Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлигын индекс болон бусад цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
-Миний хувьд арванхоёрдугаар сард Транспэрэнсигийн олон улсын авлигын эсрэг хуралд очсон боловч нэг хоноод ирсэн. Бид “Transparency International”-тэй нягт уялдаатай ажиллаж байгаа. Монгол Улс авлигын индексээр яагаад байр ухарсан талаар асуудлыг ярьсан. Үндсэн хоёр асуудал үүнд нөлөөлсөн. Нэгдүгээрт, улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой, хоёрдугаарт, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах гэрийн даалгавар авсан. Мөн олон нийтийн хяналтыг сайжруулах.
Бид олон нийтийн хяналтыг сайжруулах үүднээс Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ бол ойрын хугацаанд хийх үндсэн гурван гэрийн даалгавар.
Үүний хүрээнд төрийн өмчит компанийн хуулийг өнгөрсөн аравдугаар сард УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх эсэхээ шийдсэн. Хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж хүлээж байна. Ингэснээр ирэх жил Монгол Улсын эзлэх байр урагшлах болов уу гэж итгэж байгаа. Мөн миний хувьд “Transparency International” субьектив талаас дүгнэлт хийж байна уу гэж болгоомжилдог. Учир нь хууль засаглах индексээр Монгол Улс 60-64 дүгээр байрыг эзэлдэг. Гэтэл эхний 140-д багтдаггүй Дундаж Азийн орнуудыг багтаасан байгаа нь “Transparency International” дүгнэлтээ гаргахдаа Монгол Улсын байр суурийг харгалзсан байж болзошгүй.
Тодруулбал, Орос, Украйны асуудалд Монгол Улс дундын байр суурь илэрхийлсэн нь дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй гэж бодож байна.
Тиймээс эхний 140-д ч багтдаггүй орнууд Монголын өмнө жагссан байна гэж харж байгаа.
ЖОРЖ ЧЕНИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛҮҮЛЭХ ӨРГӨДЛИЙГ ИРЭХ ДАВАА ГАРИГТ ӨГНӨ
Дараагийн асуудал бол Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдлийг ирэх Даваа гаригт өгнө. Шалтгаан нь хувь хүнд биш. Туурга тусгаар улсын төрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирээд илтэд гүтгэх нь байж болзошгүй зүйл. Хоёрдугаарт, Мета компани улс орны дотоод асуудалд оролцох эрхгүй. Тодруулбал, Монгол Улсын төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулсан. Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ зэрэг дарамт үзүүлсэн.
Тиймээс Жорж Ченийг ажлаас нь халж, мөн надаас уучлалт гуйх шаардлага тавина. Хэрэв уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ШҮҮХЭД ИРСЭН
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс надад хүсэлт ирүүлсэн. 87 оролцогчтой хэргийг явуулах шүүх хуралдааны танхимыг Засгийн газраас шийдвэрлэх өгөх хүсэлт ирүүлсэн байгаа. Би өнөөдөр НЗДТГ-т хүсэлт тавьж Улаанбаатар чуулгын байранд шүүх хуралдаан явуулах боломж нөхцлийг хангаж өгөх хүссэн.
Нүүрсний хэргийн хувьд шүүхэд очоогүй. Тус эрүүгийн хэрэгт 70-80 хүнийг шалгаад явж байгаа. Нүүрсний хэрэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч н.Болдбаатарт хуваарилагдсан. Нийт 87 хүнийг шалгаж, 500 гаруй хавтаст хэргийг уншина. Цагаан сараас өмнө урьдчилсан хэлэлцүүлгийг зарлана.
Н.УЧРАЛЫН ХУУЛЬД ХОРИГ ТАВИХГҮЙ ГЭСЭН КНОП ДАРНА
Ерөнхийлөгчийн зүгээс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавьсан. Миний хувьд энэ хуульд хориг тавихгүй гэсэн кнопыг дарна.
Дараагийн нэг зүйл бол сэтгүүлчийг барьж, хорьсон асуудал. Сэтгүүлч н.Анхбаяр шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байгаа баар, караокед орж, бичлэг хийж сүрдүүлсэн байсан. Тиймээс хувь хүний халдашгүй байдалд халдахгүй байх нь зүйтэй. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчийг хорьсон мэт ойлголт өгч байна. Тиймээс энэ асуудлаар НЦГ-аас өнөөдөр мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ