлцээгээ түр зогсоов. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Украины дайны тухай, Оросын пуужингийн довтолгоо, цэргүүдийн үйлдсэн харгислал, гэм зэмгүй ард түмнийг эзлэн авсан гай зовлонгийн дүр зураг бүхий нэвтрүүлгүүдийг өргөнөөр мэдээлж байна.
Судалгаанд оролцогчдын 3.1 хувь нь хоёр улсын одоогийн харилцааг сайн гэж үзэж байна. Өмнөх санал асуулгаар энэ үзүүлэлт 20.6 хувьтай гарсан. Харин хоёр орны харилцаа сайн биш гэж 79.0 хувь нь үзсэн. Өмнөх санал асуулгаар энэ үзүүлэлт 92.3 хувьтай гарчээ.
Тэгвэл 57.7 хувь нь Орос-Японы харилцааг чухал гэж үзсэн байна. Гэвч энэ хувь өнгөрсөн онд 73.1 хувь байжээ. Санал асуулгад энэ асуулт 2016 онд нэмэгдсэнээс хойшхи хамгийн бага үзүүлэлт нь энэ жилийн 57.7 хувь болов.
Мөн судалгаагаар Япончуудын 81.8 хувь нь Хятадад найрсаг ханддаггүй нь тогтоогджээ. Энэ нь өмнөх оны 79 хувьтай харьцуулахад муудсан үзүүлэлт юм.
Өмнөд Солонгосын тухайд Япончуудын 45.9 хувь нь хөрш улсдаа найрсаг ханддаг гэжээ. Энэ нь ерөнхийлөгч Юн Сук Ёл албан тушаалаа хүлээж авснаас хойш Токио, Сөүл хоёрын харилцаа сайжирч байгааг харуулж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийн үед хоёр талын харилцаа хамгийн доод цэгтээ хүрээд байсан.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ