Түгжрэлтэй тэмцэх бол торгуулиа ав, татвараа ногдуул !

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

Түгжрэлтэй тэмцэх бол торгуулиа ав, татвараа ногдуул !

Түгжрэлтэй тэмцэх бол торгуулиа ав, татвараа ногдуул !

Монголчууд ядуу зүдүү амьдрах болсноо шогшрох ч айл бүхэн автомашинтай, арга ядахад “халтуур” хийгээд хоолныхоо таван цаасыг олчих амин зуулгатай болсон нь нийслэлийн автозамд багталцдаггүй 700 мянга орчим тээврийн хэрэгслээс харж болно. Зарим өрх ам бүлийнхээ тоогоор автомашинтай болсон нь ч бий. Гэвч даацаасаа хэтэрсэн автомашинууд нь түгжрэл үүсгэж, нийслэлчүүд зам дээрээ хоног төөрүүлэх нь холгүй болсон.

Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн төвийн бүсээр зорчих бол замын нэмэлт төлбөр төлдөг байх зохицуулалтыг хуульд суулгахаар төсөл боловсруулж байгааг Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар мэдэгдсэн нь зөв алхам юм.

Хамгийн гол нь УИХ хуулийн төслийг дэмжин батлах нь чухал байна.

Учир нь, улс орнууд түгжрэлтэй тэмцэх зорилгоор эдийн засгийн хөшүүрэг хэрэглэж, үр дүнд хүрсэн нь олон ч монголчуудын хувьд “Амьдралын чанар тааруу” гэх хандлагаар энэ аргыг ямагт эсэргүүцэж, хойшлуулж ирсэн. Одоо харин хотын удирдлагууд энэхүү эдийн засгийн хөшүүрэг дээр нэгдмэл байр суурьтай байж, эсэргүүцлийг үл тоон мөнгөө төлсөн нь хотын төв хэсгээр зорчдог байх зохицуулалтаа хамгаалж, батлуулан хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудлаа шийдвэрлэх нэг гарц юм.

Хуулийг батлуулахад амаргүй даваа хүлээж мэднэ. Учир нь, энэхүү эдийн засгийн аргыг хэрэглэе гэхэд сонгуулиа бодоод УИХ-ын гишүүд эсэргүүцэж болзошгүй. Гэвч асуудлыг шийдвэрлье гэвэл үүнээс өөр арга байхгүй. Түгжрэлд алдаж байгаа цаг хугацаагаа бодсон ч, “шатааж” буй шатахуунаа бодсон ч буцах газар үгүй болсон. Хамгийн гол нь дээрх эдийн засгийн аргыг хэрэглэхийн өмнө нийслэл нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж,  асуудалгүй болгох нь чухал байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдээллээр нийтийн тээврийн парк шинэчлэлтийг  2024 онд ч үргэлжлэн хийнэ. Нийт 900 гаруй автобусыг шинэчлэх бөгөөд одоогоор 100 гаруй автобусыг Хятад улсаас оруулж ирэн, үйлчилгээнд гаргасан. Энэ сард багтаагаад дахин 100 гаруй автобус оруулж ирнэ. Дээрх жишгээр хоёр жилд багтаан парк шинэчлэлт хийнэ.

Зорчигчид шинэ автобусанд ам сайтай байгаа. Гол нь дараагийн шатанд оруулж ирэх автобусны багтаамжид анхаарч аль болох олон хүн зорчих боломжтойг сонгох хэрэгтэйг хэлэх болсон.

Ер нь олон улсын жишгээрээ нийтийн тээврийг хөгжүүлж чадсан цагт хүн бүр хувийнхаа машиныг унаж, илүү зардал гаргахыг хүсдэггүй. Харин Монголд хүн бүр автомашинаараа зорчихыг илүүд үздэг нь нийтийн тээвэр нь хүртээмжгүй, тав тухгүй, олон цагаар хүлээх болдог зэрэгтэй холбоотой. Тиймээс нийтийн тээврийн маршрутыг оновчтой болгож, богино эргэлтийн автобусны тоог нэмэгдүүлэх зэрэг тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх нь түгжрэлийг сааруулах бас нэг хөшүүрэг болохоор буй.

Нөгөөтэйгүүр, замын хөдөлгөөний дүрэм зөрчин дураараа авирладаг танхайчуудад ногдуулдаг хариуцлагын тогтолцоог ч чангатгах шаардлага байна.

Жолооч бүрийг зогсоож, зөрчил гаргасан эсэхийг нь хянах боломжгүйг ашиглан, удаа дараа зөрчил гаргадаг. Зөрчил гаргасан жолоочид торгууль ногдуулдаг ч түүнийгээ төлдөггүй. Зарим жолоочийн торгуулийн мөнгөн дүн 10 сая гаруй төгрөгт хүрсэн нь ч бий.

За тэгээд хүний эрх нэрийн дор, дарга, ард хоёрын амьдралын зөрүү их болсон зэрэг шалтгааны улмаас өршөөлийн хууль батлахыг шаардаж, торгуулийнх нь 50 хувийг хөнгөлөх хуулийг УИХ-аар баталсан ч торгууль төлөлт сайжраагүй хэвээр л байна.

Тухайлбал, Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш тээвэртэй холбоотой нийт 5,391000 зөрчил гарсан. Үүнээс 45 хувийнх нь торгууль төлөгдсөн бол 55 хувь нь төлөгдөөгүй.

2020 оны байдлаар авч үзэхэд 170 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан ч тал хувь нь төлөгдөөгүй байх жишээтэй.

Торгуулийг нь хөнгөлөх шийдвэр гаргасан ч төлөөгүй “хүнд гарууд” олон. Энэ мэтчлэн дүрэм зөрчсөн нь хожоод, дүрмээ баримталсан нь хохирдог асуудал ч гарах болсон.  Тиймээс дүрэм зөрчигч нь торгуулиа цаг хугацаандаа төлөөгүй тохиолдолд жолоо барих эрхгүй байх зэрэг хариуцлагыг ярихгүй бол торгуулиа ч авч чаддаггүй, танхайрсан жолооч нь дүрмээ ягштал мөрддөгүүдтэйгээ эн зэрэгцэн хөдөлгөөнд оролцож, түгжрэл үүсгэдэг зэрэг давуу эрх эдэлдэг байж таарахгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж