Төрийн ордонд өнөөдөр /2023.02.03/ “Малчин эмэгтэйчүүдийн манлайлал” зөвлөгөөн боллоо. Энэ үеэр малчин эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлаар тэдний байр суурийг сонслоо.
Увс аймгийн иргэн Ч.ТУЯА:
-Монгол орон нүүдэлчин өв соёлыг тээж байгаа онцлогтой орон. Түүний дундаас энэ үүргийг манай эмэгтэйчүүд тээж явдаг. Өглөө ургах нарнаас үдшийн бүрий хүртэл манай эмэгтэйчүүд тасралтгүй малаа маллаж, орон нутгийн амьдралыг урагшлуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төр нийгмийн бодлого тодорхой хэмжээнд дутагдаж байна.
Малчид нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байна. Энэ хэмжээгээр тэтгэвэр тэтгэмж авах эрх зөрчигдөж байна. Энэ талын бодлогыг төр засаг сонсоосой.
Сүхбаатар аймгийн иргэн М.САРАНТУЯА:
-Намайг М.Сарантуяа гэдэг. Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас оролцож байна. Өнөөдрийн чуулганд өөрийн урласан Дарьганга дээлийг өмсч оролцож байгаад баяртай байна. Хамгийн гол нь үндэсний өв соёл болох Дарьганга дээлийг минь олон хүн таашааж байна. Цаашид үр хойчдоо энэ соёлыг уламжлах зорилготой ажиллаж байна. Дарьганга үндэсний эрт дээр үеэс уламжлагдсан дээл маш утга учиртай.
Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын иргэн С.РАЙЯА:
-Хөдөө орон нутагт мал дээр байгаа эмэгтэйчүүд гэрийнхээ эзэнд туслах ажил эрхэлдэг. Эдгээр хүмүүс сум, аймгийн төвийн эмэгтэйчүүдийг бодвол өөрийгөө хөгжүүлэх, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах, хүний эрхээ эдлэх талд дутмаг байдаг. Жишээлбэл, өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл хүүхдээ хүмүүжүүлэхээс авахуулаад хоол унд хувцас хунар бэлдэх зэрэг бүхий л ажлыг хийдэг. Гэхдээ хүний эрх талаасаа 24 цаг тасралтгүй хөдөлмөрлөж байна.
Хувь хүний хөгжил, соёл, мэдээлэл авах, хүмүүстэй харилцах талаар хоцрогдож байна.
Хөдөөд ямар байгаа билээ. Наад зах нь хүүхдүүдийнхээ дэргэд долоо хоногт нэг удаа усанд орох боломж хомс байна. Одоо малчин эмэгтэйчүүд орон нутагтаа очиход мөс үүрээд, хайлуулаад ундны усаа зохицуулж байдаг. Энэ эмэгтэй яаж гэртээ усанд оров гэж. Мэдээлэл яаж авах уу. Мэдээлээс хоцрогдсон хүн наад зах нь сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байна. Хөдөөд амьдарч буй малчин эмэгтэйчүүдийн нөхцөл хэцүү байгаа.
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн Т.ЗОРИГОО:
-Малчин эмэгтэйчүүд дээхэн үеэ бодвол ажил нь хөнгөрсөн. Байгалийн хатуу ширүүн уур амьсгалаас болоод гэнэтийн зүйл гарахгүй бол энгийн өдрүүдэд хүндрэлтэй асуудал нэг үеэ бодвол гайгүй болсон. Малчид ер нь олон хүүхэдтэй байдаг.
Жишээлбэл, хөвгүүдээсээ нэгийг нь малчин болгоё, охидууддаа боловсрол эзэмшүүлье гэдэг хандлагатай байдаг.
Тэгэхээр, эмэгтэйчүүд нь төв газар бараадаад боловсрол эзэмшээд явчихаар жендерийн талаасаа учир дутагдалтай байна. Энэ асуудалд төр анхаарч үзээсэй. Үүнээс гадна малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах асуудал орхигдож байна. Эрт илрүүлэг шинжилгээ улс орон даяар явагдаж байгаа. Гэтэл энэ шинжилгээнд малчин эмэгтэйчүүд яаж орохоо мэдэхгүй байна. Хөдөө сумдад мэдээлэл хүрч очихгүй байна. Суманд эрт илрүүлэгт орох боломж байхгүй шүү дээ. ЭМЯ үүнд анхаарч ажиллаасай.
Сүхбаатар аймгийн Халзан сумын иргэн Б.БОЛОРТУЯА:
-Би төрсөн цагаасаа аймагтаа амьдарсан. Манай сум орон нутагт цэвэр усны асуудал тулгамдаж байна. Цэвэр ус муугаас аль ч насны хүмүүсийн өвчлөл их байна. Ялангуяа элэг, шүдний өвчлөл бидэнд хамгийн их тулгамдсан асуудал болж байна. Манай нутгийн эмэгтэйчүүд ажилч, хөдөлмөрч мундаг эмэгтэйчүүд байдаг. Миний хувьд 2014 оноос хойш мал дээр гарсан. Үүнээс өмнө багийн эмч хийдэг байсан. Үүнээс гадна хүүхдүүд сургууль цэцэрлэгт ороход ээж нь хамт байх шаардлага гардаг. Энэ нь гэр бүлийн харилцаанд сөрөг талтай.
Хоёрдугаарт, мал маллахаар нийгмээс хөндий болдог. Мөн төр засгаас малчин эмэгтэйчүүд рүү хандсан бодлого сул байна.
Архангай аймгийн иргэн Ц.АМАРЖАРГАЛ:
-Аймагт хөдөлмөр эрхлэлтийн байдал харьцангуй бага байдаг. Би Улаанбаатар хотоос Архангай аймагт амьдраад нэг жил болох гэж байна. Хувцас загварын салон ажиллуулдаг. Архангай аймагт 2-3 МСҮТ байдаг. МСҮТ-ийн оюутнуудыг ажиллах хүч гэж харж байгаа. Тиймээс оюутнуудтай хамтарч ажиллахаар гэрээ хийсэн. Бэлэг дурсгал Архангай аймагт хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн. Гэхдээ орон нутгийн тэр болгон бараа бүтээгдэхүүн хийж, зарж борлуулж чаддаггүй.
Холбоотой мэдээ