Ирэх гуравдугаар сард нөөцийн мах зарж эхэлнэ. Тиймээс нийслэлээс махны стандарт, нөөцлөлт болоод зарах цэгүүдийг сонгон шалгаруулахтай холбоотой дараах мэдээллийг өглөө.
Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.БАЯРАА:
-Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангаж байна. 2023 онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцөлсөн. Харин 2024 онд 10 мянган тонныг бэлтгэхээр төлөвлөж байгаа.
Нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байна. Цаашид борлуулалтын цэгийг сонгон шалгаруулж, найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаална.
Шаардлагатай бол дүүргүүдэд нөөцийн мах борлуулах зориулалтын цэгийг нээн ажиллуулна. Аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хянах үүднээс яам, нийслэлээс хамтран Ажлын хэсэг мөн байгуулсан.
ГУРАВДУГААР САРД НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАЖ ЭХЭЛНЭ
2023 оны нөөцийн мах бүрдүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажилласан бол 2024 оны бүрдүүлэлтийг нийслэл хариуцах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байгаа аж. Ингэхдээ чанар стандарт, худалдаалах цэг зэргийг зохион байгуулж, иргэдэд чанартай мах худалдаалах бэлтгэлийг сарын өмнөөс базааж байгаа гэсэн юм.
Өнгөрсөн жилүүдийн хувьд дүүрэг бүрд нөөцийн махыг дэлгүүрүүд зарж байснаас гадна нэрийн дэлгүүрээр мөн худалдан борлуулсан. Гэвч хонь, үхрийн мах борлуулж ямааны мах зарахгүй зэрэг асуудал үүсч байв. Харин энэ жил дахин дээрх асуудал үүсэхгүй байх тал дээр анхаарч байгааг мөн Нийслэлээс онцоллоо.