Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран зуд нүүрлэж болзошгүй сумдын эмзэг бүлгийн малчдад 350 мянгаас 750 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Ховд, Төв, Увс, Өвөрхангай, Завхан зэрэг 11 аймгийн 51 сумдын эмзэг бүлгийн 510 малчин өрхөд энэхүү мөнгөн дэмжлэгийг үзүүлэх юм байна. Энэ нь 40-80 боодол өвс, 7-20 шуудай хивэг худалдан авах хэмжээний мөнгө аж. Мөн эрдэс витамины бэлдмэл олгохоор болсон аж.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Онцгой байдлын болон нөхөн сэргээх үйл ажиллагааны тусгай сан (SFERA)-ийн 223 мянган ам.долларын санхүүжилттэй дээрх төсөл зургаан сарын турш үргэлжлэх юм байна.
Г.ХОРОЛ