Бууны өөдөөс зогссон цээж нүцгэн зоригтон

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

Бууны өөдөөс зогссон цээж нүцгэн зоригтон

Бууны өөдөөс зогссон цээж нүцгэн зоригтон

Иранд олон сар үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр галт зэвсэгтэй цагдаа нарын өөдөөс цээж нүцгэн сөрөн зогссон курд боксчины бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсанаар жагсагчид түүнийг баатар хэмээн өргөмжилжээ. Цээжиндээ хэд хэдэн удаа буудуулсан ч амьд үлдэж чадсан түүний эр зориг Ираны эрх баригчдын эсрэг жагсаалын бас нэгэн бэлгэ тэмдэг болжээ. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа боксчин Ашкан Мороватиг онцолж байна. 


Ираны курдууд голдуу суурьшсан Санандаж хотноо өнгөрсөн аравдугаар сард эсэргүүцлийн жагсаалын үеэр гартаа хутга барьсан цээж нүцгэн эрэгтэй галт зэвсэгтэй 20 орчим цагдаад бүслэгдсэн байгаа нь бичлэгээс гарна. Удалгүй цагдаа нар түүнийг ойрын зайнаас хэд хэдэн буудаж, Ашкан өвдөг сөхрөн унажээ. Тэрбээр цагдаа нарт хандан жагсагчдад хүнлэг, зөөлөн хандахыг гуйсан гэдгээ хожим ярьсан байна. Цагдаа нар жагсагчдыг дарахын тулд перцтэй нулимс асгаруулагч, даралттай усыг ямар ч анхааруулгагүй ашиглахын зэрэгцээ иргэд рүүгээ гал нээх болсон.

Ираны засгийн газар жагсаалын эсрэг өргөн хүрээтэй баривчилгаа явуулж, "бурхны эсрэг дайн өдүүлсэн" гэх хуулийн зүйлчлэлээр олон залууст ял оноож, цаазаар авч байна. Ашканд ч мөн энэ зүйлчлэлээр ял тулгаж байгаа аж.

Курд гаралтай Махса Аминиг толгойн алчуураа буруу зүүсэн гэх шалгаанаар ёс журмын цагдаа гэх хүмүүс баривчилсны дараа бүсгүй нас барснаар Иран даяар өнгөрсөн есдүгээр сард нийтийг хамарсан жагсаал эхэлсэн. Жагсагчид Ираны эрх баригчид исламын шашныг эмэгтэйчүүдийг дарлаж, хүний эрхийг хашин боогдуулахад ашиглаж буйг эсэргүүцэн боссон. Жагсаал олон сар үргэлжилж байгааг дарахын тулд Ираны эрх баригчид дарахын тулд 18-30 насны залууст цаазын ял оноох зэргээр туйлын арга хэмжээг авч байна. Ашкан эх орноосоо дүрвэхээс өмнө олон удаа үхэлтэй нүүр тулснаа ярьжээ. Цагдаа нар ойрын зайнааг Ашканыг буудсаны дараа эмнэлэгт хүргэсэн нь түүнийг амьд үлдэх найдваргүй гэж бодсоных гэв. Гэсэн ч Акшан амьд үлдэж чадсан.

Ашканыг Санандаж хотын эмнэлгийн эрчимт эмчилгээнд авчирсны дараа эмч нар хагалгаа хийж, амийг нь аварчээ. Эмч нарын хэлснээр Ашканы хөлний артерын судас гэмтэж, уушги нь сумны үрлэнд сийчүүлсэн байжээ. Түүний биеэс нийтдээ 200 орчим сумны үрэл түүн авсан байна. Түүний гэмтэл амь насанд аюултай, хүнд байсныг эмч нар онцолжээ.

Эмч нар түүнийг эмчилснийхээ төлөө баривчлагдаж, хуулийн шийтгэл хүлээсэн байна.

Өдгөө 26 настай Ашкан өмнө нь боксын хүнд бэлтгэл хийдэг чийрэг нэгэн байсан ч шархтсаныхаа дараа эмнэлэгт сар шахам хэвтэн эмчлүүлсэн. Түүнийг эмнэлэгт эмчлүүлж байхад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны үүрээр цагдаа нар авч явсан байна. Энгийн хувцастай 10 орчим цагдаа эмнэлэгт ирээд түүнийг авч явахдаа эсэргүүцэл, саад учруулсан хэнийг ч буудах эрхтэй шүүхийн тогтоолтой иржээ. Түүнийг шоронд аваачаад зодож, тарчлаасан төдийгүй дахин буудсан байна. Шархаа үрэвсүүлэхгүйн тулд Ашкан шоронд давсыг шархан дээрээ тавьдаг байсан гэжээ. Шоронд 10 хоносны дараа ар гэрийнхэн болон эмч нар нь зогсолтгүй хуулийнханд шахалт үзүүлснээр түүнд эмнэлгийн тусламж үзүүлж эхэлсэн байна.

Дараа нь эмнэлэгт 20 хоног эмчлүүлэх зөвшөөрөл олгож, суллахад нь тэрбээр Иранаас гадаад орон руу дүрвэсэн аж. Хэдийгээр гадаад оронд ирж, аюулгүй болсон ч түүний хөл нь доголон болсон бөгөөд эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаагаа "СNN"-д ярьжээ. Ашкан дахин хайртай спортоороо хичээллэж чадахгүйд хүрсэн ч Ираны олон залуусаас илүү нь түүнд амьдрах ирээдүй байна хэмээн ярьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж