Ичсэн хулгайчид эдийн засгаа ална!

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Ичсэн хулгайчид эдийн засгаа ална!

Ичсэн хулгайчид эдийн засгаа ална!

Нэгд, хавар ирж байгаа, хоёрт, синдром нь хөдөлсөн, гуравт, сонгуульд бэлтгэсэн горилогчид элдвийг санаж, сэдэх нь нэмэгдэв.  Угаасаа Монголын улстөрчид хувийн ашиг сонирхлынхоо төлөө гэрээ нурааж, оронгоо тонохоос сийхгүй. Нэр хөөж, улстөр хийж байвал эцсийн үр дагавар тэдэнд хамаагүй, хаданд чимээгүй.

Үүний хамгийн том жишээ нь, Гашуунсухайтын төмөр зам. Ашиглалтад орсон төмөр замаа Монгол Улс ашиглаж чадахгүй мухардчихаад сууж байна. Нэг километрыг нь нэг сая 460 мянган ам.доллараар барьсан төмөр замаар нэг тонн ч шороо зөөсөнгүй, нэг ам.доллар ч гаднаас орж ирсэнгүй. Улс төр талаасаа хоржоонтой, эдийн засгийн хувьд хохиролтой бүтээн байгуулалт гэвэл энэ л байх.   Монгол Улс нүүрсээ төмөр замаар биш авто машинаар тээвэрлэж буй нь манай гол өрсөлдөгч Оросод ашигтай. Нүүрс нь хямд, зардал өндөр байх нь  урд хөршийн ченжүүдэд хэрэгтэй.  Тэгэхээр улстөрчид гэнэт “энтертаймент” хийж,  төгрөг мөнгө яриад эхэлбэл ард нь улс төрийн асар том ашиг сонирхол бий гэсэн үг.  Том эдийн засагт хор, хохирол дагуулна гэсэн үг. Тоогоор их оролдвол эдийн засгаа татаж унагахын цондон юм.

1.

“Эрдэнэт” дээр нэмэгдээд “Эрдэнэс Тавантолгой” гэж улстөрчдийн сааж иддэг саалийн үнээ нэгээр нэмэгдсэн биш улсын хэрүүл зовлон хоёроор үржигдэв. Цагдаа нар нь шуудай нүүрсний хэрүүл хийж явах хойгуур гаалийнхан нь вагон нүүрсийг нүдээ аниад гаргачихдаг байсан баригдав. Төрийн өмч дэх ээлжит нэгэн авлига, хулгайн аалзны торыг нэхсэн нь Ардын намынхан болж таарав. Үндсэндээ,  “Эрдэнэс Тавантолгой” гэх төрийн өмчит компанийг тойрсон авлига, хулгайн үзүүрт Төрийн ордныхон сууж байгаа нь хуулийнхны зарласан нэрс, хэвлэлийнхний дэлгэсэн баримтуудаас тодорхой болов.

Авлигын мөнгөөр албан тушаалтнууд Зайсанд тансаг хаусандаа тарвалзаж байхад Баянхошуунд иргэд нь түлэх түлшгүй, идэх хоолгүй сууж байна. Ард иргэдийнхээ сарын цалингаар авлигачид аяга кофе авч ууж байхад авлигачдын аяга кофены мөнгийг олохын тулд иргэд бүтэн сар хөдөлмөрлөж  байна. Нэг хэсэг нь авлига хулгайн мөнгөө алтан гулдмай, тансаг оффис болгож байхад нөгөө хэсэг нь хоногийн хоолны ч мөнгөгүй сууж байна.

Хоногийн хоолоо яая гэж байгаа хүмүүст  хоногийн хоолыг нь булааж хөлжигсөд нь мөнгө амлаж, төгрөг тараая гэж байгаа нь ичгүүртэй, эмгэнэлтэй. Халамж бол хайр биш. Хайртай гэдэг үгийг тоглоомоор ч хэлж болдог.  Харин иргэдэд эрх баригчид хайр зарлаад эхэлбэл ард нь авлига, хулгай, луйвар бий гэсэн үг.

Нүүрсний хулгайн хэрэгт АТГ-аас нэр цохогдсон  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар нар “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг тараах тухай яриаг анх сэдэлжүүлсэн, сэвсэн.

Тэр ч бүү хэл, Тавантолгойн орд хаана байдгийг нь “мэддэггүй”-ээ гайхаж зогссон Б.Баттөмөр гишүүн "ЭТТ" дэлхийд байхгүй том орд. Нүүрсний нөөц нь 7.2 тэрбум тонн. Бид цаашид "Монголросцветмет", Салхитын ордыг ашиглаж буй "Эрдэнэс силвер", "Эрдэнэт","Дарханы төмөрлөгийн үйлдвэр" зэрэг хулгай нүүрлэсэн, төрийн өмчит компаниудаас иргэд ашиг хүртэх, тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх боломжийг нээнэ. Бид маш их баялагтай ч иргэд ядуу байна” гэж хээв нэг ярих болсон нь нүглээ наминчилсандаа биш. Нэгд, иргэдийн өөрсдийнх нь эсрэг уур бухимдлыг намжаах арга заль биз. Хоёрт, ар хударгаар нь авлига, хулгайгаа нуух гэсэн санаатай ч байж болно.  Нэг хүнд хоёр сая төгрөгийн ногдол тараая гэж албаартаж байгаа нь нэг ёсондоо “Ичсэн хүн хүн ална” гэдэгтэй адилхан юм.

Хоржоонтой нь, хоёр сая төгрөг тэдний хоногийн хоолны мөнгөнд ч хүрэхгүй. Хохиролтой нь, нэг литр шатахууныг шуудай төгрөгөөр авахад хүрнэ. Тэд улсаа тонохоо больчихвол уг нь улсаараа баян амьдрах боломжтой, Ц.Анандбазар шиг эсвэл Ш.Раднаасэд шиг.

2.

Талбайн жагсагчаараа танигдсан иргэн Б.Цэгмид гэнэт “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг иргэдэд тараахыг шаардах болсон олон нийт хайртай биш агаад олон нийтээс оноо авах зорилготой гэвэл гэнэн дүгнэлт болох биз.  Түүний үгийг сөрөг хүчний акц  гэж харах боломжгүй.  Харин хэн нэгний хямарсан эдийн засаг, бухимдсан иргэд дээр дөрөөлсөн хаврын улс төрийн “триллер” байх магадлал өндөр, органик нь цөөн, “оля” нарын санхүүжүүлдэг жагсаал элбэгшсэн цаг дор шүү дээ. Өвлийн жагсаалыг “өнгөлсөн” жүжигчин Ө.Цогтбаярыг машин сольсон, барьсан гээд олон нийт хардаад эхэлчихсэн байна лээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг нэрээр төгрөг тараавал хүссэн ч, эс хүссэн ч инфляцийн давалгаа үүснэ.  Талх тариа, гурал будаа, мах сүүний үнэ өснө. Нэг халаасанд чинь 100 мянган төгрөгийн ногдол ашиг орлоо гэхэд нөгөө халааснаас чинь 200 мянга болоод гарна гэсэн үг. Засгаас томилогдсон БЭТ нь “Эрдэнэс Тавантолгой компани 2.5 их наядын өртэй гэсэн байна лээ. Энэ нь, “Эрдэнэс Тавантолгой” бараг дампуурлыг байдалтай байна гэсэн үг. 7.2 тэрбумын нүүрсний нөөцтэй, дэлхийн гиганттай хаяа залгаж байгаа уурхай шүү дээ. Хонио боохойд хадгалуулна гэдэг чинь энэ.

Ногдол ашиг өгөх нэрээр төгрөг хэвлээд тараавал үнийг барьж дийлэхгүй болно. Валютын нийлүүлэлт сайжраагүй нөхцөлд төгрөг тараавал төгрөг цаас болох нь мэдээж. Тэгээд ч Монгол Улс өмнө нь өчнөөн мөнгө халамж болгож тараасан, эдийн засгийн үр өгөөж нь юу байв. Энэ бол нэг асуулт.

Жишээ нь, Сү.Батболдын Засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой”-г Хятадын Чалько компанийн барьцаанд тавьж, 250 сая ам.доллар авснаа “эх орны хишиг” нэрээр тараасан. Эцэст нь архидалт, салалт нэмэгдсэн.

Ч.Сайханбилэгийн засгийн үед “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан, У.Хүрэлсүх 2020 онд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг гэж 179,8 тэрбумыг тараасан ч иргэдийн амьдрал бахь, байдгаараа л байна. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг төгрөгөөр тараах биш эрүүл мэнд, боловсрол, нийгэмд хөрөнгө оруулалт болговол улсын хөгжил, иргэдийн амьдрал нэмэртэй.

Гэхдээ “Голомт”-ын Д.Баясгалан, Х.Баттулга хоёр шиг төсөл хэлбэрээр, төрийн нууц нэрээр луйвардчихаж болохгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанид иргэдийн хяналт оруулъя гэвэл 1072 ширхэг хувьцаагаа зарах, наймаалцах эрхтэй болгочих. Ногдол ашиг тарааснаас  илүү олон нийтэд хэрэгтэй, нэмэртэй шийдэл болно. Хамгийн гол нь ичсэн хулгайчдын аманд унаж, эдийн засгаа битгий түймэрдчихээрэй дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж