Эрхлээд ханадаггүй зүрхийг чинь яалтай
Энхрий цайлган бүсгүй минь
Энгэрийн чинь үнэрийг мартаж чадамгүй
Энэ л насаараа би үгүйлж явах нь дээ
Ээ дээ, миний энхрий
Эелдэг дөлгөөн бүсгүй минь
Дутуу орхисон жаргалаа
Дуугаараа л би чинь нөхөж явах нь дээ….
….Д.Ганбаярын зөөлөн намуухан хоолой, амьд хөгжмийн. Тайзыг “Хурд” хэдийнэ эзэгнэжээ. Огшсон, хөөрсөн үзэгчид тэднийг даган дуулсаар.
Гадаа хүйтэн 30 градус хүрч, харин “Бөхийн өргөөн”-ий халуун 30 давж байх шиг. “Хурд”, Сараа, Чука, Ө.Уянга, У.Далантай, Д.Отгонжаргал, Г.Эрдэнэчимэг, Д.Банзрагч, Д.Намсрайноров бас “Мотив”. Тэнд дуулсан дуучдыг бүгдийг нь нэрлэвэл багагүй урт жагсаалт гарна.
Бөхийн өргөө хөл гишгэх зайгүй, бүх суудал нь битүү. Рок поп, сонгодог урлагийнхан, зохиолын дуучид нэгэн тайзнаа, нэгэн үдшийг доргиов. Тэр бол “B sound”-ын 10 жилийн ойн тоглолт байв.
Бөхийн өргөөнд урлаг соёлын тоглолт болох нь хэвийн үзэгдэл. С.Жавхланг тоглолтоо хийхэд Бөхийн өргөө нэг дүүрдэг, сар шинийн барилдаан болоход бас нэг дүүрдэг гэж үг бий. Тэгвэл “B sound”-ын “Баярлалаа” тоглолт Бөхийн өргөө дүүргэв, Бөхийн өргөө дүүрэв.
Хотын түгжрэлээс болдог уу эсвэл манайхны цаг барих соёл муу тул эртхэн очиж, суудлаа эзлэхийг чухалчлав. Үүдээр нь тоглолтыг үзэхээр найман настай балчираас наян настай хөгшид дугаарлан зогсож байв. Тоглолт эхлэхэд нэг цаг дутуу. Гэхдээ хүмүүс суудлаа эзлэхийн тулд үүдээр чихэлдэн, хамгаалагчдад ачаалал үүсгэх. Монголчууд хэзээ дугаарлаж сурна даа гэх бодол толгойд зурсхийв.
Шахцалдаан дунд арай гэж суудлаа эзэгнэж, тоглолтыг хүлээлээ. Хөшиг нээгдэж, амьд гитарын аялгуунд саяхан л шаагилдаж байсан заал нам гүмхэн боллоо.
Энэ жил “B sound”-ын 10 жилийн ой тохиож байгаа аж. Тус продакшн өнгөрсөн 10 жилийн хугацаанд 300 гаруй хандивын тоглолт зохион байгуулсныг хөтлөгч үзэгчдэд дуулгав. Мөн 100 гаруй тоглолтоор үзэгчдийнхээ сонорыг мялаажээ. “B sound”-ын үүсгэн байгуулагч Б.Болд урлагийн залуу үеийн төлөөлөл. Дуулна, продюссерлэнэ. Тиймдээ ч, тус продакшнийн ойд урлагийн тэр чигтээ очиж “үйлчлэв”. Энэ бол “B sound”-ын нэр төрийн үнэлгээ гэхэд буруудахгүй биз.
Гялалзсан хар нөмрөгтэй Сараа тайзыг эзэгнэнэ. Тэр яг “Хайрын бурхан” гэлтэй. Одоогоос залуухан байхдаа, олон жилийн өмнө дуулсан түүний “Хайрын бурхан” яг шинээрээ бас ХИТ-ээрээ. Сараа зууны манлай дуучин гэдэгтээ маргахыг аргагүй юм байна, бууж өглөө.
У.Далантай МУГЖ С.Эрдэнэцэцэг нар олон жилийн өмнө хамтран дуулсан “Сэтгэлийн үг”-ээ тэнд дэлгэв. Тэдний фэнүүд ч танхим дүүрэн. Д.Отгонжаргалын ятга мэт хоолой, Г.Эрдэнэчимэгийн “шанзны” аялгуу мэт уянга дуу… Үзэгчид тэдний дуу болгоныг даган дуулна.
Уянгын намуухан дуунд автаж байсан танхимын доргиож тайзнаа “Мотив” гарч ирлээ. Тэд “Цасан бороо” дуугаа өргөж, үзэгчид суудлаасаа босоод бүжиглэх нь тэр.
Ойн баярын гол эзэд мэдээж Б.Болд, Х.Мөнгөнцэцэг. Хэдэн жилийн өмнө дуулианы эзэд болж байсан тэд өнөөдөр гурван хүүхдийн аав, ээж болжээ. Мөнгөнцэцэгийн намуухан, Б.Болдын зөөлөн хоолойноос хайр л урсана, сонсогдоно. Амьдрал хайр дээр тогтдог нь тийм ч биз, үгүй ч биз. Гэхдээ “B sound”-ыг тоглолт хайраар дүүрэн байлаа. “Баярлалаа”, “B sound”. Битгий энэ эрчээ алдаарай.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ