Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2023.02.01/ Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах чухал байгаа талаар мэдээлсэн. Тодруулбал, энэ ялгааг арилгахын тулд олон улсад туршигдсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлнэ гэсэн юм. Ийнхүү сургалтын чанар хангалтгүй байгааг салбарын сайд нь хүлээн зөвшөөрч, өөрсдөө шинэчлэлт хийхэд урт хугацаа шаардах учир олон улсаас туршлага судлахаар болжээ.
Хэрэв олон улсын стандартыг хэрэгжүүлбэл гурван жилийн дотор хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа бүрэн арилах аж.
БШУ-ны сайдын хэлснээр сүүлийн үед боловсролын чанарыг яаж дээшлүүлэх вэ гэдэг хүн бүхний асуудал болсон. Финланд боловсролоороо дэлхийд тэргүүлдэг улс. Хамгийн сайн сургууль гэж хамгийн ойрхон сургуулийг хэлнэ гэж Финланд үздэг. Гэтэл Монголд хамгийн ойрхон сургууль нь муу, чанаргүй сургууль гэсэн ойлголт бий.
Хот, хөдөө, хотын зах, төв, хувь, төрийн сургуулийн ялгаа өдөр шөнө шиг болсон. Яагаад заавал хувийн сургуулийн хүүхэд олон улсын стандарт хөтөлбөрөөр сурах гэж. Улсын сургуулийн сурагчид ч жишиг боловсрол эзэмших эрхтэй.
Ерөнхийдөө хөтөлбөрийн шинэчлэл хийвэл маш их цаг хугацаа орно. Тиймээс дэлхийн жишиг туршлагыг төрийн сургуульдаа нэвтрүүлье. Финландын математикийн платформ дэлхийн 170 гаруй улсад туршигдсан. Манай үнэтэй хувийн сургуулиуд энэ платформыг ашигладаг. Тэгэхээр бид хэлэлцээрт орж байна. Хот, хөдөөгийн 50 сургуульд энэ платформыг хэрэгжүүлнэ. Хэрэв туршилт амжилттай болвол 5-6 ангид улс даяар энэ платформыг хэрэгжүүлнэ. Цаашид амжилттай болбол төрийн сургуулиуд дээрээ авна. Гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээл оръё гэж зорьж байгаа. Гурван жилийн дотор хот, хөдөө, төр, хувийн хэвшлийн ялгааг арилгах хамгийн зөв гарц энэ гэж үзэж байгаа гэсэн юм.
Эцэг эхчүүдийн зүгээс үүнийг дэмжиж байгаа бөгөөд гол нь кембридж зэрэг хөтөлбөр шиг түр зуур хэрэгжүүлээд орхиж болохгүй гэдгийг илэрхийлж байна. Мөн хот, хөдөө ажиллах боловсон хүчний нөөц ялгаатай байгаа нь боловсролын чанарт нөлөөлдөг гол хүчин зүйл гэдгийг ч онцолжээ. Л.Энх-Амгалан сайд энэ асуудалд мөн анхаарч байгаагаа хэлсэн. Гэхдээ шийдэл гаргалгааг одоогоор тодорхой хэлээгүй.
Холбоотой мэдээ