Төрийнхнөөс ам асуусан нийтлэл

Хуучирсан мэдээ: 2023.02.02-нд нийтлэгдсэн

Төрийнхнөөс ам асуусан нийтлэл

Төрийнхнөөс ам асуусан нийтлэл

Б.Батчулуун

(АФРИКИЙН КАПИТАЛИЗМ = МОНГОЛЧИЛСОН КАПИТАЛИЗМ)

Амыг нь асуух ээлж ирж дээ

Эхэндээ ч санаа аваг, байгаа байдал, үйл ажиллагаандаа дүгнэлт хийг хэмээн бодож бичдэг байлаа. “Чихэнд нь алт хийсэн ч сэгсэрдэг, ус хийсэн ч сэгсэрдэг” амьтан шиг л байсан. Тэгээд байгаа байдал нь энэ. Төрийнхөн ямар их хулгай хийв ээ! Энэ тухай хамгийн их анхааруулаж байсан хүмүүс бол либертариуд. Одоо тэр хулгай нь бүр хэтрээд, ил цагаан болоод ирэхээр ихээхэн цочирдож, шуугьцгааж байна даа. Монголчууд бид оюун ухаанаараа логик дүгнэлт хийгээд ойлгочих зүйлийг заавал махан бие-бодиороо амсаж байж мэдрэх хүмүүс юм.

Одоо тэгэхээр өч төчнөөн удаа хэлж, анхааруулж хүмүүсийн тавлаж, тохуурхан бичих ээлж ирж байх шиг. Үл тоомсорлосон, тохуурхсан шинжтэй байсан тэдэнд “Зөндөө л хэлсэн дээ, одоо яая гэх вэ” хэмээн хэлж болно биз дээ. Шоолж байна гэнэ үү, тавлаж байна гэнэ үү, тохуурхаж байна гэнэ үү, бах нь ханаж гэнэ үү, өөрсдөө мэдээрэй.

Социалист (хард), либерал (софт), консерватив (хард болон софт) стэйтистүүдээс амыг нь асууя. Либертариуд худал ярьсан байгаа биз! Та нарын шүтэж, дээдэлдэг төр чинь хамгийн мундаг мэнэжэр, төрийн өмч маш хурдан арвижиж, өгөөжөө өгч, улсын өмч дээр хулгай зэлгий, завшилт, шахаа огт гарахгүй, төрд ажиллаж байгаа хүмүүс хамгийн ёс суртахуунлаг байна уу! Төрд зөв хүмүүс очвол төр сайхан болчхож байгаа биз! Төрийнхний гаргасан хуулиар бүх асуудлыг шийдэж болдог, тэдний гаргасан хууль хамгийн зөв зүйл байгаа биз! Олуулаа шийдсэн бүх зүйл зөв, цөөхүүлээ шийдсэн бол бүх асуудал буруу байна уу! Энэ мэтчилэн мөн ч олон асуудлаар ам асуумаар байна.

Монголд “Бид л засгийн эрхэнд гарах юм бол Монголын бүх асуудлыг гайхамшигтай сайхан шийдээд, энэ улс-орныг чинь диваажин болгоод өгнө” хэмээн хашхичдаг бүлэглэл 30 гаруй байна. Хамгийн олуулаа, хамгийн чанга хашхирдаг бүлэглэл нь МАН, АН-ынхан, сүүлийн үед ХҮН-ынхны (Хөдөлмөрийн Үндэсний Нам) дуу хоолой овоо чанга байх шиг байна. Социалист, либерал, консерватив үзэлтэй болон ямар ч үзэл баримтлалгүй эдгээр стэйтистүүдийн толгойд “Төрд байгаа энэ хүмүүс буруу удирдаад байна, би л очвол энэ төрийг диваажингийн орон болгоод өгнө” гэсэн бодол эргэлдэж байна. Тэгвэл Ф.Хельдерлин (Германы философич, зохиолч, орчуулагч, сурган хүмүүжүүлэгч, номын санч. 1770-1843 он) хэмээх сэтгэгч хэлсэн байдаг: “Хүн, төрийг энэ дэлхий дээрх диваажин болгох гэж оролдсоноороо дэлхий дээрх хамгийн нүгэлт газар болгож орхидог” гэж.

ХҮН нам гэснээс манайхан юмс үзэгдэл, үзэл онолыг цаад углуурга, мөн чанараар нь ойлгоно гэж байдаггүйг энэ намын нэг зүтгэлтэн яруу тод харуулсан даа. Зах зээл хөгжсөн, Барууны оронд боловсрол эзэмшсэн хүний амнаас (тэр үед ковид дэлхий даяар тархаж эхэлж байв) “Төрийн зохицуулалт хэрэгтэй болохыг харуулж буй хамгийн сүүлийн жишээ бол одоо гадуур гаарч буй амны хаалтны үнэ. Хачин үнэтэй болчихлоо, маск 2000-3000₮-ийн үнэ хүрч байхдаа яах вэ, төр маскны үнийг барих ёстой” гэдэг үг унадаг байгаа. Энэ үнэ чинь хар аяндаа эрэлт, нийлүүлэлтийн хуулиар бууна, хямдарна гэж хэлээд байхад ойлгодоггүй юм билээ. Аз болоход төрөөс маскны үнийг тогтоох гэсэн оролдлого арай хийгээгүй дээ. Хар аяндаа зах зээлийн хуулиар үнэ нь буучихсан. Смитийн “ҮЛ ҮЗЭГДЭХ ГАР ҮЛ ҮЗЭГДЭХ БАЙДЛААР” зохицуулчихсан. Ер нь, маш олон зүйл ингэж зохицуулагддаг, төр тэр бүгдэд оролцмоор байвч сачий нь хүрдэггүй. Ийм зохицуулалт үл үзэгдэх байдлаар явагддаг учраас хүмүүс хардаггүй. Хардаггүй ч гэж дээ ойлгодоггүй гэвэл илүү ононо.

Төрийнхний хийсэн хулгай хаана их гарав? Бүгд улсын өмч дээр гарсан. Улсын өмч гэдэг бол хэн ч халбагадаж болдог нийтийн тогоо гэсэн үг. Хүн бүр энэ тогоо руу багахан хийж, ахиухан халбагадахыг бодно. Тэгэхдээ түргэн түргэн халбагдана. Нэгэнт улсын өмч юм бол хүн бүр хариуцаад ч байгаа юм шиг атлаа хэн ч хариуцдаггүй тийм л зүйл. Үнэндээ, тэнд дарга л их завших бололцоотой. Өнөөдөр л Таван Толгой, Эрдэнэт, Төмөр зам дахь хулгай, луйвар, завшилт илэрсэн болохоос (гэхдээ бүрэн илрээгүй шүү, цаана нь маш их, бүр хэдэн их наядын хулгай илрээгүй үлдсэн) улсын, төрийн гэх тодотголтой аж ахуйн нэгж бүр дээр ийм үзэгдэл ул овоо шиг байгаа. Тухайлбал, Иргэний нисэх, Цахилгаан станц, Дулаан ба цахилгаан түгээх сүлжээ гэсэн газрууд маш их “но-той”, “Далдыг мэддэг, Далай лам шиг” хэлж байна.

Энэ мэтчилэн либертари онол, түүний санаанууд ХОЙШИД Ч БҮГД БАТЛАГДАХ болно. Одоо ч батлагдсаар байна, түүнийг харахад билгийн нүд хэрэгтэй л дээ. Ил харагдах ба эс харагдах зүйл гэж яриад байдаг чинь энэ. 20-р зуун дахь либертари үзлийн 5 том төлөөлөгчийн хоёр нь Нобел хүртсэн шүү дээ, үлдсэн 3-аас нэг нь хэт шулуун зангаасаа (Мизес) болж, Нобел авч чадаагүй. Мөн нэг том төлөөлөгч болох Айн Рэнд Нобелы шагнал авах гээд хөөцөлдөж явах хүн мөн үү? Саявтар нэг ном харлаа “Цойлогсод” гээд. Дэлхий нийтээр ярьдаг, зарим нь бахархдаг, зарим нь үзэн яддаг жүүд үндэстний тухай. Тэднийг Бурхны сонгосон үндэстэн гэсэн яриа ч байдаг. Ямар ч байсан цойлсон үндэстэн болох нь амьдрал дээр батлагдсан юм даг. Тэгвэл либертари онолын дээрх 5 сэтгэгчийн гурав нь жүүд хүмүүс (хачин үндэслэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ иймэрхүү үндэслэл манайханд их хүрдэг дээ.)

Мэдээж, цаг хугацаа хэрэгтэй л дээ. Тэр болтол ордны сэхээтнүүд мэдэмхийрч, амны зоргоор бурах л байх. Цаг нь ирэхээр харин либертари үзлийг хэрхэн жадлан эсэргүүцэж, тохуурхаж байснаа бүү мартаасай. Манайхан хачин араншинтай шүү, өөрсдийнх нь буруу болох нь илэрмэгц огт гэмгүй царайлна, анх сонсож байгаа юм шиг дүр үзүүлнэ,  ажиглаагүй мэт өнгөрөөх гэж хичээнэ, ярианы сэдвийг займчуулна, бухаж булзана, аягүй бол либертари үзлийг дэмжигч байсан мэт яриад явж байж мэдэх улс. Бичсэн, ярьсан бүгд чинь цахимаар баримт болоод үлддэг болчихсон цаг шүү. Миний ярьж, хэлж, бичсэн зүйлс ч ялгаагүй, хэрэв би буруу, худал зүйлийн төлөө ингэж явсан бол тэр маань ч баримт болон үлдэнэ.

“Олуулаа бол буруу байсан ч зөв, ганцаараа бол зөв байсан ч буруу” гэцгээнэ биз дээ!

Либертари үзэл анхандаа их “гаж”, хачирхалтай, гашуун сонстдог. Шинэ бөгөөд үнэн зүйл тийм л байдаг. Либертари үзлийн “атом”, “тулгын чулуу” бол ИНДИВИДУАЛИЗМ. Бид массад ач холбогдол өгдөггүй. Густав Лебонын (Францын нийгмийн психологич. 1841-1931 он) хэлснээр, “масс дундаж иргэнээс доогуурхан сэтгэдэг”. Ийм ч учраас Марк Твэйн (АНУ-ын нэрт зохиолч. 1835-1910 он) “Олонхтой санал нийлээд ирэх юм бол өөртөө эргэлзэх болсон гэсэн үг”, Генрих Манн (1871-1950 он. Германы зохиолч) “Олонх нь эрүүл сэтгэх чадваргүй нийгэмд эрүүл сэтгэдэг цөөнх сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очдог” хэмээн хэлцгээсэн биз. Тэгэхээр одоогийн нөхцөлд ийн ад үзэгдэх нь нэг талаасаа зөв ч юм шиг, либертари үзлийг адгийн тэнэг, боловсролгүй, ёс суртахуунгүй юмнууд магтаад байх юм бол ямар юмных нь ухаалаг, гүн гүнзгий, ёс суртахуунлаг онол байх билээ.

Улс-орон даяар нүүрлэсэн төрийнхний энэ хулгай, луйвар, дээрэмд иргэн та ч буруутай. Хэтэрхий хүлцэнгүй, номой, унтаа, сэрэмжгүй, хэнэггүй байсан утгаар чинь ингэж хэлж байгаа юм биш. Та нар сонгуульд оролцож саналаа өгснөөрөө эднийг гаргаж ирсэн. Гаргаж ирэхээр үл барам тэдний легитимт чанарыг баталгаажуулж, хууль ёсны болгосон. Легитимт статус гэдэг нь хэдэн тэрбум, их наядын хулгай, луйвар. Та эдний төлөө саналаа өгсөн үү, эсрэг нэр дэвшигчид саналаа өгсөн үү гэдэг огт хамаагүй. Сонгуульд оролцож, саналаа өгснөөр гарсан үр дүнг хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлчихсэн хэрэг. TACIT CONSENT. Сонгуулийн дүн заавал таны хүссэнээр байх албагүй.

Тэгэхээр олон түмнээс ам асууя: төрийн чинь сүлд их ивээж байгаа биз, бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг төр та нарыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулж чадаж  байгаа тийм үү, гар дээрх хэдэн бор юм чинь амьдралд чинь хангалттай хүрэлцэж байгаа биз дээ, улс төрчид танаас мөнгө авахдаа амлаж байсан бүх зүйлээ хийгээд өгчихсөн, тийм ээ? Худлаа хэлж, мөнгө авахыг луйвар хэмээн хэлж болох уу, либертариуд төрийг луйвар хийдэг гэж худлаа хэлсэн байгаа биз?

Тийм ээ, Монголд стэйтистүүд, төрд фетишист маягаар хандагсад олонх байдаг, социалист стэйтистүүд дээр либерал стэйтистүүд нэмэгдэхээр бүр  ч олон болно, тооны олонход  эрдсэн та нар “олуулаа бол буруу байсан ч зөв, ганцаараа бол зөв байсан ч буруу” гэж тунхагладаг бил үү! Та нарын коллективист логик мөнөөсөө мөн л дөө.

Ордны сэхээтнүүд хийгээд төр рүү зүтгэгсэд

Төр хэмээх мөсөн уул номдоо бичиж байсан даа, одоо Монголд бүх хүн, 8 настай балчраас 80 настай өтгөс хүртэл төрд очсон хүн зүгээр сууж байгаад асар их мөнгө олж болдог, тэнд ямар ч хариуцлага хүлээдэггүй, зөвхөн эрхээ эдэлдэг гэдгийг мэддэг болчхож. Бүгд л тийш зүтгэлэх юм. Хэдэн жилийн өмнө “Өдрийн сонин”-оос уншиж байсан юм байна, нэгэн дунд сургууль дээр очоод 14-15 настнуудаас ирээдүйн ажил мэргэжлийн тухай яриа авахад бүгд шахуу “ирээдүйд лидер болно”, “улс төрч болох гараагаа эхэлсэн” гэх мэтээр хариулж байсан тухай.

Улаанбаатар хотын Төв номын санд сууж байлаа (2023 оны 1-р сарын 20-доор). Гэтэл тэнд2023 оны төрийн албаны шалгалт авах болсон юм байх, 10-аад хоног уншигчдадаа үйлчлэхээ больчихдог юм байна. Заавал номын санд авч, уншигчдыг үймүүлж байдаг, тэр төрийнхөө ордны том, том танхимд авах нь яасан юм бол. Төрийн алба руу зүтгэж, хот хөдөөнөөс маш олон хүн бүртгүүлсэн аж. Хоёр томоо гэгч заалтай, нэгэнд нь лав 50-иад хүн багтах хэмжээний зааланд  10-аад хоног шалгалт цувуулж авна гэж бодохоор төрийг хөхөж амьдрахыг хүсэгчид ямар олон байна вэ!

Төрд очигсод нэг их худлаа тангараг өргөнө. Тэгсэн атлаа түүнийгээ биелүүлдэг хүн гэж бараг байдаггүй. Ёс суртахуунтай хүн бол тангарагтай тангараггүй эс хийх зүйлийг тэд албан үүрэг нь юм шиг үйлдэж өгнө. Үүнийг нь бид хангалттай харж байна.

Монголд хаа сайгүй төрд шургалчих юм сан гэсэн залуус. Сүүлийн үед МУИС-д тийм залуус их цугладаг болж. Хаашаа ч газар болчихсон юм бэ дээ, лав миний мэдэх МУИС хэмээх University биш болсон байна лээ. Төр рүү зүтгэгсдийн трамплин, дамжлага бааз юм уу, хаашаа юм. Сиймхий л гарвал төр рүү зүтгэчих юм. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ямар ч хүсэл эрмэлзэлгүй, зүгээр л шинжлэх ухааны нэр барьж нэр төр, гавьяа шагнал, албан тушаал хөөцөлдөгсөд. Эднийг либертари утга зохиолд ОРДНЫ ПРОФЕССОРУУД хэмээн нэрлэдэг. Хувийн амьдрал нь авах юмгүй завхарсан, олон түмний дунд нэр нүүрээ барснаа мэдэхгүй, насаараа гавьяа шагнал, нэр төр хөөцөлдөнө. Олон түмэнд магтуулах гэж бүр аргаа барна. Мишэль Монтэнийн (Францын философич. 1533-1592 он) хэлснээр “олон түмэнд таалагдах гэсэн хүсэл нь эднийг хамгийн арчаагүй амьтан болгодог”. Ордны профессоруудын энэ симптом удамшлын шинжтэй юм шиг байгаа юм.

“Төр хамгийн мундаг мэнэжэр” мөн байна уу?!

Монголчуудын хувьд төр бол бүхнийг мэддэг, чаддаг EMINENT DOMAIN зүйл. Бараг л борооны дусал, цасан ширхэг бүрийг хаана унахыг мэддэг хэмээн бодоцгооно. Ийм төр нийгэм дэх бүх зүйлийг хянан цагдана (тоталитарианизм), төр ийм л байх ёстой, үүнд буруу зүйл байхгүй хэмээн сэтгэнэ.

Гэтэл Eminent Domain төрд чинь чаддаг, мэддэг, бүтэлтэй зүйл байна уу? Хулгай, луйвар хоёртоо л гаргууд байх. Ковидын ид тархалтын үед яалаа даа. Ямар арчаагүй институци болох нь харагдсан. Чадсан зүйл нь улс-орноо бүхэлд нь шорон аятай л болгосон. Тэгээд ч өвчний тархалтыг зогсоогоогүй, нөгөө төрийн ид хаваар гайхуулдаг Хятадын коммунистууд хүртэл ковиддоо бууж өгсөн. Тэр үед либертариуд л “энэ чинь ханиад, гэхдээ их хүнд ханиад, их халдвартай томуунаас сэргийлдэг арга техник л хэрэгтэй”, “өөрөө өөрийнхөө өмнө хариуцлагатай байснаар даван туулна” хэмээн хэлж байсан (ийн хэлж байсан хэвлэл, мэдээллээ он, сар, өдөртэй нь хэлж болно).

Хулгай, луйвар нь нуух аргагүй болоод ирэх үед нөгөөх социалистууд хүртэл “төр бол хамгийн муу мэнэжэр”, улсын өмч дээр л хамгийн их хулгай, луйвар гарч, өмч шамшигдаж байдаг хэмээн хүлээн зөвшөөрч эхлэх шив. Либертариуд төрөөс эдийн засгийн амьдралд оролцох нь “шаазан эдлэлийн дэлгүүрт заан оруулсантай адил, бүх зүйлийг хэмхчээд хамхчаад хаядаг, тэр заан өчүүхэн төдий хөдлөхөд энд тэнд шаазан эдлэл хагарч, өмч хөрөнгө шамшигдаж байдаг ” хэмээн мөн ч олон удаа хэлээд, ад болж байсан даа.

“Төрийг хамгийн муу мэнэжэр гэдэг худал, төр хамгийн сайн мэнэжэр болохыг Эрдэнэс Таван Толгой (ЭТТ) харууллаа!” Энэ үгийг хэн хэлж байсан гээч, нөгөө ЭТТ гэсэн улсын өмчөөс аймшигтай ихээр хулгайлж байсан хүмүүс хэлж байв. Ингэж хэлж байсныг нь сонин хэвлэл дээрээс он, сар, өдөр, нэр хаягтай гаргаад ирж болно. Хулгай хийхэд нь хамгийн их бололцоо олгодог учраас хулгайч нар улсын өмчид дуртай байдаг байх нь. Төрийн өмч гэдэг бол хэний ч өмч биш учраас тэнд хулгай, луйвар, шамшигдуулалт хамгийн их гарна, өмч нь хэзээ ч арвижихгүй. Манай төрийнхөн бол Ильф, Петров (хамтран 12 сандал, Алтан тугал г.м. алдарт бүтээл туурвисан Зөвлөлтийн үеийн нэрт шог зохиолчид) нарын зохиолд гардаг “ичимхий хулгайч” нар. Хулгай хийж байна гэдгээ мэддэг, түүнээсээ ичингүйрдэг боловч хулгай хийхгүй байж чаддаггүй хүмүүс. Улсын гэх нэртэй эзэнгүй өмчийг харахаараа тэсэхгүй шуучихдаг.

Ингэхэд нөгөө “ордны профессорууд” юу хэлж байна вэ? Сонсоогүй, ажиглаагүй юм шиг дүр үзүүлж байна. Тэгж байгаад мартагнуулна, энэ нь буруу болох нь илрэх үед тэдний баримталдаг гол тактик.

Өмнө нь мянгантаа хэлж байсан зүйлээ дахиад л хэлье. Хүмүүс ээ, төр гэдэг чинь тийм сайн, сайхан зүйл биш. Баг, сум, аймаг, дүүрэг, хот, Монгол гээд хонхор, хонхортоо амьдарч буй бид л төрд татагдаад байдаг болохоос дэлхий, тэр тусмаа хөгжингүй орнууд дахь өөрийн хүчээр амьдрагсад, Айн Рэндийн үгээр бол бусдаар биш “өөрөөрөө амьдрагсад” төрд очдоггүй, төрийнхнийг шоолон тохуурхаж байдаг.

Төр гэдэг чинь evil мөн чанартай зүйл. “Засгийн эрхийг хэн барьж буйгаас үл хамааран засаг өөрөө нүгэлт зүйл, засаг нь өөртөө байгаа хүмүүсийг эвдэн завхруулж, эрх мэдлээ урвуулан ашиглахад хүргэх хандлагатай байдаг”, “Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хязгааргүй эвддэг” гэсэн үгнүүдийг та нар сонссон уу, сонссон бол бодсон уу, бодсон бол ойлгосон уу, Швейцарийн соёлын түүхч Якоб Буркхард (1818-1897 он), Английн түүхч Лорд Актон (1834-1902 он)  нарын сэтгэгчид ингэж хэлсэн юм. Биднээс арай гүнзгий сэтгэж, үнэнд ойр байсан хүмүүс. Лорд хэргэмтэй Актон бол манай МР нартай адил төрд алба хашиж байсан хүн. Улмаар үлдсэн сэтгэгдэл нь энэ. Гэтэл төрд шигдсэн та нарт ямар сэтгэгдэл үлддэг билээ, цусанд шунах вампир лугаа төр лүү дахин, дахин тэмүүлдэг биз дээ. Хүмүүс ээ гэж, сэтгэлгээ, араншин, ёс суртахуун гээд юм, юмаараа өөр байх юм даа.

Африкийн капитализм, монголчлогдсон капитализм хоёр яг адил

Та хэчнээн чадалтай, боловсролтой, авьяаслаг, хөдөлмөрч, шударга байсан ч Монголд олигтой ажил олдохгүй. Чиний байх ёстой газарт хэн нэг танил талтай, эрх мэдэлтэнтэй нэг нутаг ус, жалга довны туйпуун толгойт очоод суучихсан байгаа. Нээлттэй сонгон шалгаруулалт, энэ тэр л гэнэ, монгол хүн тэр тусмаа төрийнхэн сонгон шалгаруулалт хийж байгаа юм чинь заавал “но” орно. Бод л доо, аймаг сум, нутаг ус гээд ах дүүс, найз нөхдөдөө туслахгүй монгол хүн гэж байх уу? Аль хэдийн мөнгө олгох компаниа тогтчихоод, сүүлд нь тэндэр шалгаруулсан болдог шиг төрийн албанд орох, жалга довныхоо хүнийг хэдийн тохирчхоод сонгон шалгаруулалт явуулж буй дүр эсгэж байгаа. Монгол КРОНИЗМ-д бүрэн идэгдсэн орон. Феодализм, социализмын энэ уламжлал Монголд түүх, уламжлалаар дамжин маш гүн суусан. Монгол дахь шударга өрсөлдөөнийг “алж” байдаг зүйл чинь ердөө л энэ, ө.х. нутаг нугын хүчин зүйл. Шударга өрсөлдөөн байхгүй газар хөгжил дэвшил гарна гэдэг ёстой лөөлөө.

Миний хувьд жаахан юм боддог, сэтгэж сурсан, боловсролтой, хэлтэй амтай залуучуудыг гадагш гар гэж уриалаад байдаг чинь энэ. Байдал ойрын үед өөрчлөгдөхгүй. Чи, аягүй бол чиний үр хүүхэд ч ирээдүйгээ, боломжоо энэ муухай улс төрчдөд хулгайлуулсаар байх болно. Эдний хүслээр бол чи Монголдоо л амьдраад, тэдний төлөө саналаа өгөөд л байж байх ёстой, чи хэрвээ шударга улс оронд амьдаръя гээд гадагшаа гарах юм бол “эх оронч биш” болно. Аман дээрээ “эх орон” гэх авч, ачир дээрээ “хамгийн эх оронч бус хүмүүс” та нарыг удирдаж байна шүү дээ. Бид энэ хүмүүсийг хэдэн арван жилээр өөгшүүлж ирсэн, одоогийн энэ сонгогчид болон иргэдийг хараад байхад хойшид ч нэлээдгүй хугацаанд өөгшүүлэх шинжтэй.

Энэ улс-орон чинь та нарынх биш болчхоод байна. Хэн төрийн эрх мэдлийг хувьдаа ашиглаж, улсын баялгаас хамгийн их хулгайлж, гулгуулж, хуулийнхныг өөртөө үйлчлүүлж чадаж байна, тэр луйварчны эх орон болж. Ер нь, хэн эрх мэдэлтэй, дур зоргоороо байна, тэр газар түүний эзэмшлийнх байдаг биз дээ. Шударгаар амьдрагсад энэ улс-оронд ямар ч эрх мэдэлгүй, ядуу дорой, хамааралгүй болчхоод байна. “Уланд” амьдарч буй та нарын хамгийн гол үүрэг бол энэ паразитуудыг сонгон гаргаж ирэх, чамд зөвшөөрсөн, хийж болох ганц зүйл бол тэдний тогтоосон дүрмээр амьдрах явдал. Фредерик Бастиагийн (Францын эдийн засагч, сэтгэгч. 1801-1850 он) хэлснээр, “биднийг хонь болгочхоод, өөрсдөө хоньчин болоод биднийгээ хариулах” гээд байгаа хүмүүс шүү дээ.

Хүн ийм орчноос (unjust society-гаас) зугтах, шударга орчин руу тэмүүлэх эрхтэй. Үүнийг ХҮНИЙ ЭРХ гэдэг юм. Наад хуурамч эх орончид, улс төрчид, коллективистуудынхаа хоосон сүр бадруулсан уриа лоозунд (тэр нь голдуу “эх орон” үгээр илэрнэ) бүү итгэ, цаадуул чинь та нарыг injustice ноёрхсон ийм орчинд өөрсдийн эрхшээлд барьсаар байхыг хүсэж байдаг. Эдний хуурамч коллективизм, коммунлаг болоод коммунист психологи, хэрэгтэй хэрэггүй ёс заншил, мухар сүсгээсээ (prejudice-аас) салах хэрэгтэй. Эс тэгвээс нэг бол маш ядуу дорой амьдарна, нөгөө бол эдний замаар орж, эднээсээ өөрцгүй бусдын боломжийг хулгайлсан, олон түмний биед шигсэн паразит болно.

Бид анхнаасаа капитализм, зах зээлийг монголчилж, оромдсон. Тэгээд байж байгаа нь энэ. Монгол хэдийн африк маягийн капитализмд орчихсон. Либертариуд хэлээд л байсан, тийм капитализм руу “орох нь байна шүү”, дараа нь “орж эхэллээ шүү” гэж. Яана гэх вэ, бараг зориуд гэмээр ийм замыг сонгосон юм чинь.

Африкийн капитализм. Энэ бол зах зээлд орсон гэх авч хөгжиж өгдөггүй, хэдэн 10 жилээр зогсонги байдалд орсон, өр ширэндээ баригдсан, хүмүүсийнх нь амьдрал туйлын ядуу дорой, дээгүүрээ хээл хахуульд баригдсан, хуулийн байгууллагууд нь ялзралд орж, зөвхөн эрхтэн дархтан, мөнгөтэй хүмүүст үйлчилдэг болчихсон Африкийн орнуудад байдаг нийгмийн байгууламжийг хэлдэг. Манайх яг л тийм болчхоод байна.

Африкийн ийм орны төрийн тэргүүн, засгийн эрх баригчдыг хараад бидэнд ямар сэтгэгдэл төрдөг билээ? Яаж шоолон жигшдэг билээ? Яг тийм сэтгэгдэл эх орондоо ч, гадны хүмүүст ч төрүүлж буйгаа манай эрх баригчид, улс төрчид мэддэг болов уу? Аль эсвэл мэдрэмжээ тэгтлээ алдчихсан хүмүүс үү? Ийм ядуу орны улс төрчдийн төрх байдал … Гадаадад хэчнээн тансаглалаа ч Монголоо л төлөөлж, Монголоороо л овоглоно шүү дээ. Улс-орон нь маш ядуу юм гэнэ лээ гэж дуулдах, “мөнгө гуйж байна” гэх, “зээл тусламж горилж яваа” гэх, тэгсэн атлаа Монголын эрх баригчид Япон, Герман, АНУ-д айлчлахдаа тэр баян орны улс төрчдийн хэрэглэдэггүй, тийм хувцас, бараа хэрэглэж, сонгогчдынхоо өмнө гарахаас ч санаа зовмоор “аймшгийн үнэтэй” цаг зүүж, цүнх барьж, фирмийн брэнд хувцас өмсчихсөн явдаг. Цаад хүмүүс, тэр тусмаа сэтгүүлчид нь юм боддог хүмүүс, та нарын авдаг цалин, улс-орны  нөхцөл байдал гээд юм, юмыг л харьцуулж таарна. Тэгээд хачирхаж, гайхаж, шоолж байгаа шүү дээ. Товчхондоо та нарын төрх Монголын бодит байдалтай огт АВЦАЛДДАГГҮЙ. Тийм ч учраас тэр орны иргэд та нарыг шоолдог, хил гаалийн ажилтнууд нь зарим үед хүндэтгэлгүй юм шиг харьцдаг, цаагуураа жуумалзан инээвхийлж байгааг ажигладаг уу!?

“Хууль биш, гууль”

Дахиад ам асууя. Төрийнхний гаргасан хууль шударга ёсонд үйлчилж байгаа биз? Монголд бүх хүнд хууль тэгш үйлчилж байгаа, тийм ээ? Хууль, шүүхийнхэн асуудлыг зөв, шударга шийддэг, мөн үү?

Монголд хууль, шүүхийнхэнтэй холбоотой ямар заваан хэргүүд гарав аа! Тоочъё гэвэл хэдэн нүүр юм болно. Цаас, цаг хоёрын гарз. Хууль, шүүхийнхэн шударга ёсонд үйлчлэхээ больчхоор л ёстой өнгөрч байгаа юм. Улс-орон ёроолгүй гүн хавцал руу унаж байна л гэсэн үг. Тэр улс-орон ямар ч ирээдүйгүй болж, баларч, доройтно гэдгийг жинхэнээр нь харуулдаг.

Хууль, шүүхийнхнийг өөртөө үйлчлүүлдэг болчихсон улс төрчдийн амнаас гардаг үг нь “Бид эрх зүйт нийгэмд амьдарч байна”, “Шүүхээр тогтоохоос нааш хэнийг ч гэмт хэрэгтэн хэмээн үзэж болохгүй”. Зөв л дөө, шүүхийнхнийг яаж хахуульдах, ямар шийдвэр гаргуулахаа мэдэж байгаа хүний амнаас гарах үгнүүд мөн биз. Монголын улс төрчдийн гаргадаг хууль гэж дандаа өөрсдийгөө хийсэн гэмт хэргээсээ мулталж, өөрсдөдөө ашиг гаргасан, харин ард иргэдээ дарамтлах хэрэгсэл болгосон үг, өгүүлбэр байдаг. Татварын өршөөлийн хууль, Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг богиносгох хууль, Сонгуулийн хууль, Намуудын хууль гээд бүгд л тэдэнд ашигтай. Өөрсдийн эрх ашгийн төлөө Үндсэн хуулиа хүртэл өөрчлөөд хаячихна. Ёстой Бастиагийн  хэлснээр Монголд “Хууль өөрийн мөн чанарын эсрэг үйлчлэх болчхож, хуулийнхан гэмт хэрэгтэй тэмцэхийн оронд түүнийг төрүүлж байна!

“Нохойд барьдаг мод”, эсвэл “ард түмний нуруун дээр тохсон эмээл” шиг хуультай болж авсан төрийнхөн юм л бол хууль ярина. Соцциалистууд бүх зүйлийг хуулиар зохицуулах гэдэг. Уг нь ёс суртахуун, шашин гээд зүрх сэтгэлийнхээ гүнд ариун нандин зүйлтэй хүмүүс хуулиас хамаагүй чанд табутай байдаг шүү дээ. Би атеист талдаа хүн, гэхдээ сүсэгтнүүдийн хувьд шүтээн нь ямар ариун зүйл байдгийг мэднэ. Энд яригдаж буй утгаар Бастиа “Хаана, хэзээ хүний амьдрал амар, амгалан, аз жаргалтай байсан бэ гэвэл төр, хууль хоёр хүний амьдралд хамгийн бага оролцож байсан тэр газар л тийм байсан” хэмээн хэлсэн хэрэг. Мөн түүний хэлсэн “Хуулийг хүрээнд нь байлгавал зохистой” гэх мэт үгийг Хууль номтой нь (энэ номын монгол хэвлэл лав 2 дахь удаагаа гарсан) танилцсан хүмүүс мэднэ дээ.

Юмс, үзэгдэл аяндаа цэгцэрнэ, эмх журамдаа орно гэж нэг юм байдаг. Эдийн засагт  laissez faire гэсэн үг л дээ. Либертари утга зохиолд spontaneous order гэж ярих болж. “Байгалийн шалгарал” гэдэг шиг амьдралаар өөрөө шалгагдаад, тэсэж үлдсэн эмх журам, нийгмийн тогтолцоо гэсэн үг. Капитализм гэдэг бол яг ийм зүйл, социализм, коммунизм шиг Моор, Бланк, Маркс, Ленин, Сталин, Мао гэсэн автортой зүйл биш.  Хүн гэдэг амьтан зохиосон  зүйлдээ хэчнээн “шинжлэх ухааны”, энэ тэр гэсэн нэр, хаяг өгсөн ч тэр нь “pseudo” зүйл хэвээр үлддэгийг 20-р зууны түүх ыяруу тод харуулсан.

Төгсгөлд нь хэлэхэд, одоогийн шүүх, хуулийн байгууллагын практикаас харахад Монголын төр, хуулийнхан ЗҮЙ ЁСОНД (justice-д) үйлчлэх болтлоо хол байна. Тэд амьдралд хэзээ ч хэрэгжүүлдэггүй атлаа “Хүнд биш хуульд захирагддаг нийгэм” гэсэн сайхан үгтэй л хоцорч. Энэ чинь 20-р зууны либертари онолын том төлөөлөгчдийн нэг Хайкийн Эрх чөлөөний Үндсэн хууль номд байдаг санаа юм юм шүү дээ. Гэхдээ өөрийнхөө болоод бусад хүний “ҮГ ХЭЛЭНД БИШ, БОДОЛ САНААНД БИШ, ҮЙЛ ХЭРЭГТ Л ИТГЭ!” гэсэн бас нэг либертари хэллэг байдгийг тогтоочих хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж