Европын хөлбөмбөгийн өвлийн солилцоо наймааны цонх нэгдүгээр сарын 31-ний өдрөөр хаагдлаа. Сүүлийн өдөр олон сонирхолтой наймаа болж, фанатуудын нүдийг бүлтийлгэж, амыг ангайлгав.
Сүүлийн өдөр болсон томоохон наймаанууд:
Энцо Фернандес – Челси
Дэлхийн аваргаар онцгойрч, шилдэг залуу тамирчнаар тодроод зогсохгүй алтан дагина өргөсөн Аргентин залуу Энцо эцэст нь Челсид ирлээ. Английн Челси түүнийг авахаар дэлхийн аваргаас хойш хөөцөлдсөн. Бенфика ч Энцог зарахгүй гэдгээ мэдэгдэж, наймаа бүтэлгүйтлээ гэж ойлгож байв. Гэвч наймааны цонхны сүүлийн өдөр Америк тэрбумтан Тодд Боэли Аргентин авьяастнаас 120 сая евро харамласангүй. Ийнхүү Энцо Английн Премьер лигийн түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болж байна. Түүний гэрээ 2031 онд дуусна.
Челси энэ өвөл найман шинэ тамирчин авлаа.
Жоао Кансело – Байерн Мюнхен
Дэлхийн шилдэг жигүүрийн хамгаалагчдын нэгт зүй ёсоор тооцогддог Кансело Германы аваргуудтай нэгдэж, гэнэтийн бэлэг барив. Түүний Ситигээс явах болсон шалтгаан нь Пеп гэнэ. Тодруулбал, гараанд гаргасангүй хэмээн уурссан Кансело дасгалжуулагч Пеп Гвардиолатай ам мурийж, багаас явна гэж сүрдүүлсэн аж. Хариуд нь Пеп клубээс том тоглогч байх ёсгүй гэж үзэн явуулжээ. Байерн Мюнхен Канселог худалдан авах нөхцөлтэй зээлээр авч байна.
Мэтт Доэрти – Атлетико Мадрид
Доэрти үнэгүй Атлетикод ирж байна. Учир нь Премьер лигийн дүрмийн дагуу нэг клуб нэг улирал дээд тал нь найман тоглогч зээлээр явуулах эрхтэй аж. Харин Тоттенхэм Хотспур хэдийнэ найман тамирчин зээлээр явуулжээ. Ийм учир Доэртигийн гэрээг цуцалсан гэнэ.
Жоржиньо – Арсенал
Энцог авах бэлтгэлээ ханган Челси дэд ахлагч Жоржиньогоо Лондон хотын улаан багт 12 сая фунтээр зарлаа. Арсеналын дасгалжуулагч Микел Артета ч түүний үнэнч шүтэн бишрэгч гэнэ.
Хаким Зиеш – ПСЖ
Челсид сэтгэл хангалуун бус байгаа Зиеш ПСЖ-тэй зээлээр нэгдэх гэсэн боловч бичиг баримтаа цагт нь хүргүүлээгүй гэнэ. Талууд шийдэл олохоор ажиллаж байна гэж алдарт Фабрицио мэдээллэв.
Педро Порро – Тоттенхэм Хотспур
Тоттенхэм Португалын Спортин Лиссабоноос Педро Порро гэх жигүүрийн хамгаалагчийг 40 сая фунтээр худалдан авах нөхцөлтэй зээлээр авлаа.
Марсель Забитцер – Манчестер Юнайтед
Энэ наймааны цонхоор чимээгүй байсан Юнайтед сүүлийн өдөр Байерн Мюнхенээс Марсель Забитцерыг зээлээр авлаа. Забитцерыг Челси сонирхож байсан ч Энцод хамаг анхаарлаа хандуулаад завгүй байжээ.
Милан Шкриньяр – ПСЖ
Интер Милан гол хамгаалагчаа энэ өвөл хадгалж чадсан ч ирэх зун үнэгүй алдахаар болж байна. Милан Шкриньяр ирэх зун ПСЖ-тэй нэгдэхээр тохиролцжээ.
Кэйлор Навас – Ноттинхем Форест
Цагтаа дэлхийн шилдэг хаалгачдын нэгт орж явсан Кэйлор Навас Англид ирж байна. Түүнийг Форест улирал дуустал зээлээр авчээ.
Сүүлийн өдөр болсон бусад онцлох наймаануудыг хураангуй хүргье.
- Жонжо Шелви /Ньюкасл Юнайтедаас Ноттинхем Форестэд/
- Фелипе / Атлетико Мадридаас Ноттинхем Форестэд/
- Харри Суттар /Стөүк Ситигээс Лэйстэр Ситид/
- Ахамада /Штуттгартаас Кристал Паласт/
- Диего Йоренте /Лийдсээс Ромад/
Холбоотой мэдээ