Геннисийн амжилтын эзэн Т.Тэнүүн

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Геннисийн амжилтын эзэн Т.Тэнүүн

“NEWS” агентлаг “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор Дэлхийн аварга, 19 настай Геннисийн амжилтын эзнийг  онцолж байна. Түүнийг Тамирын Тэнүүн гэдэг. “Гениссийн ном”- нд бичигдэхээр болсон түүний хувьд ой тогтоолтын спортоор тав гаруй жил хичээллэж байгаа аж. Ингээд түүнийг танилцуулъя.

ТАМИР ТЭНҮҮН

2003.03.10

Суралцаж буй сургууль

ШУТИС-ийн "Мэдээлэл холбоо технологийн сургууль"-ийн хоёрдугаар курсийн оюутан

Биеийн өндөр

170 см

Хэлэх дуртай үг

Эзэн хичээвэл заяа хичээнэ

Хайртай амьтан

Pikachu

                                                                         Сошиал хаяг      

Tenuun Tamir /facebook/, tenuuntennn /instagram/

-ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОНД ТАНЬ БАЯР ХҮРГЭЕ. АВАРГЫН ЦОМ АВСАН ТЭМЦЭЭНИЙХЭЭ ТАЛААР МАНАЙ УНШИГЧДАД ЯРЬЖ ӨГӨӨЧ?

-Ой тогтоолтын 31 дэх удаагийн ДАШТ маань өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулагдан нэгдсэн дүн нь сарын дараа зарлагдсан байдаг. Тухайн тэмцээнд ой тогтоолтын спортын 10 төрлөөр оролцсон байгаа. Тамирчин бүр 10 төрлөөр оролцож нийлбэр дүнгээ тооцуулан байраа эзэлдэг. Энэ тэмцээнд 23 орны нийт 403 тамирчин оролцсон. Энэ тэмцээнд оролцоод дэлхийн аварга болсноос гадна найман алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авсан амжилттай байгаа.

-ГЕНИССИЙН НОМД БИЧИГДЭХЭЭР БОЛСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙСАН. ОЙ ТОГТООЛТЫН 10 ТӨРЛӨӨС АЛЬ ТӨРЛӨӨР НЬ ХИЧЭЭЛЛЭДЭГ ВЭ?

-Би нийлбэр оноогоороо манлайлахын тулд бүх төрлийн оноогоо сайн байлгах ёстой. Тиймээс бүх төрөлдөө шаргуу бэлдэн жигд үзүүлэлттэй байхыг хичээдэг.  "Хурдны тооны марафон" төрөлд 5 минутад 624 цифр цээжилж алдаагүй санаснаар дэлхийн рекордын эзэн болж “Гиннесийн ном”- нд бичигдэхээр болсон. Ой тогтоолтын ДАШТ дээр эвдэгдсэн рекордууд автоматаар Гиннесийн номд бичигдэх эрхтэй байдаг.

ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ БОЛСОН ШАЛТГААН?

-Би бага байхаасаа сэтгэхүйн тоглоомуудаар тоглох дуртай хүүхэд байсан. Дунд ангидаа ой тогтоолтын спортын талаар олж мэдээд хичээллэх сонирхолтой санагдаж энэ спортод эргэж буцалтгүй дурласан байдаг. Одоо таван жил гаруй хугацаанд хичээллэж байна.

-АНХНЫ ТЭМЦЭЭНИЙ ДУРСАМЖАА ХУВААЛЦААЧ?

-Анхны тэмцээн 2018 оны Ой тогтоолтын УАШТ байсан. Тухайн үед туршлага муу маш их сандралаас үүдэн алдаа гаргасан байдаг. Анхны тэмцээн маань одоо гаргаж буй амжилтын маань гүүр юм.

-АЛИВАА ТЭМЦЭЭН УРАЛДААНД БЭЛТГЭЛ МАШ ЧУХАЛ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. БЭЛТГЭЛЭЭ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ?

-Бүх төрлөөрөө дагнан гэртээ болон академи дээрээ очоод бэлтгэлээ хийдэг. Мэдээж бэлтгэл хийх арга техник хүн бүр харилцан адилгүй байдаг. Миний хувьд гэртээ илүү их төвлөрч бэлтгэлээ хийх дуртай. Ганцаараа байхдаа өөрийгөө илүү мэдэрч чаддаг.

-АЛДААГҮЙ ТОГТООХОД ЯМАР АРГЫГ ИХЭВЧЛЭН АШИГЛАДАГ ВЭ?

-Ой тогтоолтын хамгийн хялбар арга бол “Төсөөлөх арга” юм. Ямар нэгэн тоо, хүн эд зүйл гэх мэтээр цээжилдэг. Тэгээд дараа нь зүйлээ төсөөлөлдөө тулгуурлан эхнээс нь бодож алдаагүй санадаг байгаа.

-ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХИЙН ДАВУУ ТАЛ НЬ ЮУ ВЭ?

-Дан ганц хичээл ном гэлтгүй амьдрал дээрх бүхий л зан төлөвийг суулгаж чаддаг спорт . Энэ спортоор хичээллэхийн хэрээр илүү их нухацтай, тунгаан бодох эргэцүүлэх чадвар нэмэгддэг. Түүнчлэн харилцах харилцаа, хандлага хийгээд сэтгэх чадвар илүү хөгжинө.

-ЦААШДЫН ЗОРИЛГООСОО ХУВААЛЦААЧ?

-Тэнүүний гаргаж буй үзүүлэлтүүд дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа ч гэсэн надаас илүү хэн нэгэн гарч ирэх учир ханаж болохгүй. Цаашид завтай үедээ тэмцээн, уралдаандаа оролцож амжилтаа улам бүр ахиулах болно. Ой тогтоолтоосоо гадна ирээдүйд технологийн салбарт IT инженер болохоор суралцаж байгаа. Хичээлээ сайн хийж чадварлаг боловсон хүчин болохын тулд ихэнх цагаа сургуульдаа зориулах болно.

-ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ ГЭЖ БУЙ ДҮҮ НАРТАА ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?

-Ой тогтоолтын спорт нь маш олон амьдралын чадварыг сургаж өгдөг. Бэлтгэл хийж байгаа бол сэтгэл зүрхээ зориулах нь маш чухал. Хамгийн гол нь тууштай байх ёстой. Хэдий шантарсан ч гэсэн өөрийгөө босгоод ирэх хүч, өөртөө итгэх итгэлтэй байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж