ОХУ-ын арми Крымийн хойгийг эзэлсэн 2014 оноос хойш мянга мянга эмэгтэй сайн дураараа Украины зэвсэгт хүчинд элссэн. Сүүлийн есөн жилийн хугацаанд Украины армид хүчин зүтгэж буй эмэгтэй албан хаагчдын тоо хоёр дахин өсчээ. Улмаар эмэгтэй албан хаагчдын давалгаа 2022 оны хоёрдугаар сард Оросын бүрэн хэмжээний довтолгооноос хойш дахин нэмэгдсэн байна.
Украин 1991 онд Зөвлөлтөөс туурга тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарласнаас хойш тус улсын армид эмэгтэйчүүд алба хааж эхэлсэн. Гэхдээ 2014 он хүртэл туслах дүрийн үүрэг гүйцэтгэх маягтай байжээ. Улмаар 2016 оноос тулааны үүрэг гүйцэтгэж, 2022 оноос цэргийн албаны бүх үүрэг тэдэнд бүрэн нээлттэй болсон байна. Олон эмэгтэй албан хаагч армид эмч гэх мэт тулааны бус үүрэгтэй байдаг ч зэвсэг барин тэмцдэг бусадтайгаа яг л адилхан хүнд хэцүүг туулж, аюулд ойрхон байдаг.
Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиарын мэдээлснээр 2022 оны зургадугаар сарын байдлаар армид 50 мянга гаруй эмэгтэй албан хаагч байгаа аж. Эндээс ойролцоогоор 38 мянга нь дүрэмт хувцас өмсөж алба хаадаг. Фронтын халуун шугам дээр үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүд ч өдгөө цөөнгүй бий. 2022 оны аравдугаар сарын байдлаар Украинд 8000 эмэгтэй офицер байна. Мөн Украины Батлан хамгаалахын дэд сайдуудын нэг нь эмэгтэй хүн байдаг.
Гэвч харамсалтай нь эмэгтэй албан хаагчид оросуудад олзлогдох нь их байна. Армийн эмч Юлия Паевска гурван сарын турш олзлогджээ. Оросууд олзны эмэгтэй цэргүүдтэй маш харгис харьцдаг байсан гэдгийг тэр “AP” агентлагт ярьсан байна.
ЭЦГИЙН ЭРХТ ЁС ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА
Украинд эртнээс нааш патриарх буюу эрчүүдийг илүүд үзэх үзэл давамгайлж иржээ. Энэ нь ялангуяа батлан хамгаалахын салбарт хүчтэй илэрдэг. Гэхдээ дайн эхэлснээс хойш Украины нийгэм, улс төрийн удирдагчид эмэгтэй цэргүүдийг улам илүү хүлээн зөвшөөрч эхэлсэн. Үүний нэг жишээ бол Үндэсний батлан хамгаалагчдын өдөр гэдэг нэршлийг 2021 онд Украины эрэгтэй, эмэгтэй батлан хамгаалагчдын өдөр болгож өөрчилсөн явдал юм.
Өөр бас бус хүчин зүйлс ч бий. Тухайлбал, тус улсын Батлан хамгаалах яам цахим сүлжээний нийтлэлдээ эмэгтэй цэргүүдийн зургийг ашиглах нь түгээмэл болжээ. Цахим мэдээллийн сувгуудаар ч эмэгтэй цэргүүд туршлагаа хуваалцах нь элбэг болов. Гэхдээ эмэгтэйчүүд давамгайлсан энэ хандлагыг шүүмжлэгсэд ч гарч ирсэн. Армийн командлагчид болон эрэгтэй цэргүүдийн зүгээс эмэгтэй албан хаагчдад үл итгэх хандлагыг үзүүлэх байдал байсаар байна. Энэ нь тэдний чадвар, албан тушаал ахих, карьер хөгжилд тулгарч буй саад бэрхшээлтэй холбоотой. Мөн практикт тулгардаг бусад саад ч байдаг аж. Жишээлбэл, эмэгтэй албан хаагчдад дүрэмт хувцас, хуяг дуулга, гутал зэрэг нь таардаггүй гэх мэт бэрхшээл бий.
Эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд илүү өртөмтгий байдаг. “Оросуудад баригдсаны оронд үхсэн нь дээр. Тиймээс ямар ч хамаагүй аргаар олзлогдохоос зайлсхийх ёстой” гэж Украины олон эмэгтэй албан хаагч хэлжээ.
“Үл үзэгдэх батальон” нэртэй томоохон төсөл 2015 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ төслөөр дамжуулан Украины эмэгтэй цэргүүдийн нөхцөл байдлыг судалжээ. Энэ судалгаагаар батлан хамгаалахын салбарын эмэгтэйчүүдэд тулгарч буй хууль эрх зүйн саад тотгор болон цэргийн боловсрол эзэмшихэд тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлсон. Батлан хамгаалахын салбарыг эмэгтэйчүүдэд илүү ээлтэй болгохын тулд жендэрийн зөвлөхүүд ажиллаж, аудит хүртэл нэвтрүүлжээ. Сүүлийн жилүүдэд эмэгтэй албан хаагчдад хандах нийгмийн хандлага харьцангуй сайжирсан байна. Тухайлбал, 2018 онд украинчуудын 53 хувь нь эмэгтэй цэргүүдэд эрчүүдтэй нь адил тэгш боломж олгохыг хүлээн зөвшөөрч байсан бол 2022 онд энэ тоо 80 хувь болж эрс нэмэгджээ.
ДАЙНЫ ДАРАА ЭМЭГТЭЙ ЦЭРГҮҮД ХЭРХЭХ ВЭ?
Дайны дараа эмэгтэй цэргүүдэд нийгмийн дарамт шахалт их ирдэг аж. Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон Зөвлөлтийн эмэгтэйчүүдэд яг ийм зүйл тохиолджээ. Тэднийг хамгийн түрүүнд цэргийн албанаас чөлөөлсөн ба нөхрөө эвгүй байдалд оруулахгүйн тулд байлдааны талбарт юу хийдэг байснаа дэлгэрэнгүй ярих хэрэггүй гэсэн зааварчилгаатай гэртээ харьсан гэдэг.
Гэхдээ Украинд эмэгтэй албан хаагчдад хандах олон нийтийн хандлага сайжирч буйтай зэрэгцээд хууль тогтоомж, засгийн газрын бодлого ч өөрчлөгдөж байна. Тус улсын засгийн газрын ирэх 10 жилийн стратегийн баримт бичигт эмэгтэйчүүдийн эрхийг хангах талаар тодорхой тусгасан байдаг. Тэр дундаа эмэгтэйчүүдийн цэргийн алба хаах нөхцлийг сайжруулах арга хэмжээг багтаасан төлөвлөгөөг 2020 онд танилцуулжээ. Уг төлөвлөгөөнд алба хаагчдыг өөрсдийнх нь хэмжүүрт тохирсон дүрэмт хувцас, техник хэрэгсэл, хуяг дуулгаар хангах гэсэн үзүүлэлт багтсан байв.
Украин эмэгтэйчүүдийн эх орноо хамгаалахад оруулсан хувь нэмрийн цар хүрээ, мөн чанарыг олон нийт хүлээн зөвшөөрдөг болж байна. Олон нийтийн ойлголт жил ирэх тусам дээшилж, эмэгтэй цэргүүдийн үнэлэмж нэмэгдэх болно гэдгийг “The conversation” хуудас онцоллоо.
Эх сурвалж: THE CONVERSATION