Хүүхдийн мөнгийг энэ оны нэгдүгээр сараас эхэлж 91 хувьд олгосноос УИХ, Засгийн газар Үндсэн хуулийн Цэцэд дуудагдан, баталсан хуулиа хамгаалах шаардлагатай болж буй.
Энэ асуудалд Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар, Сангийн яам хүүхдийн мөнгийг 91 хувьд олгохоор хууль боловсруулж батлуулсан нь хууль зөрчөөгүй гэдэгтээ 200 хувь итгэлтэй байна. Цар тахлын жилд хүүхдийн мөнгө өрхийн орлогыг дэмжих үүргээ гүйцэтгэсэн учраас 2023 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон өөрчилж, халамж гэж тодорхойлсон. Халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх учиртай. Энэ зарчмыг баримтлан нийт хүүхдийн 91 хувь гэж тодорхойлсон. Үндсэн хуулийн Цэц улстөржсөн шийдвэр л гаргахгүй бол Засгийн газар Үндсэн хууль зөрчөөгүй” гэж байр сууриа илэрхийлээд байна.
Хэд хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар Сангийн яамныхныг дуудан уулзах үеэрээ “Хүүхдийн мөнгө бол халамж биш, нийт хүүхдийн 91 хувьд мөнгө олгож байгаа нь буруу, Үндсэн хуулийн зөрчил үүсгэж байна” гэж мэдэгдсэн юм.
Үндсэн хуулийн Цэцэд нэр бүхий иргэд гомдол гаргасан бөгөөд эл асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах болж буй. Цэцээс гарсан шийдвэрийг УИХ хэлэлцэнэ. Иймээс УИХ Цэц ямар ч шийдвэр гаргасан байлаа ч нийт хүүхдийн 91 хувийг хүүхдийн мөнгөнд хамруулж буй хуулиа 100 хувь болгон өөрчлөх үү, эсвэл хэвээр үлдээх үү гэдэг нь олон нийтийн хувьд чих тавин хүлээх чухал асуудал болж хувираад байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ