"Компостоор ганц мод тарих бус тариалан, бэлчээрийг ч шийднэ"

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

"Компостоор ганц мод тарих бус тариалан, бэлчээрийг ч шийднэ"

"Компостоор ганц мод тарих бус тариалан, бэлчээрийг ч шийднэ"

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Аригуунтай ярилцлаа. Түүний хувьд хүн амзүйч, эдийн засагч мэргэжилтэй хэдий ч ээж аавынхаа нөлөөллөөр мод үржүүлэг, биотехнологийн салбартай холбогджээ. Тэрбээр органик хог хаягдыг дахин боловсруулж, компост бордоо гарган авч, мод үржүүлэн цөлжилттэй тэмцэх хүсэлтэй нэгэн.


-Хэрхэн мод үржүүлэгтэй холбогдсон юм бэ?

-Манай аав 1993 онд Улан-Үдэд очоод нэгэн эрдэмтэнтэй танилцсан юм. 1999 онд нөгөө эрдэмтэн нэг бэлдмэл өгч явуулж л дээ. Түүнийг нь ашиглан манай ээж юм тарьж тухайн жилдээ манайхан их тарвас хурааж авсан. Харамсалтай нь, хойтон жил нь сайн ургаагүй. Ингээд ямар учиртай бэлдмэл ашигласан юм бол гэж судалсаар биотехнологитой танилцсан түүхтэй. Аливаа юмыг ургуулахад бид нарын харж байгаа шиг энгийн ажил биш. Цаана нь бичил биетүүдийн ертөнц, хөрсний үржил шим гээд яригдана. Ингээд 2000 оноос эхлэн манайх “Байгалийн тамир эм” гэх бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байлаа. Тэр нь үргэлжилж явсаар одоогийн мод үржүүлгийн төслийн суурь болсон юм.

-Танай төслийн онцлог нь юу вэ?

-Бид нар 2012 оноос хойш компост буюу органик хэрэглээг бордоо болгон дахин боловсруулж зах зээлд нийлүүлж ирсэн. Гэхдээ маш бага хэмжээгээр. Харин одоо мод үржүүлгийн төслөө яаж хэрэгжүүлэх вэ гэхээр модыг эко аргаар тарьж болно мөн эко биш аргаар тарьж болно. Жишээлбэл, зарим газрууд мод тарьж байна гээд жил бүр өөр, өөр газар мод тариулдаг. Энэ эко биш. Мод тарихаар л байгаль орчинд хэрэгтэй гэж боддог бол энэ эко биш. Бид нар модыг тарихын тулд нэг уулын хар шороог ухаж авчраад байвал нөгөө уулынхаа экологийн орчныг бохирдуулна шүү дээ. Хөрс бэлтгэлийн ажил гэж бий. Байгаль өөрөө хөрсийг 1-2 мянган жил боловсруулж, бүрдүүлдэг. Түүний цаана ашигтай бактериуд бий. Технологийг нь сайн ойлгочихвол 7-14 хоногийн дотор хэрэгтэй үр шимийг нь боловсруулах боломжтой. Үүнийг компостын технологи гэдэг.

Хотоос гарч буй органик хаягдлуудыг дахин боловсруулах замаар модныхоо хөрсийг бэлтгэдэг төсөл гэсэн үг. Өнгөрсөн жил бид 60-100 тонныг боловсрууллаа. Энэ жил мод тариалалтдаа ашиглах болно.

-Та төслийнхөө алсын хараа, зорилгыг тодорхойлсон уу?

-Монгол Улсын 76 хувь цөлжилттэй байна. Цөлжилттэй тэмцэх цорын ганц арга бол мод тарих мөн боловч энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Үүнээс өмнө хөрсийг нь бэлтгэх хэрэгтэй. Хөрсгүй газар мод ургахгүй. Би бол хөрс бэлдэнэ гэдэг гол ажил нь гэж үзэж байгаа. Тэрбум мод таримаар байгаа бол бидэнд 10 тэрбум компост хэрэг болно. Тэд нарыг үйлдвэрлэх суурь бидэнд алга. Ямарваа нэгэн том төслийг эхлүүлэхийн тулд суурь хэрэгтэй. Гамшиг болох эрсдэлтэй. Учир нь хүмүүс мод тарьж байна гээд зүгээр байгаа экологио устгаад түүний хар шороог авчраад тариад байвал гамшиг болно шүү дээ. Суурь, дэд бүтэц нь өөрөө компост. Үүнийг сайжруулснаар зөвхөн дан ганц мод тарих бус газар тариалан, бэлчээрийн даац гээд олон асуудлыг шийдэх боломжтой.

Органик хаягдал гээд бид ярьж байна. Манай нийт хог хаягдлын 30-40 хувь нь хоол, хүнсний хаягдал гээд органик хаягдал байдаг. Өвчин эмгэг үүсгэдэг, орчноо бохирдуулдаг хамгийн муухай хог хаягдал гэж үздэг боловч нөгөө талдаа Монгол шиг хөрс нь цөлжсөн газар хамгийн чухал түүхий эд, үнэтэй баялаг.

Энэ бол урт хугацааны ажил. Хог хаягдлыг боловсруулж сурах нь боломж.

-Хэрхэн компостыг гарган авдаг юм бэ?

-Энгийнээр хэлэхэд 60-70 градусын халуунд органик хаягдыг тавихад илжрэлт, ялзралт явагдаж эхэлдэг. Ялзралт нь дулаан үүсгэдэг. Дулаан нь өөрөө ариутгах процесс гэсэн үг. 60-70 градусыг тодорхой хугацаанд хадгалж чадвал муухай үнэр, өвчин үүсгээд байгаа бактериудыг боловсруулаад 14 хоногийн дотор ойртоод үнэртэхэд ойн хөрс шиг үнэртэй болно. Ойн хөрс бэлтгэх процессыг л 7-14 хоногийн хийнэ гэсэн үг.

-Энэ төсөл эрчимжих, цар хүрээгээ тэлэхэд юу саад болж байна вэ? Төрийн бодлого уу? Иргэдийн оролцоо юу?

-Иргэдийн ойлголт, боловсрол сайн байж зөв юмаа төрөөсөө шаардана. Иргэд сайн ойлголтгүй бол төр хэчнээн гоё санаа байгаад хэрэгжүүлсэн ч иргэд буруу тийшээ залаад явна. Миний бодлоор иргэдийн ойлголт, боловсролыг урт хугацаандаа сайжруулах нь чухал. Мод тарих ажлыг төр хийх ёсгүй. Энгийн иргэдийн оролцоо хэрэгтэй. Гэхдээ иргэд ямар мод нь экологид илүү үр өгөөжтэй юм бэ гэдгийг ойлго. Зүгээр нэг очоод зураг авхуулах биш ирээдүйд, үр хойчдоо байгаль үлдээх гэж байгаа бол ямар мод тарихаа мэддэг байх нь үнэ цэнтэй бөгөөд үр ашигтай арга.

-Монголчууд гадаад орны жишээг сонсох дуртай байдаг шүү дээ. Яг энэ компостыг ашиглан мод үржүүлгийн асуудлаа цогцоор нь шийдсэн улсаас дурдвал ямар улс байна вэ?

Манайд зөвлөх хийж байгаа эрдэмтэн маань Австрид олон жил байсан. Австрийн тухай жишээг би их сонсдог. Австрийн Вена хот тойроод органик хог хаягдлаа дахин боловсруулах 500 цэгтэй. Манайх компостоо Солонгосоос, Голландоос импортолдог. Уг нь яг л бид нарын яриад байгаа аргаар органик хаягдлаа дахин боловсруулаад л савладаг. Манай энэ салбар нь л хөгжөөгүй байна. Бүр үлгэр жишээ улс гэвэл Голланд л байна.

-Компостын үйлдвэрлэл хэр өртөг өндөртэй юм бэ?

-Дахин боловсруулах салбар бүхэлдээ өртөг өндөртэй. Уг нь хог хаягдал гаргаад буй иргэдээс татвар аваад хогийг алга болгож эсвэл дахин боловсруулж байгаа байгууллагуудад дэмжлэг өгдөг байвал дорхноо хөгждөг. Энэ байдлаар Солонгос хөгжиж байна. Ер нь барууны орнууд хөгжиж байна. Энэ зохицуулалт манайд ч хэрэгтэй. Одоо өргөн уудам газартай учир нэг газрыг нь талхлаад, үржил шимгүй болгоод нөгөө газар нь тариад яваад болох юм шиг харагдаж магадгүй. Үүнээсээ болоод ч бэлчээр, газар тариалангийн даац муудаж байгаа. Тийм учраас компостын зах зээл, хэрэглээг өргөжүүлэх худалдан авалт нь хангалттай биш байгаа. Одоо л ойлгох цаг нь дөхөж байна.

Айлууд гэртээ компост боловсруулж, хөрсний бохирдлоо багасгах боломжтой. Хөрсний бохирдлоо багасгана гэдэг бол юм тариад био давхарга бий болгох асуудал.

 -Органик хог хаягдлыг иргэд бий болгодог хэдий ч хог хаягдлаа ангилж ялгах тал дээр монголчууд дутагдалтай юм шиг санагддаг. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү?

-Би ангилж хаядаггүй гэж бодохгүй байна. Яг ангилах хүсэлтэй хүмүүс их бий. Гол нь заагаад өгчих хүн, хогийн сав нь алга. Япончууд хогоо сайн ангилдаг, монголчууд тийм биш гэж ойлгож болохгүй л дээ. Ялгаагүй. Систем нь л алга. Систем нь СӨХ дээр бүрдэх хэрэгтэй. Би өөрөө байрныхаа СӨХ-д орж ажилдаг хүн. Нэг зүйл анзаарагдсан нь монголчууд өөрсдөө оролцохгүй байж шүүмжлэх дуртай.  Шийдвэр гаргах процесст нь оролцохгүй атлаа загнаад л шаарддаг. Ядаж СӨХ-ны хуралдаа ирэхгүй байж “Манай СӨХ муу ажилдаг, ингэсэн, тэгсэн” гээд ярьдаг. Ардчилал бол оролцоо шүү дээ. Оршин суугч бүр СӨХ-ны хуралдаа оролцож, санал бодлоо илэрхийлж, хог хаягдлаа ангилах хүсэлтээ хэлж болно.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж