Удахгүй болох цагаан сарын баярыг угтаж нохой устгалын ажлыг эрчимжүүлэх талаар Нийслэлээс мэдээлсэн. Тодруулбал, өдөрт 50-60 золбин нохой, муур устгадаг байсан бол сар шинэ хүртэлх хугацаанд өдөрт 480 хүртэлх нохой, муур устгах аж.
Албан бус статистикаар нийслэлд 400 мянган золбин нохой байдаг бөгөөд иргэд хороо, дүүрэгтээ санал хүсэлт гаргаж байгаа учраас устгалын ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарчээ.
Мөн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа Цагаан даваанд нохой унтуулдаг үйлдвэр байгуулах талаар мэдэгдсэн. Тэрбээр, нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянгыг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас ирүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цагаан даваанд нохой унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа.
Буу барьж нохой устгах нь зохисгүй. Тиймээс тус үйлдвэрийг барих нь зүйтэй гэж үзсэн гэсэн юм.
Мөн үүнтэй зэрэгцээд иргэд цахим хуудастаа өнгөрсөн саруудад нохой, муур устгал хийгдэхгүй байсан бол энэ сараас хашаандаа байгаа нохойг зөвшөөрөлгүй устгаж байгаа талаар бичиж байгаа. Үүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын газраас дараах тайлбарыг өгсөн юм. Тодруулбал, өнгөрсөн намар Орос, Украины дайн болон шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бууны сум хомсдож, өнгөрсөн наймдугаар сард үнэ нь нэмэгдсэн. Тиймээс тухайн үед нохой, муурыг бага хэмжээгээр буюу дуудлагын дагуу устгаж байсан. Харин одоо золбин нохой, муур устгах ажил хэвийн үргэлжилж байна.
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд явж байгаа нохой хүзүүвч, ямар нэгэн таних тэмдэггүй тохиолдолд эзэнгүй, золбин нохой гэж устгах арга хэмжээ авдаг. Үүнд хариуцлага хүлээх боломжгүй.
Түүнээс айлын хашаанд байгаа гэрийн тэжээвэр амьтныг бид устгадаггүй. Иргэн зайлшгүй шаардлагатай тохиолдолд дуудлага өгч, мал эмнэлгийн газарт хандаж эм, тариагаар унтуулах, эсвэл манайд хандаж устгуулах тохиолдол бий. Эзэнтэй нохойг устгалын компани дур мэдэж бусдын хашаанд байгаа эзэнтэй нохойг устгадаггүй болохыг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ