Шадар сайд С.Амарсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Та саяхан өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаад ирсэн. Орон нутгийн нөхцөл байдал ямархуу байна, зуд хэр их нүүрлэсэн байна вэ?
-Нийт 11 аймгийн 160 сумын өвөлжилт хүндэрч, цагаан болон хар зудтай байна. Хавар бүр их хүндрэх эрсдэлтэй. Зүй бусаар хорогдож буй малын тоо өдөр ирэх тусам хэдэн арван мянгаар нэмэгдэж байна. Энэ нь өнгөрсөн зуншлагатай холбоотой. Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завханы зарим сумдаар хүндэрч байна. Улсын нөөцөөс өвс тэжээл, шатахууны нөөцийг шийдвэрлэж байна. Хүнс хөдөө аж ахуйн сайд энэ долоо хоногоос хөдөө орон нутагт ажиллаад эхэлнэ. Миний хувьд баруун болон зүүн аймгуудад ажиллахаар төлөвлөж байна.
-Монгол Улс мялзангийн вакциныг өнөөг хүртэл аваагүй байгаагаас өвөлжилт илүү хүндрэх тухай мэргэжилтнүүд ярьж байна?
-Шүлхийн вакциныг Засгийн газраас хөрөнгийг бүрдүүлж, нөөцийг шийдвэрлэсэн. Малын мялзангийн өвчин зарим аймаг сумдад гарсан. Мал эмнэлгийн газар Хөдөө аж ахуйн яам зохион байгуулалтаа хийж ажиллаж байна. Вакцин татаж аваагүй гэх асуудал огт байх ёсгүй. Засгийн газраас төсвийг нь өнгөрсөн хавар шийдвэрлэж, Хүнс хөдөө аж ахуйн яамны төсөвт суулгаж өгсөн.
-Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Одоо яамдад очсон байцаагч нарын үйл жигдэрсэн үү?
-Бүгд харьяа яаман дээрээ ажилдаа ороод шинэ зохион байгуулалтаар ажиллаад эхэлж байгаа. Засгийн газрын хуралдаанд Д.Амарбаясгалан дарга мэргэжлийн хяналтыг татан буулгасантай холбогдуулж авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцыг танилцуулсан.
-Мэргэжлийн хяналтын 300 гаруй хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэдгээр хүмүүсийн гэнэт халагдсаны тэтгэмж төсөвт суусан уу?
-Ажлын байрнаас чөлөөлөгдөж байгаа хүмүүст ЗГХЭГ холбогдох байгууллагуудад өөр өөрсдийн төсөв хөрөнгийн хүрээнд асуудлаа шийдвэрлээд явж байна.
-Таныг хотын дарга байхад дүүжин тээврийн ажил эхэлсэн. Харин одоо дүүжин тээврийн ажил зогссон харагдаж байна. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?
-Уг нь ашиглалтад орсон байх ёстой. Харамсалтай нь хариуцаж байсан хүмүүс нь сонгуулиас болж солигдоод ажлаа “мэдэх мэдэхгүй, хийнэ хийхгүй” гэдэг янз янзын улс төрийн шалтгаан байсан. Гэхдээ Засгийн газраас энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон учраас одоо ажил нь идэвхтэй явж байгаа. 20 тэрбум төгрөг шилжсэн гэх асуудал байдаг . Энэ нь Францын гүйцэтгэгч компани, Сангийн яам хоорондын хэлэлцээрийн дагуу гүйцэтгэгч компанид урьдчилгаа төлбөр шилжүүлсэн гэдэг. Энэ бол хотын захиргаанаас биш Сангийн яамнаас шилжсэн мөнгө. Төслийн гүйцэтгэх шатанд зориулж шилжүүлсэн гэдэг мэдээллийг өгсөн. Угтаа энэ төсөл цаг хугацааны дагуу явсан бол 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсон байх ёстой. Одоо ажлын бэлтгэл ажил хийгдэж байна. Бидэнд өгч буй мэдээллээр ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар төслийн нэгжээс мэдээлэл өгсөн.