Аудит: Их, дээд сургуулиуд эрэлтээ хангаж чадахгүй байна!

Хуучирсан мэдээ: 2023.02.01-нд нийтлэгдсэн

Аудит: Их, дээд сургуулиуд эрэлтээ хангаж чадахгүй байна!

Аудит: Их, дээд сургуулиуд эрэлтээ хангаж чадахгүй байна!

Дээд боловсролын сургалт, судалгаанд зориулсан улсын төсвийн дэмжлэг багатай. Энэ нь салбарын бодлого, хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс их дээд сургууль төгсөгчдийн мэргэжлийн чиглэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй аж.

Тухайлбал, 2020-2021 оны хичээлийн жилд 31.2 мянган оюутан их дээд сургууль төгсжээ. Төгсөгчдийн 51.6 хувь нь хууль эрх зүй, боловсрол, бизнесийн удирдахуйн мэргэжлийг эзэмшсэн байна.  Энэ нь нийт төгсөгч дотроо хамгийн өндөр үзүүлэлт юм.  Тэгвэл эрүүл мэнд, нийгмийн халамжийн чиглэлээр 15.8 хувь нь, барилгын инженер, үйлдвэрлэлийн мэргэжлийг 13 хувь нь эзэмшжээ.  Сэтгүүл зүй, урлагийн мэргэжлээр 12.6 хувь, мэдээлэл харилцааны технологи, математик, статистикээр 5.7 хувь, хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр 1.3 хувь нь  төгсжээ.  Төгсөгчдийн эзэмшсэн мэргэжил Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй хэр уялдаж буйд Үндэсний Аудитын газраас дүн шинжилгээ хийсэн байна.  Үндэсний аудитын газраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд нь мэргэжлийн чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чаддаггүй гэж дүгнэжээ.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежийн тоо:

  • 2010-2017 оны хичээлийн жилд 113
  • 2018-2019оны 94, 2019-2020 онд 95
  • 2020-2021 онд 88
  • 2021-2022 онд 88 байсан бол

2022-2023 онд 69 болсон нь өнгөрсөн таван жилийн хугацаанд дээд боловсролын сургалтын байгууллагын тоо 26.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Их дээд боловсрол олгох сургалтын байгууллагын 16 нь төрийн өмчийн, 53 нь төрийн бус өмчийн сургууль эзэлдэг. Тэдгээрийн 47.8 хувь их сургууль, 52.2 хувь нь дээд сургуулийн ангилалд хамаарч байна.

Их, дээд сургуулийн суралцагчдыг боловсролын зэргээр ангилбал, 2021-2022 оны хичээлийн жилд нийт суралцагчдын 119.3 мянга /80.2  хувь/ нь бакалавр, 25.8 мянга /17.5 хувь/ нь магистр, 3.4 мянга /2.3 хувь/ нь докторын түвшний сургалтад сурч байна. 2010-2011 оны хичээлийн жилтэй харьцуулахад бакалавр 23.4 хувиар буурч, магистр 2.1 дахин, докторын түвшинд суралцагч 40.2 хувиар тус тус өсчээ. Харин үндсэн багшийн тоо 2010-2011 оны хичээлийн жилд 7.2 мянга байсан бол 2020-2021 оны хичээлийн жилд 7.3 мянга болжээ.

Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын мэргэжлийн чиглэлийг судалж үзэхэд сүүлийн гурван жилд нийт 33 мянга орчим оюутан төгссөний 83 хувь нь бизнесийн удирдлага, эрх зүйч, барилга угсралт, эрүүл мэнд, нийгмийн халамж, урлагийн чиглэлээр, 17 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал эмнэлэг зүй, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэн байна.

Их, дээд сургууль төгсөгчдийг боловсролын зэргээр нь ангилж үзвэл:

2021-2022 оны хичээлийн жилд 0.6 мянга /1.9 хувь/ нь дипломын,  26.2 мянга /79.7 хувь/ нь бакалаврын, 5.9 мянга /18.1 хувь/ нь магистрын, 0.1 мянга /0.3 хувь/ нь докторын түвшний сургалтад хамрагдсан байна.

Үндэсний аудитын газраас олон удаа хуулийн шинэчлэл хийсэн ч дээд боловсролын хууль, эрх зүйн орчин нийгмийн эрэлт, хэрэгцээг бүрэн хангахгүй байна гэж дүгнэжээ.  Түүнчлэн боловсролын салбарын бодлогын хэрэгжилтэд Төрийн захиргааны төв болон хяналт тавих чиг үүрэгтэй байгууллагуудын хяналт сул гэж үзжээ. Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлага сургалт, судалгаанд шаардлагатай дэд санг байгуулаагүй. Дээд боловсролыг нийгэм, эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг дэмжих,бодлого бүрэн хэрэгжихгүй байна зэрэг дүгнэлтийг гаргажээ.

"МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖӨӨГҮЙ БОЛОХООР ИХ СУРГУУЛЬ ТӨГССӨН ИНЖЕНЕР ГОЛОГДДОГ"

Их, дээд сургуулиудын сургалтын чанар эрэлтээ хангаж чадахгүй байгаа гэх асуудлаар МУИС-ийн багш Б.Ганбат болон Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нарын байр суурийг хүргэж байна.

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн багш Б.Ганбат:

Их дээд сургууль төгсөгчдийн мэргэжлийн чиглэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангадаггүй гэж ҮАГ дүгнэсэн. Үүний шалтгаан юу вэ?

-Ажлын байрны шаардлага гэдэг их сонин. Жишээ нь, электроникийн мэргэжлээр төгссөн залуус Японд очоод Япон компанийн шаардлагын хангаад ажиллаад байдаг. Гэтэл Монгол компанийн эсвэл төрийн байгууллагын шаардлага хангадаггүй. Зөвхөн электроник ч биш олон мэргэжил дээр ийм байдал ажиглагддаг.  Монгол компанид шаардлага хангахгүй байж гадаад компанийн шаардлага хангадаг гэхээр асуудал нь ажил олгогчдод байна уу гэж харддаг. Сайд нь болохоор ажлын байрны шаардлага хангадаггүй гэж ярьдаг. Яг ямар шаардлага гэдэг нь тодорхойгүй аль компанийн шаардлагыг яагаад хангаагүй вэ гэдгийг ямар ч эх сурвалжгүй яриад байдаг. Их сургуулиуд хөтөлбөрөө гаднын сургуулийн жишгээр боловсруулж тэрхүү сургуулиудын сурах бичгээр заадаг. Гэтэл Монголд үйлдвэрлэл хөгжөөгүй болохоор их сургууль төгссөн инженер гологддог.

лсын төсвөөс дээд боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хангалттай хэмжээний хөрөнгө баталдаггүй гэдгийг Үндэсний Аудитын дүгнэлтээр гарсан байсан. Энэ нь суралцагчдийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг байх?

-Улсын төсвөөс хувьсах зардал өгдөг байсныг нь 2018 онд зогсоосон. Одоогоор ямар ч мөнгө улсаас авдаггүй. Гэтэл улс 100 хувь улс төрийн аргаар удирддаг. Төсөв мөнгөтэй холбоотой нарийн тоо баримт байхгүй тул сайн хэлж мэдэхгүй байна.

"БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДЛААС ҮНДЭСЛЭЖ ДИЙЛЭНХ НЬ ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ГЭХ ТОДОТГОЛТОЙ БОЛСОН"

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: 

Их дээд сургууль төгсөгчдийн мэргэжлийн чиглэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Энэ нь олон шалтгаантай. Хамгийн гол нь 1990 оноос хойших шилжилтийн үед бид улсын болон бусад салбарын нэгэн адил боловсролын тогтолцоогоо алдсан. Энэ нийгэмд Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн чиг баримжаа, түүнд нийцсэн боловсролын бодлого алга болсон. Тиймээс иргэд тухайн цаг үеийн хувьд эрэлттэй мэргэжлийг эзэмших болсон. Үүнийг буруутгах аргагүй. Харамсалтай нь, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлээр суралцах оюутны тоо буурсан. Энэ нь урт хугацаандаа ихээхэн сөрөг үр дагавартай. Аль ч улс орны хувьд суурь шинжлэх ухаан хамгийн чухал, хөгжлийг тодорхойлох тэргүүлэх чиглэл хэмээн үздэг. Монгол Улс хэдийгээр хөгжлийн түвшингээр дэлхийд тэргүүлэх улс биш. Гэхдээ зах зээлийн гэх энэ нийгэмд төрийн зөв бодлого, дэмжлэг байж тухайн чиглэл хөгжиж улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой. Тэр нь өнөөдрийг хүртэл байхгүй, эсрэгээрээ дэлхийн хэмжээнд шинжлэх ухаанд зарцуулдаг мөнгө, санхүүжилтээр сүүл мушгих байдалтай явж ирлээ.

Түүнээс гадна эдийн засаг, үйлдвэрлэлийн бодлого тодорхойгүйгээс мэргэжилтэй ажилчин гэдэг ойлголт бараг үгүй болж, сүүлийн жилүүдэд сэргээхийг хичээж байгаа боловч амжилтад хүрээгүй байна.

Боловсролын тогтолцоо гажуудсанаас дунд, дээд боловсролын чанар алдагдсан явдал гэж хэлж болно. Өнөөдөр цөөн тооны ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль  өнөөгийн нийгмийн шаардлагад нийцсэн иргэн, мэргэжилтэн бэлтгэх ажлыг харьцангуй чанартай хийх нь чухал. Гэвч дийлэнх нь чанарын шаардлага хангахгүй байна. Ялангуяа ерөнхий боловсролын хувьд онцгой анхаарах, цаашид бүх түвшний боловсролыг цэгцлэх шаардлагатай. Нөгөө талд нь эдийн засгийн хөгжлийг хангаж бүтээмжийг нэмэгдүүлэх замаар бодит цалин хөлсийг өсгөх гарцаагүй шаардлага бий.

-Их дээд сургуульд сайн бэлтгэгдэж гарсан зарим залуус Монголын зах зээл дээр үнэлэгдэхгүй атлаа гадаад орнуудын томоохон компанийн шалгуурыг хангаж ажилладаг болохыг судлаач хэлсэн. Тэгэхээр ажил олгогчдын тавьсан шаардлага буруу байна гэсэн үг үү?

-Би хувьдаа Монгол Улсын боловсролын чанар  өндөр түвшинд байна гэж хэлж чадахгүй. Цөөн тооны сургууль харьцангуй боломжийн боловсролыг өгөхийг хичээж, зарим талаар түүндээ хүрч байгаа нь үнэн. Мөн тухайн боломжийн сургуульд сурсан, үнэхээр сайн өгөгдөл бүхий, сайн суралцагч байгаад тэр нь дотоод, гадаадад өндрөөр үнэлэгдэж байгаа тохиолдол бол бий. Тиймээс тухайн хүнийг үнэлэхгүй байгаа дотоод зах зээлийн шалтгаан нь тэр хүний хүлээлт, манай ажил олгогчдын өгч чадах хөдөлмөрийн нөхцөл зөрүүтэй байж болох юм. Ер нь зөвхөн чадварлаг мэргэжилтэн гэлтгүй ийм сөрөг үзэгдэл харагдаж байгаа.  Монголын хөдөлмөрийн зах зээлд тийм олон их эдийн засагч, эрх зүйч, хэлний мэргэжилтэн шингээх зах зээл байхгүй. Нөгөө талаасаа тэдгээр нь ажил олгогчийн хүлээлтэд хүрэхгүй атлаа би дээд боловсролтой хүн гээд бусад ажлыг хийх сонирхол нь буурдагтай холбоотой байх.

Улсын төсвөөс дээд боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хангалттай хэмжээний хөрөнгө баталдаггүй гэдгийг Үндэсний Аудитын газар тайландаа дурдсан байсан. Уг асуудал суралцагчдын хөгжлийг удаашруулах нөлөөтэй байх?

-Бүрэн санал нийлж байна. Тодруулбал өнөөдөр бүх түвшний боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйл нь хангалтгүй, дээр нь оновчгүй санхүүжилтийн бодлогын үр дагавар.  Бид төсвийн бодлогын хувьд боловсрол, шинжлэх ухааны салбарт хангалтгүй мөнгө хуваарилж байгаа нь үнэн. Улсын төсвийн 20-оос доошгүй хувийг хуваарилах бодлогыг хэрэгжүүлж чадахгүй байна. Мөн хуваарилсан төсвөө зарцуулж буй бүтэц нь алдаатай. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн цогц бодлогогүйгээс хөдөө, хотын ялгаатай байдал эрс өссөнөөс төвлөрөл бий болсон. Үүнтэй холбоотойгоор томоохон суурин, ялангуяа Улаанбаатар хотод суурьшиж буй иргэдийн тоо өссөнөөс боловсролын салбарын хөрөнгө оруулалтын дийлэнх нь хатуу дэд бүтэц буюу байшин барилга барихад зарцуулагддаг. Хотод ангийн хүртээмж хангалтгүй байхад, хөдөөд ангиа дүүргэх гэж ихээхэн хүчин чармайлт гаргаж байх жишээтэй. Үүний гол алдаа нь бид сүүлийн 30 жилд боловсролын салбарын сургалтын агуулга, багшийн чанарын асуудалд дорвитой хөрөнгө оруулалт хийж чадсангүй. Тиймээс багш нар нь нийгмийн цалин орлого багатай хэсэг болж хувирсан. Энэ асуудлаас шалтгаалж багш хэмээх мэргэжлийг, ялангуяа сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтад /ЭЕШ/-д өндөр оноо авсан сурагчид сонгохгүй болсон. Энэ нь өнөөгийн боловсролын салбарын санхүүжилт, түүний оновчгүй байдлын гол илрэл. Дээр нь таны асуултад дурдсан дээд боловсролын хувьд багшийн цалин хөлснөөс гадна, судалгаа шинжилгээ, багшийн хөгжилд зарцуулж байгаа зардал бага байгаа нь тухайн сургуулийн сургалтын чанарт ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйл юм. Товчхондоо дутуу, оновчгүй санхүүжилтийг  бодлогогүй удирдах нь боловсролыг ямар болгодгийг бид хараад сууж байна. Энэ нь цаашдаа асар их хохиролтой зүйл юм.

Цаашдаа бид чадварлаг, өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэхэд юуг өөрчлөх хэрэгтэй вэ. Та өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу?

-Бид өнөөдөр Монгол Улсын хөгжил уруу, дорой байгаа тухай нийгмийн баялгийг хэрхэн цөөн тооны хэсэг бүлэг завшиж байгааг яриад сууж байна. Мөн үүнээс хэрхэн гарах вэ? гэсэн асуултын дор янз бүрийн санал санаачилгын талаар ярьдаг. Зарим нэг нь онцгой мэргэн санаа гаргаж үндсэн хуулийг өөрчлөх нь хөгжлийн үндэс мэтээр ярьж байна. Мөн бид 30 жил хөгжиж чадаагүй тул 2050 буюу дахиад 30 жилийн дараа хөгжсөн байх төлөвлөгөө баталсан. Үүндээ бид хүрч чадах нь эсэх нь эргэлзээтэй. Учир нь бид энэ 30 жилийн хугацаанд олон бодлого баталсан боловч хэрэгжилт үнэхээр хангалтгүй. Үүний шалтгаан нь Монгол Улсыг удирдаж буй талууд шинжлэх ухаанаас холдсон, чадварлаг, зөв засаглал бүрдэхгүй байгаа явдал.

Иймд таны асууж буй асуулт зөвхөн боловсролын системийн бус Монголын хөгжих, эс хөгжихтэй холбоотой асуудал.

Монгол Улсын хөгжлийн үндэс нь боловсролтой, монгол эрүүл хүн ойлгодог. Зарим талууд олон тонн нүүрс хутгаад зараад байвал хөгжих мэтээр ярьж байгаа нь өрөөсгөл. Өнөөдрийнх шиг ийм бодлого, төлөвлөлттэй, баялгийг цөөн хэсэг нь хувааж идээд байвал хэдэн сая тонн, нүүрс, зэс гаргаад хөгжихгүй гэдгийг бид өнгөрсөн 30 жилийн түүх улс орныхоо, иргэдийнхээ ядуу зүдүү байдлаар томоохон золиостой харлаа. Мөн улс орныг тодорхойлох бүхий л үзүүлэлт нь 100-аас хойш. Бид үнэхээр 30 жилийн дараа хөгжсөн байхыг хүсэж байгаа бол өнөөдрөөс боловсрол, эрүүл мэндийн салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийж тухайн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, салбарт ажиллагсдын цалин хөлс нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарах шаардлагатай. Гаргалгаа нь зөв хөгжлийн, төсвийн бодлого. Жишээ нь энэ их хавтгайрсан халамжийг багасгаж эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах гэх мэт. Бид хүүхдийн мөнгө нэрийн дор эдийн засагт 1.5 их наядын зохиомол орон зай гаргаж ирлээ. Бусад халамжтай нийлээд үүнээс ч их. Тэгвэл энэ мөнгө өнөөдрийн бодлогоор хэрэгжвэл зохиомол үнийн өсөлт, ханшийн өсөлтийг дагуулахаас цаашгүй. Үүнээс татгалзаад боловсрол, эрүүл мэндийн зөв хөрөнгө оруулалт болговол олон жилийн дараах үр дагавар нь их. Мөн төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой болгох гэх мэт гаргалгаа олон. Гэхдээ энийг би дангаар бус улс орны хэмжээнд ярьж шийдэх асуудал.

Г.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж