АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр Хятадын тагнуул байж болзошгүй агаарын бөмбөлөг үзэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус бөмбөлгийг төлөвлөсөн замаасаа хазайсан цаг уурын төхөөрөмж байсан гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Өөрийгөө удирдах чадвар хязгаарлагдмал байсан тул бөмбөлөг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр төлөвлөсөн чиглэлээсээ хол хазайсан аж. Мөн бөмбөлөг АНУ-ын агаарын орон зайд санамсаргүй нэвтэрсэнд харамсаж буйгаа илэрхийлэв.
Агаарын бөмбөлөг Лхагва гаригт Монтана мужийн Биллингс хотын дээгүүр ниссэн. Үүнээс өмнө Аляскийн Алеутын арлууд дээгүүр болон Канадаар дамжин өнгөрчээ. АНУ-ын Батлан хамгаалах яамныхан Пүрэв гаригт хэвлэлийн бага хурал хийхдээ агаарын бөмбөлгийн одоогийн байршлыг хэлэхээс татгалзсан байна.
Монтана мужийн дээгүүр бөмбөлөг нисч өнгөрөх үед хүмүүс зургийг нь дарж, цахим сүлжээнд нийтэлсэн. Цайвар, бөөрөнхий биетийг хиймэл дагуул гэж олон хүн боджээ. Янз бүрийн таамаг дэвшүүлж, хоёр улсын харилцааг хурцатгахгүй байхыг Хятадын тал хүссэн байна. Хятад улс тайлбар хийсэн хэдий ч энэ үйл явдал нь Энтони Блинкений айлчлалыг хурцатгаж магадгүй юм. Учир нь Энтони Блинкен Баасан гаригт айлчлалаа эхлүүлэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. Блинкен айлчлалаа цуцалж нөхцөл байдлыг үл тоомсорлохыг хүсээгүй ч уулзалтын үеэр агаарын бөмбөлгийн тухай яриа давамгайлахыг хүсэхгүй байна гэжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ