Хойд Солонгосын засгийн газраас 500 хүртэлх тооны цэрэг, цагдаагийн алба хаагчийг Украины салан тусгаарласан Донецк, Луганск мужууд руу илгээхээр төлөвлөж байгааг мэдээлжээ. ОХУ нь эзлэн авсан Украины энэ хоёр мужид бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэж буйгаа зарласан. Уг бүтээн байгуулалтад оролцохоор Хойд Солонгосоос цэргээ илгээхээр ярилцаж байгааг Орос дахь эх сурвалж Өмнөд Солонгосын "Daily NK" сонинд мэдэгджээ.
Украин руу илгээх солонгос алба хаагчид нь 19-27 насны эрэгтэйчүүд байх бөгөөд олонх нь гэр бүлтэй гэнэ. Тэднийг энэ хоёрдугаар сарын дунд эсвэл ирэх гуравдугаар сард Украин руу илгээхээр төлөвлөж байгаа аж. Хойд Солонгосын засгийн газраас өмнө нь хоёр салаа цэргийг бүрдүүлж, Украин руу илгээх гэж байсан ч хойшлуулсан аж.
Украиныг эзлэн түрэмгийлэх зорилготой Оросын өдүүлсэн дайнд Хойд Солонгос улсаас пуужингаар Москвад дэмжлэг үзүүлж байгааг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд мэдээлсэн. Түүнчлэн дайнд оролцож буй орос цэргүүдийн гутал, хувцсыг Хойд Солонгост оёж, нийлүүлж байгааг Украины хэвлэлд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-нд мэдээлж байв.
ЭХ СУРВАЛЖ: KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ