Барууныхны анхаарлаас гадна үлдсэн Мьянмар

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Барууныхны анхаарлаас гадна үлдсэн Мьянмар

Барууныхны анхаарлаас гадна үлдсэн Мьянмар

Мьянмарт цэргийн эргэлт гарсны хоёр жилийн ой өнгөрсөн Лхагва гаригт тохиолоо. Цэргийнхэн төрийн эрх мэдлийг гартаа авч, улс орон үймж байхад гадаадын удирдагчид тэдэнд бараг анхаарал хандуулсангүй.

Янз бүрийн бүлгэм, арми, хувь хүмүүсээс бүрдсэн сөрөг хүчнийхэн тулааны талбарт ихээхэн амжилт үзүүлж буй ч цэргийнхний харгис хэрцгий хэлмэгдүүлэлт байсаар байна. Цэргийнхний эсрэг тэмцэхийн тулд сөрөг хүчнийхэн барууны орнуудаас зэвсгийн тусламж хүссэн. Гэвч барууныхан эл хүсэлтийг үл тоомсорлосон юм. Гэтэл Украины дайнд үзүүлж буй тэдний хариу арга хэмжээ тэс өөр байгаа аж. Хоёр мөргөлдөөн хоорондоо ижил төстэй биш ч гэлээ Украин олон улсыг цочролд оруулж, Мьянмар харин анхаарлаас гадуур үлдэв.

ХАРИЗМАТИК УДИРДАГЧ БАЙХГҮЙ

Мьянмар ийнхүү анхаарлаас гадуур үлдсэн шалтгаануудын нэг бол тэдэнд өөрийн гэсэн харизматай, нэр хүндтэй удирдагч байхгүй явдал юм. Аун Сан Су Чи болон бусад олон нийтийн зүтгэлтэн хоригдож байгаа тул тэд олон нийтэд танигдахуйц нүүр царайгүй болжээ. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дува Лаши Ла гэдэг хүн байгаа хэдий ч түүнийг дэлхийд байтугай үндэстэн дотроо ч бүрэн хүлээн зөвшөөрдөггүй. Дува Лаши Ла нь хойд нутгийн Качин үндэстэн дундаа хүчтэй нэр хүндтэй нэгэн юм. Тэр “YouTube” гэх мэт олон нийтийн цахим сүлжээгээр хааяа л царай төрхөө харуулдаг.

Гэтэл Украины ерөнхийлөгч Владимир Зеленский дайны үеийн командлагч болж хувирсан нь түүнийг дэлхий дахинд асар их нэр хүндтэй болгосон. Зеленский гадаадын парламентад болон бусад чухал олон улсын уулзалтад үг хэлж байв. Түүний байнгын хүчин чармайлт ард түмэнд нь урам зориг өгч, Украины далбааг дарангуйллын эсрэг тэмцлийн хүчтэй бэлгэ тэмдэг болгосон юм.

БУРХАН, ЧӨТГӨР ХОЁРЫН ЯЛГАА

Украинчууд дижитал тулааны талбарыг ч эзэмшжээ. Тэд бурхан, чөтгөр хоёрын ялгааг онцлон харуулахын тулд дижитал тулааны талбарыг хялбархан ашигласан. Ингэснээр барууны орнууд тэдэнд бэлгэдлийн байдлаар ч, материаллаг байдлаар ч тусламж үзүүлэхээс өөр аргагүй болжээ.

Харин мьянмарчуудын хувьд үндэс угсаа, хэл шинжлэл, газар зүй, үзэл суртал, түүх гээд нарийн төвөгтэй олон хүчин зүйлээс болоод өөрсдийн тухай эерэг түүх цуглуулахад хэцүү байдаг. Аун Сан Су Чигийн засгийн газрын үед буюу 2017 онд рохинжа үндэстнийг хоморголон устгасан явдал тэдний олон улсад үнэлэгдэх эерэг дүр төрхийг булингартуулж орхижээ. Үүний дараа 2019 онд Су Чи Олон улсын шүүхийн өмнө цэргийнхний үйл ажиллагааг хамгаалах шийдвэр гаргасан нь гадаадын удирдагчдын үзэл бодлыг эрс өөрчилсөн. Мьянмарчууд рохинжа үндэстний эсрэг ийн хатуу харьцаж байгаа тул тэд барууныхны өрөвдөх сэтгэл, дэмжлэгийг хүртэх эсэх нь тодорхойгүй байна.

Газарзүйн байрлал бол бас нэгэн чухал хүчин зүйл юм. Стратегийн ач холбогдол талаас нь бодсон ч Мьянмар нь барууныхны хувьд үргэлж хойшлуулж болохуйц асуудал байжээ. Гэтэл Украин нь стратегийн өрсөлдөөний талбар байсаар ирсэн 100 гаруй жилийн түүхтэй улс юм. Ялангуяа барууны орнууд болон Оросын засгийн газрын хоорондох сөргөлдөөнийг энд онцлох хэрэгтэй. Цөмийн зэвсэгтэй ОХУ сүүлийн 10 жилийн хугацаанд Украинд хоёр дахин халдсан явдлыг барууны орнууд геополитикийн нэн тэргүүний аюул гэж үзэж байна. Тиймдээ ч зөвхөн АНУ л гэхэд дангаараа Украинд 50 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд үүний тал хувь нь цэргийн тусламж байв. Мьянмар нь геополитикийн ач холбогдол багатай тул олон улсын хамтын нийгэмлэгүүдийн ихэнх нь тэдэнд цэргийн дэмжлэг үзүүлэхээс татгалзаж байна.

Засгийн газрын эсрэг армийг дэмжих зорилгоор Мьянмарт хууль бусаар оруулж ирсэн зэвсгүүд нь хөрш орнуудаар буюу Тайланд, Энэтхэгээр дамжин орж ирж байжээ. Гэвч өнөөдөр Тайланд, Энэтхэгийн удирдагчид Мьянмарын эмх замбараагүй байдалтай гүнзгий хутгалдах сонирхолгүй байна. Тиймээс Мьянмарын цэргийн хунта Орос, Хятадаас худалдаж авсан, эсвэл АНУ, Япон, Франц зэрэг орны компаниудын эд ангиудыг ашиглан дотооддоо үйлдвэрлэсэн зэвсгээр нөөцөө бүрдүүлжээ. Гадаадын орноос зэвсгийн хангамж байхгүй тул дайчид олон нийтийн санхүүжилтыг ашиглаж байна.

Гааг дахь Олон улсын шүүх дээр Мьянмар, Украины геноцидын хэргүүд шийдэгдээгүй хүлээгдэж байна. Украины геноцидын хэргийг нээгээд 12 сар ч болоогүй байхад барууны нийт 33 улс албан ёсоор хөндлөнгөөс оролцсон. Гэтэл рохинжа үндэстэнтэй холбоотой Мьянмарын хэрэг 2019 онд эхэлсэн байтал нэг ч улс албан ёсоор хөндлөнгөөс оролцоогүй байна.

Украиныг дэмжих нь ардчиллыг дэмждэг гэдгээ үзүүлэх боломж гэж барууныхан харж байна. Барууны цэргийн хүчийг бүслэлтэд байгаа ардчиллыг дэмжихэд ашиглаж болдог гэдгийг Украины дайн олон жилийн дараа тодорхой харууллаа. Хэрвээ Украинд үзүүлж буй дэмжлэгийн багахан хэсгийг Мьянмарт үзүүлдэгсэн бол хэзээ нэгэн цагт Азийн зүрхэнд цэцэглэн хөгжиж буй ардчилсан улсыг байгуулах боломж тэдэнд олдож магадгүй юм.

Эх сурвалж: THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж