Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсан 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар,
"Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдсан ШУТИС-Технологийн эрдэс судлал, инновацын төвийн захирал, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо ГҮТББ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор С.Жаргалан танд сайн сайхныг хүсэж, геологи, эрдэс баялгийн салбарын хөгжлийг түүчээлэх арвин үйлсэд нь улам их амжилт хүсье!
С.Жаргалан нь геологийн үйлдвэрлэл, боловсрол шинжлэх ухааны салбарт тасралтгүй 37 жил ажиллаж Заамарын дүүргийн алтны хайгуулын ажилд оролцож 83 тн алтны нөөцийг илрүүлэх ажлаас ажлын гараагаа эхэлсэн ба 10 гаруй төсөл удирдан ажиллаж 20 гаруй төсөлд шинжээчээр ажиллажээ.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт 3 доктор, 20 гаруй магистр оюутныг удирдан төгсгөж, нэг сэдэвт бүтээл 2, ном сурах бичиг 3-ийг хамтран зохиож, олон тооны гарын авлага, 12 сэдэвчилсэн судалгааны төслийг удирдан боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, эрдэм шинжилгээний 50 өгүүлэл, 44 илтгэлийн хураангуйг гадаад дотоодын сэтгүүлд хэвлүүлсэн, Олон улсад болон Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагддаг мэргэжлийн болон салбарын томоохон хурлуудад улсаа төлөөлөн 81 удаагийн илтгэл хэлэлцүүлсэн.
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны УЗ-ын гишүүнээр 2008-2018, 2022 оноос ажиллаж сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн гурвалсан холбоог эрхэмлэн хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж ирсэн ба Монгол Улсын геологийн салбар дахь мэргэшсэн, зөвлөх инженер бэлтгэх ажлыг анхлан санаачлагчдын нэг бөгөөд сургалтын хөтөлбөрийг боловсруулан, хичээл зааж салбарын хөгжилд өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцаж байгаа судлаач, эрдэмтэн билээ.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО ГҮТББ
Холбоотой мэдээ