Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2023.02.01/ цахим залилан, койнтой холбоотой мэдээлэл өглөө.
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.СЭРГЭЛЭНБААТАР:
-2022 оны хоёрдугаар сард виртуал хөрөнгийн хуулийг баталсан. Энэ нь Санхүүгийн зохицуулах хороогоор зохицуулагдаж, үүнтэй холбоотойгоор цагдаа, тагнуулын байгууллага мөрдөн шалгах эрхтэй. Дээрх хуулийн хүрээнд манайд 12 крипто биржээр 37 койн арилжаалагдаж байна. Бид хэд хэдэн удирдлагуудтай уулзалт хийсэн ба ингэхдээ иргэдэд койн санал болгохдоо санхүүгийн гэмт хэрэгт холбогдож, залилан хийж байгаагүй, санхүүгийн чадамжтай, биржүүд дээрх шалгуурыг хангасан этгээдүүдэд зөвшөөрөл олгохыг мэдэгдсэн.
Виртуал хөрөнгөтэй холбоотой сүүлийн гурван жилд 468 хэрэг бүртгэгдсэн. Нууц үгээ алдаад койноо алдсан, Монгол дахь койноо гадагшаа алдсан гэх хэрэг 2020 онд ес хэрэг, 2021 онд 81, 2022 онд 370, 2023 онд найман хэрэг тус тус бүртгэгдсэн.
Эдгээрээс бусдад санал болгоод түүнээсээ хөрөнгө босгосон гэх дөрвөн хэрэг бүртгэгдсэн. Үлдсэн 430 хэрэг нь залилах буюу нууц үгээ алдаад койноо алдсан гэх мэт хэргүүд багтаж байна. Нийт хэд нь гараад хэд нь бүртгэгдээгүй, хэдэн төгрөг төвлөрүүлсэн гэх мэдээлэл сошиал орчинд маш их байна. Нарийн мэдээллийг гол зохицуулах Санхүүгийн зохицуулах хорооноос авах нь зүйтэй.
Өнөөдөр гэхэд ХУД-ийн шүүхээр 25 иргэнийг залилаад 300 гаруй сая төгрөг авсан иргэн Б долоон жилийн ял авлаа.
Мөн өнгөрсөн жил Монгол Улсын иргэд крипто валютынхаа нууц үгээ алдан хөрөнгөө гадагшаа алдсаныг нь Монгол руу буцаан татаж авсан ба тухайн хэргийг үйлдсэн гэмт этгээдэд гурван жилийн ял оноосон.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван:
-Сүүлийн долоо хоногийн хугацаанд манай тасагт крипто валютын цахим хэтэвчнээсээ мөнгө алдсан гэх шалтгаантай 12 дуудлага ирсэн. Гэмт хэрэг үйлдэхдээ "Фишинг" хортой холбоос буюу тухайн хэрэглэгчийн групп дээр койны нэрийг нь бичээд "урамшуулал зарлалаа, та нэр, мэдээллээ оруулж шагналаа баталгаажуулна уу" гэх хэлбэрээр нууц үгийг нь аваад койныг нь хулгайлж байгаа юм.
Мөн иргэд бие биедээ итгэн бараа бүтээгдэхүүн худалдаж авах зорилгоор койноо шилжүүлж, алдах тохиолдол ч гарч байна.
Түүнчлэн крипто валютын бирж, тэдний үйл ажиллагаа, систем, программ хангамжийн аюулгүй байдлын асуудал яригдана. Зөвхөн биржийн админ нэвтрэх эрхтэй мэдээлэл рүү халдан валют эзэмшигчийн утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллийг өөрчлөн цахим хэтэвчийг сэргээж аваад, койн хэлбэрээр гадагш гаргах гэмт хэрэг мөн илэрч байна. Иймд иргэд хортой холбоос руу хандан хувийн мэдээллээ алдахгүй байхад анхаарч таслан зогсоох шаардлагатай байна.
Холбоотой мэдээ