Төр оршиж байгаа цагт татвар буй гэх үг бий. Гэлээ ч ил байгаа эдийн засагт өндөр татвар ногдуулсан ч далд байгаагаа хянаж чадахгүй бол зарим хэсэг нь хохирч, нөгөө хэсэг нь хожно. Татварын шинэчлэлийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг УИХ одоогоос долоон жилийн өмнө баталж, 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан НӨАТ-ын тухай хууль Монгол Улсад хэрэгжиж буй.
Харамсалтай нь далд эдийн засгийг ил болгох гол зорилготой тус хуулийн хэрэгжилт зах, худалдааны төвүүдэд огт хэрэгждэггүй гэхэд хилсдэхгүй.
Эдийн засгийн харилцааг ил тод болгох, далд эдийн засгийг бууруулах нь шинэчлэн баталсан НӨАТ-ын хуулийн үндсэн зорилго. Энэ хуулийн үр дүнд эдийн засаг эрүүлжиж, санхүү, бүртгэлийн систем сайжрах, улмаар шинэ түвшинд гарах учиртай байсан. Гэтэл өнөөдөр томоохон зах худалдааны төвүүдэд НӨАТ-ын баримт өгдөг газар ховор. Үүнтэй иргэд ч хэдийнэ эвлэрч, НӨАТ-ын баримт авахгүй, хувийг нь хасуулъя гэх нь бий. Тиймээс татвар төлөгч аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдэд үүрүүлэх ачааг далд эдийн засаг үүсгэгчдэд жигд оноодог байх шаардлагатай.
УЛСЫН ХӨГЖЛИЙГ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ЧӨДӨРЛӨДӨГ
Хууль эрх зүйн орчин сайн байсан ч бодит амьдрал дээр хэрэгжилтгүй бол зохицуулалт байхгүй. Тодруулбал, урт хугацаанд эдийн засаг тогтвортой хөгжих боломж, бололцоог далд эдийн засагт хамаарах бүлэг үүсгэдэг.
Иргэд өндөр татвар, шимтгэл төлж, цалин орлого хүрэлцэхгүй, төрийн үйлчилгээ муу байгааг шүүмжилдэг. Гэхдээ зах, худалдааны төвөөс худалдан авалт хийхдээ НӨАТ-ын баримт өгөх шаардлага тавьдаггүй.
Энэ бол Монголд далд эдийн засаг цэцэглэх суурь болдог. Зөвхөн захаар зогсохгүй самарчид, үл хөдлөхийн худалдаа эрхлэгчид, тээвэрчид, цахим худалдаа эрхлэгчид гээд хуулийг гууль мэт харж, татвараас зугтаадаг хэсэг бүлэг бий. Тэгвэл эдгээр хүмүүст хариуцлага тооцохгүй байж эдийн засагт ил байгаа бүлэгтээ ачаалал дахин нэмнэ гэдгийг иргэд төдийгүй эдийн засагчид шүүмжлэх сэдэв болж байна. Өнгөрсөн 2022 оны хаврын чуулганаар Сангийн сайд Б.Жавхлан далд эдийн засагт Монгол Улс жилд 1,5-1,7 тэрбум ам.доллар алддаг гэдгийг онцолсон. Энэ нь нэг талаар эдийн засагт шууд нөлөөлж, нөгөө талдаа Авлигын индекс зэрэгт тодорхой хэмжээнд сөрөг үр дагаврыг бий болгож байгаа юм. Тиймээс зохицуулалтыг сайжруулж, хяналтын системийг хэрэгжүүлж эхлэх шаардлага өдөр тутамд үүсч байна.
ДАЛД ЭДИЙН ЗАСАГТ ХАМААРАХ БҮЛЭГ НИЙТ ОРЛОГЫНХОО 10 ХУВИЙГ ТАЙЛАГНАДАГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Сайн дураар орлогоо тайлагнан татвар төлдөг иргэдийг орлогоо нуун дарагдуулсан, далд эдийн засаг үүсгэсэн байж болзошгүйг мөн Сангийн сайд хэлсэн. Гэхдээ цалингийн орлоготой иргэдээс хувь хүний орлогын албан татварыг тогтмол авдаг хэр нь хувиараа бизнес эрхлэгчид татвараа үнэн зөв төлөхгүй байгаа нь шударга бус байна гэх санал гомдлыг ирүүлдэг байна. Эдгээр саналуудыг харгалзаж Сангийн яам ТЕГ, арилжааны банкнаас мэдээлэл авч, шалгажээ.
2022 онд тухайлбал, нотариатч 209 иргэн 3.3 тэрбум төгрөгийн орлого олсон гэж тайлагнасан байхад дансны гүйлгээгээр 45.2 тэрбум төгрөг олсон байж болзошгүй дүн гарсан байна.
Мөн хөл хорионы үеэр хөгжсөн цахим худалдаа эрхэлдэг 228 иргэн 2.1 тэрбум төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн ч 204.3 тэрбум төгрөгийн орлого олсон байж болзошгүй зэрэг нөхцөл байдал гарчээ. Эндээс харахад төр иргэдийн мэдээллийг авч ашиглаж, судалгаа хийж байгаа нь зохисгүй ч улсын эдийн засгаас харахад буруутгах аргагүй. Ажилчин ангийнхан орлогоо мэдүүлж, татвараа бодитоор төлөөд явж байхад нэг хэсэг нь нуун далдалж байгааг төр ийн мэдэх нь зөв. Дээрх статистикаас харвал Монгол Улсын зарим иргэн татвараас бултаж орлогынхоо 10 хүрэхгүй хувийг мэдүүлдэг байж болзошгүй байна. Хэрэв энэ үнэн бол зайлшгүй анхаарах асуудал.
ТАТВАРЫН ШАТАЛСАН ТӨЛӨЛТ ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛӨХ ҮҮ?
Өнгөрсөн онд баталсан Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын өөрчлөлт нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Уг татварын зорилго, хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр, шаталсан болон тансаг хэрэглээн дээр тавьдаг татвар нь олон улсад нийтлэг байдаг, сонгодог татварын нэг хэлбэр юм. НӨАТ-тай хэлбэр адил, суурь татвар. Хуучин социалист системд байсан улс орнууд татварын энэ нийтлэг хэлбэр рүү хожуу орцгоосон.
Монгол Улс шаталсан татварын хөнгөлөлттэй явж ирсэн болохоос биш нэмсэн шатлалын татвартай байгаагүй. Хэдийгээр шаталсан төлөлт 10 хувиас эхэлж байгаа боловч тооцоолоод үзэхээр бид бага орлоготой хэсгээсээ 4.8 хувийн татвар авдаг.
Сарын 10 саяас дээш буюу жилийн 120 сая төгрөгийн орлоготой иргэд нийт Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) төлөгч 816 мянган хүний 0.1 хувь нь болж, 1300 иргэн хамрагдаж байгаа. ХХОАТ-ыг ажиллаж буй хүмүүсээс суутган авах, иргэд өөрсдөө мэдүүлэх замаар сайн дураар төлөх гэсэн хоёр тусдаа хэлбэрээр тооцдог. Одоо зөвхөн эхний хэлбэр буюу суутган төлөлтөөс л бид 10 сая төгрөгөөс давсан хэсэг дээр л шаталсан татвар тавьж байгаа. Түүнээс биш орлогоо сайн дураар тайлагнан тооцдог хэсэгт үйлчлэхгүй, ногдохгүй, хуучин 10 хувийн аргачлалаар явна гэсэн үг юм. Тусдаа хоёр өөр ойлголт бүхий хэлбэрүүд юм. Шаталсан татвар нь орлогын тэгш бус хуваарилалтыг жигд болгодог төрийн бодлогын татварын хэрэгсэл юм. Нөгөө талдаа тансаг хэрэглээн дээр тавьдаг, аж ахуй нэгжүүд дээр ч тэр өндөр орлоготой нь их төлдөг татварын шинэчлэл юм. Энэ бол нэг өдөр хийдэг үйл явц биш гэж тайлбарласан.
Харин Татварын ерөнхий хуульд орсон хувь хүний дансны мэдээллийг татварын байгууллага шууд авдаг болсон өөрчлөлтийн талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал:
-Монгол ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахдаа татварын төлөгчийн банкны мэдээллийг татварын зорилгоор ил тод болгож, харилцан солилцох амлалт өгсөн. Үүний дагуу 2019 онд хийсэн татварын багц хуулийн шинэчлэлд уг заалтыг тусгасан.
Татварын эрсдэлтэй холбоотойгоор татвар төлөгчийн мэдээллийг зөвхөн Татварын Ерөнхий Газрын нууцын баталгаа гаргасан эрх бүхий 32 албан хаагч тухайн банкны мэдээллийг үзэж, ажиллах журамтай.
Энэ хүрээнд байгууллагадаа мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO27001 стандартыг нэвтрүүлээд ажиллаж байна. Эрсдэл үүсч болзошгүй, татвараас зугтах зайлсхийх үйлдэл гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн мэдээллийг авах хүсэлтийг тухайн банканд гаргаж, ажлын хэрэгцээнд ашиглаж байна. Уг авсан мэдээлэлтэй эрх бүхий 32 албан хаагч л танилцаж, судалгаа шинжилгээний зорилгоор албан хэрэгцээнд ашигладаг.
Ийнхүү далд эдийн засгийг ил болгох урт хугацааны хөтөлбөрүүдийн эхлэлийг тавьж байгааг албаныхан болон салбарын сайд нь мэдэгдлээ. Гол нь бодит байдалд далд эдийн засагт урсаж байгаа олон тэрбум ам.доллар чухам хэзээ татвар болж төлөгдөх нь анхаарал татаж байна.
Холбоотой мэдээ