Сонгууль ойртож, УИХ-ын гишүүд автобусаар зорчих болов

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Сонгууль ойртож, УИХ-ын гишүүд автобусаар зорчих болов

Сонгууль ойртож, УИХ-ын гишүүд автобусаар зорчих болов

Намрын чуулган завсарласнаар УИХ-ын гишүүдийн чөлөөт цаг нэмэгдэв үү, эсвэл ээлжит бус сонгууль зарлагдаж болзошгүй нь автобусаар зорчих “донд” хөтлөв үү.

Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатарын автобус хүлээж зогсоо эмо зураг сошиал орчинд тарж, шуугиан тарьсан бол өчигдрөөс УИХ-ын гишүүн Т.Доржхандын автобусаар зорчиж байгаа зураг олны нүдийг хужирлав.  Тэрбээр ард иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсч буй юм байх. Энэ тухайгаа УИХ-ын гишүүн Т.Доржханд "“ХҮН “Хамтдаа өөрчилье” аяныг Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт эхлүүлж байна. ХҮН иргэддээ бэлэг тараахгүй, мэдээлэл түгээнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яагаад шаардлагатай, ямар өөрчлөлтүүд хийх вэ, үр дүн нь юу байх вэ. Яагаад шинэ Үндсэн хууль батлах боломжгүй вэ зэрэг бодит мэдээллүүдийг өгнө” гэж тайлбарласан.

Бас болоогүй ээ, цоо шинэ, сэлүүхэн автобусанд суусан байгаа юм. Хуучин автобусанд суух юм бол сандал суудал нь хэмхэрсэн, хир даагь үнэртсэн, цонх нь битүү цантай. Салхи сэнгэнээд л, хөл, гар хайраад л, түлш, шатахуун үнэртээд л, хар утаа хаяад л… Хэзээ дэлбэрэх бол гэмээр хэцүү шүү дээ. За тэгээд хүн ихтэй үеэр суух юм бол юун ард иргэдийн үгийг сонсох, манатай юм л болно.

Харин сайд Ж.Сүхбаатарын хувьд “Хариуцаж байгаа ажлынхаа шугамаар автобусаар зорчиж, хүлээх хугацаа зэргийг тооцохоор явж байх үед дарсан зураг байна билээ. Би өөрөө ч албаар тэр зургийг авахуулж, тавиулаагүй шүү дээ” гэх тайлбар хийсэн. Ажил үүрэг нь автобусаар зорчихоос аргагүйд хүргэсэн байх талтай ч сонгууль гэдэг зүйл улстөрчдийг ард түмний унаанд сууж, ажлаа ч, ард иргэдийн үгийг сонсоход хүргэв бололтойдог шүү.

Удахгүй УИХ-ын гишүүдээс нэг нь “Тойргийнхоо ахмадын цагаан сарын бэлтгэлийг нь хангахад дэм болохын тулд буузыг нь хийлцэж өгч, дэм боллоо” гэхчлэн тайлбар зүүж, зураг оруулаад эхэлбэл цочих хэрэггүй л болов уу.

Сар шинийн баяр дөхөхөөр УИХ, Засгийн газрын гишүүд тойргоосоо тодорсон Улсын мянгат малчин, Улсын аварга тариаланчдад шагналыг нь гардуулахаар морддог. Өнөө жил 11 аймгийн 100 гаруй сумдад өвөлжилт хүндрэн, зуд нүүрлэж болзошгүй болсон. Тиймээс цас малтсаар малчны хотонд хүрсэн адал явдалтай зураг оруулж, монголчуудыгаа хөгжөөх биз ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж