ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Краснов өчигдөр /2023.01.31/ ерөнхийлөгч Путинтэй уулзжээ. Тэр энэ үеэрээ хэсэгчилсэн дайчилгаанд 9000 гаруй цэргийг хууль бусаар дайчилсан гэж мэдэгдлээ. Хууль бусаар, тэр дундаа эрүүл мэндийн шалтгаантай атал дайчлагдсан эрчүүдийг эх оронд нь буцаасан. Угтаа бол тэднийг дайчлах ёсгүй байсан гэдгийг Краснов хэлжээ. “Хэсэгчилсэн дайчилгаа олон хүнд сургамж боллоо. Цэргийнхэн алдаа дутагдлаа арилгахын тулд мэдээллийн сан, цэргийн бүртгэл мэдээллийн зохион байгуулалтыг дахин сайжруулах шаардлагатай. Цэргүүдийн цалин хөлс олголт дээр ч асуудал гарсан. Ийм дайчилгаа явагдаагүй удсан байсан бөгөөд олон чухал асуудлыг ил гаргаж ирлээ” гэж Краснов хэлэв.
Хэсэгчилсэн дайчилгааны хүрээнд 300 мянган нөөц цэрэг Украинд илгээх шийдвэрийг Путин өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан. Дайчлагдсан цэргүүдийн ихэнхийг нь огт бэлтгэл сургуулилалтгүй шууд дайны талбар луу илгээжээ. Мөн эрүүл мэндийн асуудалтай, өндөр настай эрчүүдийг ч илгээсэн гэв. Тухайлбал, Волгоград мужаас чихрийн шижин болон тархины өвчтэй 63 настай тэтгэврийн хөгшнийг илгээжээ.
Харин Путин энэ талаар ярихдаа зөвхөн эрүүл хүмүүсийг дайчилгаанд дуудсан гэжээ. “Олон хүүхэдтэй эцэг, архаг хууч өвчтэй хүмүүс, эсвэл цэргийн нас нь өнгөрсөн эрчүүдийг дайчилгаанд дуудахгүй” гэж Путин хэлж байв.
Краснов, Путин нар дайны талбар дахь цэргүүдийн хувцас хэрэглэл, хангамжийн талаар мөн ярилцжээ. “Бид дайчлагдсан цэргүүдийг сум нэвтэрдэггүй хантааз гэх мэт хувцас хэрэглэлээр хангах талаар хэлэлцсэн. Ихэнх асуудал шийдэгдсэн. Одоо тэдний өвлийн хувцасны хангамжийг зохицуулах хэрэгтэй байна” гэж Краснов хэлэв.
Дайчилгаа амжилтгүй болсон ч Путин ямар нэг байдлаар дахин цэрэг цуглуулах арга замыг судалж байгаа гэж Их Британийн тагнуулын алба мэдээллээ. Тухайлбал, Оросын иргэншилтэй юм уу паспорттой цагаач ажилчдыг хилээр гарахаас сэргийлж эхэлсэн тухай мэдээлэл байна.
Эх сурвалж: DAILY BEAST
Холбоотой мэдээ