Үндэсний дээд лигийн өрсөлдөөнтэй, гал гарсан ээлжит тоглолтууд “UG” аренад боллоо.
М ГАРЬД 75 – 61 ОТИС ШИЛҮҮСНҮҮД
М Гарьдын легионер Д’Ашиа Чэмберс Монгол дахь анхны тоглолтдоо 21 оноо авч, баг нь улирлын долоо дахь хожлоо байгууллаа. Тус тоглолтод Чэмберсээс гадна Б.Цасчимэг, Б.Өнөрзаяа нар арваас дээш оноо авчээ.
Харин Шилүүснүүдээс дөрвөн тамирчин нь арваас дээш оноо авсан ч ялалт байгуулахад хангалтгүй байлаа. Тоглолтын гол зөрүү сэлгээний оноо авалт дээр гарсан бөгөөд Гарьдын сэлгээнийхэн нийлээд 30 оноо авсан бол Шилүүснүүдийн сэлгээ ердөө хоёр оноо авчээ.
Тоглолтын тухайд Гарьд эхнээсээ довтолгооны санаачлагатай, алсын зайн шидэлтийг өндөр хувьтай гүйцэтгэж байсан. Ялангуяа Д’Ашиа эхний үед 12 оноо авсан юм. ОТИС ч онооны зөрүүг холдуулалгүй ойрхон нэхсэн. Гэвч дөрөвдүгээр үед Б.Өнөрзаяа, Ө.Индра тэргүүтэй Гарьдынхан дараалсан цохилтуудыг сөхөө өгөлгүй хийснээр өрсөлдөгчөө буулан авлаа.
М ГАРЬД 98 – 92 БАЯНГОЛ ХАРЦАГА
Бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтод оролцож эхэлсэн М Гарьд өчигдөр улирлын арав дахь хожлоо байгууллаа. Эхний үед хоёр баг ойролцоо тоглолтыг үзүүлсэн ч хоёр болон гуравдугаар үед Харцагын хамгаалалт суларч, Гарьд онооны зөрүүг холдуулсан.
Улмаар дөрөвдүгээр үед Харцагаас Э.Мөнхтулга, Жаррон Грамп тэргүүтэй залуус багаа сэргээх гэж оролдсон ч тоглолтын цаг дуусав. Харцагаас бүх оддын тоглолтод сонгогдож чадаагүй О.Баянбаатар 23 оноо, Грамп 25 оноо тус тус авчээ. Харин Гарьдаас зургаан тамирчин арав болон түүнээс дээш оноо авсан аж.
ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛЛ 95 – 92 ХАСЫН ХҮЛЭГҮҮД
Энэ үдшийн оргил тоглолт амжилт ойролцоо байгаа хоёр багийн хооронд өрнөсөн. Плей-офф дөхсөнийг сануулах мэт халуухан өрсөлдөөнтэй тоглолтыг эцэст Металл ялалт байгуулав.
Энэ тоглолтод Металлын Блэйкийг зогсоох, барж идэх улаан өмсгөлтөн талбай дээр байсангүй. Тоглолтын эхний үеэс дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн Кристофер Блэйк аваргуудын эсрэг 44 оноо, таван самбараас бөмбөг авалт, таван ашигтай дамжуулалт гүйцэтгэжээ. Хамгийн онцлох үзүүлэлт нь тэрбээр гурван онооны шидэлтийг 80 хувьтай гүйцэтгэж, нийт найман удаа шидэлтээ “унагажээ”.
Хүлэгүүдээс О.Сэргэлэн, Т.Мэндбаяр, Г.Насанжаргал гэсэн хамгаалагчид нь үүргээ сайн гүйцэтгэж, хамтдаа нийлээд 14 удаа бөмбөг тасалж, бөмбөг алдалтаас 18 оноо авсан аж. Өчигдрийн тоглолтод Металлын дундын, алсын зайн шидэлтүүд магтмаар байлаа. Блэйкээс гадна О.Доржзовд аркны араас 12 оноо авч, багтаа үнэтэй хувь нэмрээ оруулсан.
Тоглолтыг тааруу эхлүүлсэн Хүлэгүүд гуравдугаар үеийг давуу байдалтай дуусгаж чадсан. Шийдвэрлэх үеийн сүүлийн хоёр минутад хоёр баг ээлж дараалан тэргүүллээ солилцож, онооны харьцаа 92-92 байхад Блэйк алсын зайн шидэлтийг амжилттай болгосноор баг нь гурван оноо илүү гарсан. Хүлэгүүдэд онооны харьцааг тэнцүүлэх боломж байсан ч эцсийн мөчид А.Ананд шидэлтээ алдсанаар Металл арав дахь хожлоо байгуулсан юм.
Холбоотой мэдээ