Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Даваа гаригт Африк тивийг зорьлоо. Тэр өчигдөр /2023.01.31/ Зимбабвегийн нийслэл Хараред тус улсын ерөнхийлөгч Эммерсон Мнангагватай уулзав. Хоёр улсын удирдагчид улс төр, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар дахь харилцаагаа улам бэхжүүлэх зорилгоор энэ уулзалтыг хийж байна.
Лукашенко Сахарын цөлөөс өмнө зүгт Африкийн орнуудад анх удаа айлчилж буй нь энэ юм. Тиймээс энэ айлчлалыг нэн ач холбогдолтойд тооцож буйгаа Беларусийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
Беларусь болон Зимбабве аль аль нь барууны хориг арга хэмжээнд өртөөд буй. Зимбабве улс хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор, харин Беларусийн хувьд Оросыг дэмжсэнээрээ хориг тавиулсан. Олон улсын нийгэмлэгийн гишүүдийн зүгээс ирэх дарамт шахалт хоёр улсын харилцааг улам нягтруулжээ. “Барууны орнууд манай хоёр улсыг шийтгэхээр шийдсэн ч энэ нь амжилтад хүрэхгүй. Учир нь манай хоёр улсын хөгжлийн стратеги нь гадны тусламжгүйгээр өөрсдийгөө хангахад чиглэсэн байдаг” гэж Зимбабвегийн эрх баригч Зану ПФ намын дарга Годвиллс Масимирембва хэллээ.
Нийслэл Хараре дахь олон улсын нисэх онгоцны буудлын талбайд уриа лоозон барьж, дуу дуулсан 5000 орчим хүн Лукашенког угтаж авчээ.
Зимбабвегийн ерөнхийлөгч Эммерсон Мнангагва 2019 онд Минскт айлчилж байсан. Энэ айлчлалын дараа Беларусь улс Хараре хотод Элчин сайдын яамаа нээсэн аж. Түүнчлэн Лукашенкогийн гэр бүл Зимбабве дахь алт олборлох үйлдвэртэй холбоотой нь 2021 онд илчлэгдэж байжээ.
Эх сурвалж: AFRICA NEWS
Холбоотой мэдээ