"Хакухо аварга уул шиг санагдсан"

Хуучирсан мэдээ: 2023.01.31-нд нийтлэгдсэн

"Хакухо аварга уул шиг санагдсан"

"Хакухо аварга уул шиг санагдсан"

"Уран баримал хүнийг сорих юм ихтэй. Хэлбэр нь нууцлаг. Тэрийг нээж, нууцлаг орон зайг олох нь нарийн төвөгтэй ажил. Надад тэр төвөгтэй болгон нь таалагддаг. Яг үнэндээ би өөрийгөө уран барималч гэж хэлж чадахгүй. Одоо ч суралцаж явна" хэмээн даруухан хариулах уран бүтээлчийг Д.Дорждэрэм гэдэг. Тэрбээр багаасаа гарын ур дүйтэй хүүхэд байсан бөгөөд 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг төгсчээ. Залуу уран бүтээлч сүүлд Сүмогийн их аварга, 69 дэх ёкозүна М.Даваажаргал Хакүхо Миягино хөрөг баримлыг бүтээсэн юм.

-Арлын Япон улсад Сүмогийн их аварга, 69 дэх ёкозүна М.Даваажаргалын зодог тайлах ёслол сүр дуулиантай боллоо. Үүнтэй зэрэгцэн түүний хөрөг баримал төрөн гарчээ?

-Хөрөг баримлыг боксын Олимпийн аварга Э.Бадар-Ууганы захиалгаар Сүмогийн их аварга М.Даваажаргалд зориулан бүтээсэн. Цар тахлаас хойш гурван жил ажиллаж, эх загвараа дуусгалаа. Уг нь аль хэдийнэ Хакухо аваргад баримлыг бэлэглэсэн байх ёстой ч хараахан амжсангүй.

-Хакухо их аваргатай өмнө нь уулзаж байсан уу?

-Өнгөрсөн хугацаанд сүмо бөхийн их аваргуудын талаар уншиж, судалсан. Миний хувьд их аваргатай нүүр тулж уулзаж байгаагүй. Хэзээ нэгэн цагт уулзах байх. М.Даваажаргал аварга эр хүний ноён нуруутай, яг уул шиг л санагдсан. Түүнээс монгол бөхийн бяр тэнхээ, ёс жудаг ямар байх ёстой билээ тэр бүхэн тод томруун харагддаг. Тиймээс биеийнх нь хэлэмжээр уул шиг байдлыг нь илэрхийлэхийг зорьсон. Ер нь л амаргүй байсан.

-Та өмнө нь бөхийн баримал хийж байв уу?

-Би өмнө нь бөхийн баримал хийж байгаагүй. Тэр дундаа сүмо бөхийн их аваргын баримлыг хийлээ. Цаг хугацаа маш их шаардсан.

Уран барималч Д.Дорждэрэм ирэх гуравдугаар сард өөрийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэхээр төлөвлөжээ. Тэрбээр 10 жилийн өмнө “Огт+Оргүй” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж байсан бөгөөд энэ удаа өнгөрсөн хугацаанд туурвисан бүтээлүүдээ тайлагнасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгох аж. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд туршилтын ажил олныг хийсэн. Энэ удаагийнх илүү тайлан маягтай үзэсгэлэн байх болно” гэв.

Тэрбээр "Амьдралынхаа цаг хугацаанаас тасдаж, уран бүтээлдээ цагийг зориулж буй. Тэрэнд зориулж буй цаг хугацаа, хайр, өвдөлт, тэсвэр хатуужил, хүмүүжил…Бүтээл нь эргээд уран бүтээлчдээ багшилж эхэлдэг. Бүтээл төрөх агшин яг л эхийн хэвлийгээс дөнгөж төрсөн нярай хүүхэдтэй адилхан санагддаг. Миний үйлдлээр бүтэж байгаа бол миний үр. Тиймээс сэтгэлээ бүрэн зориулахгүй бол бүрэн харагдахгүй" гэдгийг хэлсэн.

Түүний бүтээлүүд орчин үеийн, байгальлаг бөгөөд туульслаг, зөөлөн бөгөөд хүчирхэг, нууцлаг болоод ил, сүнслэг шинэ өнгө төрхийг илэрхийлдэг гэдгийг уран бүтээлчид тодотгодог.

"Өөрчилж болдоггүй юмс гэж бий. Тэр бол ёс уламжлал, соёл. Түүнийгээ сорчилж авч үлдээд хойч үедээ уламжлуулах нь чухал. Ирж яваа цагт өөр бусад хүчин зүйлстэй нүүрс тулсаар байх болно. Уламжлалт соёлоо авч үлдэх эсэх нь ард түмний сонголт. Миний хувьд өөрийнхөөрөө ёс уламжлалаа хадгалж, хариуцлагатайгаар дамжуулаад явж байна гэж өөртөө бага ч гэсэн итгэл үнэмшилтэй явдаг" тухайгаа ярьсан юм.

Тэрбээр 2007 онд Сингапурийн биенналаас “Орон зай дахь дуу хоолой” бүтээлээрээ үзэгчдийн сонголтоор тэргүүн байр хүртэж байсан чадварлаг уран бүтээлч.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж