Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох Загребын нээлттэй тэмцээн өчигдөр/2023.02.01/ Хорватын нийслэлд эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 86 кг-ын жингийн барилдаанууд болж, Монголын гурван бөх барилдсанаас нэг алт, нэг мөнгөн медаль хүртэв. Тодруулбал, 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн. Харин 61 кг-д 23 хүртэлх нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубын тамирчин Н.Наранхүү мөнгөн медаль хүртэв.
Э.Тэмүүлэн 70 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн тамирчин Георгий Элбакидзед 2:8-аар ялагджээ.
Өнөөдөр Монголын бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 92 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал нар барилдана.
Холбоотой мэдээ