Гандангийн дэнжийг газарт оруулъя!

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Гандангийн дэнжийг газарт оруулъя!

Гандангийн дэнжийг газарт оруулъя!

Хавар болохоор  хог буртаг, үнс нурам нь хийсч, баас шээсний үнэр ханхалдаг газар бол Гандангийн дэнж. Өдгөө энэ газар 00 шинээр ухах ч боломжгүй болж, газар нь дууссан.

Товчхондоо агаар, хөрсний бохирдол нь чинээндээ тулсан бүс гэж хэлж болно.

Судлаачид Гандан орчмын гэр хорооллыг газарт оруулж, барилгажуулах шаардлага бий болсон тухай хөндөж ирсэн ч хэрэгждэггүй нэг ажил болж хувирсан юм.

Засгийн газар өнгөрсөн жил Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгон зарласан. Учир нь, гадаадаас Монголыг зорин ирдэг жуулчдын дийлэнх нь Гандантэгчинлэн хийдийг үзэхийг хүсдэг аж.  Бусад улс орны шашны сүмүүдтэй харьцуулахад нэг их үзүүлж харуулах зүйлээр илүүрхэх зүйл байхгүй ч жуулчдын нүд хужирлах газар болгохын тулд Засгийн газар эхний удаад 24 тэрбум төгрөг зарцуулахаар болж, шийдвэрлэсэн. Энэ нь зөвхөн жуулчны бүсийг хөгжүүлэх зураг төсөл боловсруулахад зарцуулагдах хөрөнгө аж.

Гэхдээ хотын захиргаанд бараг 20-иод жилийн өмнө боловсруулж, батлуулсан Гандангийн дэнжийг хөгжүүлэх төлөвлөгөө байдаг ч мухардалд орсон төсөл гэж хэлж болох нь. Учир нь, оршин суугчид, аж ахуй нэгжийн эзэд газраа зах зээлийн үнээс хэт өндөр буюу тэрбум, тэрбумаар үнэлдгээс энэ ажил хэрэгжилгүй өнөөдрийг хүргэжээ.

Засгийн газраас Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгосноор айл өрхүүд нь хотын захиргааг дэд бүтэц татан өгч, тохь тухтай орчинд амьдрах орчин нөхцөл шаардах нь уу гэтэл хөдлөх шинжгүй нь.

Одоогийнхоо байгаа нөхцөлд амьдрах сонирхол нь давамгайлж буй юм. Энэ тохиолдолд Гандангийн дэнж аялал жуулчлалын бүс болж хөгжиж чадахгүй, эсрэгээрээ монголчууд өмхий хотод амьдардаг гэдэг мессежийг гадаадынханд өгсөн, сөрөг сурталчилгаа л болно.

Судалгаагаар энэ бүсийн хүн ам 5000 гаруй. Нийт өрхийн 630 гаруй нь гэр сууцанд, 769 өрх байшинд, 238 өрх орон сууцанд амьдардаг бол 170 гаруй аж ахуй нэгж  үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Ер нь энэхүү дэнжийг газарт оруулах бодит шаардлага бий гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз. Улаанбаатар хотын захиргаа хөрөнгө мөнгөө хаясан шиг хаяад албадаад ч болов газарт оруулж барилгажуулахгүй бол хотын захын гэр хорооллууд барилгажиж, утаанаасаа салсан ч Гандангийн дэнжийнхэн хог новш, өмхий самхайтайгаа зууралдсан хэвээр аж төрж сууж мэдэхээр л байна.

Агаар хөрсний бохирдлыг бууруулах асуудал бол нийтийн эрх ашигт нийцэж явах ёстой ажил болохоос нэг хэсгийнхний ашиг хонжоо хардаг ажил болж хувирах ёсгүй. Иймээс хотын захиргаа энэ бүсийнхэнтэй хэлэлцээ хийж, газрыг нь эдийн засгийн өнөөгийн үнэлгээгээр үнэлэн худалдан авч, барилгажуулахгүй бол ая талыг нь харна гэвэл ахиад 10 жил өнгөрөхөд хог шороо нь бургисан, үнс нурамдаа дарагдсан, угаадас нь нийтийн зам талбай руугаа урссан, өмхий нь үнэртсэн хамгийн бохир жуулчны гудамж болж, нэрлэгдэхийг үгүйсгэх аргагүй.

Улаанбаатар хот хоёр удирдлагатай болсны хэрэг юу билээ. Дээр нь Баянголоос УИХ-д сонгогдсон гишүүд ч энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагтай, иргэн хаана оршин амьдрах нь хүн бүрийн эрх боловч, нийтийн эрх ашиг гэдэг зүйлийг нэгдүгээрт тавиагүйгээс өнөөдрийн энэ их асуудлууд үүсч буйг ч хаа, хаанаа хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ. Хэдий болтол Гандангийн дэнжийнхний ая талыг харж, хажуу хавирганд нь амьдардаг хүмүүс ч агаар, хөрсний бохирдолд нь эрүүл мэндээ хохироох юм бэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж