УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан нь өнөөдрийн гол дуулиан болж байна.
Авлигатай тэмцэх газар /АТГ/ өнгөрсөн арваннэгдүгээр сард нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар хамаарах 10 гаруй улстөрчийн нэр зарлахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр багтаагүй ч шалгагдах ёстой зүй ёсны хүнээр нэрлэгдэж ирсэн юм.
Харин Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тогтоол гарган, УИХ-д хүргүүлэхээр зэхэж байх үед тэрбээр хүсэлт гарган, сайн дураараа шалгуулах тоглолтыг өрсөн хийсэн нь улстөрчийнхөө хувьд хийж болох хамгийн зөв алхам боллоо.
Одоо түүн шиг сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ гарган, АТГ-аар шалгуулах дараагийн УИХ-ын гишүүн хэн бэ гэдгийг олон нийт хүлээж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрсний хулгайчаар зарлуулсныхаа дараа “МАН-ын гишүүнээс татгалзан, бүрэн эрхээсээ татгалзан шалгуулахад ч бэлэн байна” гэдэг мэдэгдлийг хийж байсан. Мөн энэ дуулианаар дамжуулж, жинхэнэ нүүрсний хулгайч нар нь үлдэх гээд байна гэх асуудлыг ч тавьсан. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхээр бамбай хийлгүй бүрэн эрхээсээ түдгэлзүүлэн шалгуулчих нь нүүрсний хулгайд нэр холбогдоогүй бол нэр төрөө цэвэрлээд гарах ирэх бас нэг боломж юм.
Түүнчлэн нүүрсний хулгайчаар нэр нь зарлагдаагүй ч Ж.Мөнхбат гишүүний нэгэн адил АТГ-аар шалгуулах ёстой “сэжигтэн”-ий тоонд багтах болсон улстөрч бол УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан. Туслахаар нь ажиллаж байсан хоёр залуу нүүрсний хэрэгтэй холбоотойгоор АТГ-т саатуулагдан, шалгуулах болсон. Олон нийтийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай хүний өөрийн, танхимд нь байдаг эсэхээс үл хамаарч тэмцэх нь үнэн бол сайд Т.Аюурсайханд ч өөрийн хүсэлтээр шалгуулах шаардлага тавьж, бүрэн эрхээсээ түдгэлзэх ёстой гэдэг асуудлыг хөндөн тавьж эхэллээ.Сануулахад, АТГ нь УИХ дахь МАН-ын бүлгийн 62 гишүүнээс тавыг нь нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай гэж зарласан. Тэднээс зөвхөн Ш.Раднаасэдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокурорын байгууллага УИХ-д хандан тавих гэж байна. Иймээс бусад нэр зарлуулсан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Б.Наранбаатар нар ч бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулах нь шударга ёсонд илүү нийцэх юм.
УИХ-ын хаврын чуулганыг ирэх гуравдугаар сард нээнэ. Тэр болтол Улсын ерөнхий прокурорын газраас хоёрхон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг гаргахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, дээрх тоо нэмэгдэж магадгүй.
Учир нь АТГ-аас хийж буй өргөн хүрээтэй шалгалтын дүнд хаврын чуулган эхлэх хүртэл нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой олон асуудлын зангилаа тайлагдаж мэдэхээр буй. Гол нь эрх бүхий албан тушаалтнууд хэрэгт нөлөөлж, саад учруулахгүй байх ёстой. Тэр цагт нүүрсний жинхэнэ хулгайч нар хэн байсан нь илүү тодорхой болно гэсэн үг.
УИХ намрын чуулган завсарлуулахаас урьтаж, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ногдуулах ялын бодлогыг чангатгасан. Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ял завшиж ирсэн заалтыг хүчингүй болгосон. Иймээс ард түмнийхээ боломжийг хулгайлсан нүүрсний хулгайч нарт зохих шийтгэлийг ногдуулах нь нийгмийн шаардлага, нөгөө талдаа Монгол Улс авлига, хээл хахууль, хулгайн хэрэгтэйгээ үнэхээр тэмцэж чадаж байна уу гэдгийг харуулах шүүхийнхнийг шүүх хэмжүүр ч болох учиртай.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ