Сурвалжлага: Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ шинэчилсэн ч хүлээхээс өөр сонголтгүй

Хуучирсан мэдээ: 2023.02.01-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ шинэчилсэн ч хүлээхээс өөр сонголтгүй

Сурвалжлага: Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ шинэчилсэн ч хүлээхээс өөр сонголтгүй

Чингэлтэй дүүргийн 13, Баянзүрх дүүргийн 5, 22, 41 дүгээр хороогоор орвол, мэдээллийнхээ зөрүүг арилгах гэсэн хүмүүс цөөнгүй байлаа. Хоёрдугаар сарын 8-ны дотор мэдээллээ шинэчлэх шаардлагатай болсон. Иймээс өрхийн гишүүдийн тоо зөрсөн, овог өөрчлөгдсөн, үл хөдлөх нэмэгдсэн, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан талаар иргэд хороо, дүүрэгтээ багагүй хандаж буй аж. Гэхдээ иргэдийн өрхийн орлого, үл хөдлөх, нийгмийн даатгалтай холбоотой ямар ч мэдээллийг халамжийн ажилтан засварлах боломжгүй. Зөвхөн тухайн хороонд оршин суудаг эсэхийг хянаж, өрхийн хаягийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг засварлах хүсэлтийг хийж өгнө. Түүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, хүүхдүүдийн овог, нэр зөрсөн зэрэг асуудлыг хороо дангаараа хариуцахгүй болохыг хороо, дүүргийн нийгмийн ажилтан хэллээ.

Иргэдийн зүгээс машингүй, ипотекийн зээлээр авсан нэг байртай хэрнээ өрхийн орлого өндөр гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөнөөс хасагдсандаа бухимдаж, Засгийн газар нийт хүүхдийн 91 хувь хүүхдийн мөнгө олгох нь худлаа болохыг шүүмжлэв.  УИХ-аас энэ оны төсвийг батлахдаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгоно. Ингэхдээ өрхийн орлогыг харгалзан есөн хувийг нь хүүхдийн мөнгөнөөс хасахаар болсон юм. Гэвч, иргэдийн хэлж буйгаар нийт хүүхдийн 9 хувь нь  биш бараг дийлэнх нь хүүхдийн мөнгөнөөс хасагдсан болохыг шүүмжиллээ.

"Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ шинэчилж гаргаад зөрүүтэй мэдээллээ засварласан ч систем дээр нь орохгүй байгаа. Арга ядаад өргөдөл хүсэлтээ бичиж, E-Mongolia сайтаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаа хэвлэж авч ирснээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн н.Туул хэлэв.  Тэдэнийх ам бүл 3.  Хоёр хүүхдийнх нь нэг оюутан, нэг нь сурагч, тэрбээр өрх толгойлсон эмэгтэнй. Сарын орлого нь 778 мянган төгрөг. Гэтэл тус өрхийг 10-аас дээш сая төгрөгийн орлоготой өрхөд хамааруулжээ.  Тиймээс н.Туул мэдээллээ шинэчлүүлэхээр хороо, дүүргийн халамжийн ажилтан руу 10 гаруй удаа залгасан ч "хүлээ" гэхээс өөр хариулт хэлээгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төвөөс ч асуусан. Үл хөдлөх, машины тоо ширхэг буруу байна гэж хэлсэн. Асуухаар хүлээ, ирэх долоо хоног гэхэд засвар нь ороод дараа сард мөнгө нь нөхөөд орчихно гэх хариултыг өгсөн гэв. Энэ мэт нэг нэг рүүгээ шилжүүлж байгаагаас иргэд зөрүүтэй мэдээллээ засварлаж чадахгүй хугацаа алдаж байгаа аж.

Энэ сарын 15-наас хойш УБЕГ-т 150 мянга гаруй хүн мэдээллээ засварлуулах хүсэлт гаргажээ.

УБЕГ-аас тодруулахад “Шилжилт хийлгэх асуудлаар иргэд их холбогдож ирж байна. Орон нутаг, дүүргээс бусад нутагт шилжихдээ хаягийн бүртгэлдээ зөвхөн өөрсдийнхөө бүртгэлийг иргэдэг хийлгэдэг. Ингэхдээ хүүхдийнхээ хаягийг мөн шилжүүлэх шаардлагатай. Иргэд өөр нутаг дэвсгэрт шилжин сууж байгаа тохиолдолд үл хөдлөх,  газрын гэрчилгээтэй харьяа улсын бүртгэлийн хэлтэст очиж шилжилтээ хийлгэж болно. Харин орон сууц, хашаа байшин түрээслэдэг бол түрээсийн гэрээтэй очно. Хэлтэс дээр биечилж очих боломжгүй тохиолдолд E-Mongolia цахим системээр хандаж хийлгэх боломжтой. Хаягийн бүртгэл шилжилт хөдөлгөөнийг хийж байгаа иргэн тухайн хаяг дээрх 16-аас доош насны хүүхдийг зайлшгүй бүртгүүлэх ёстой” гэв.

СИСТЕМИЙН АЛДААГ НЭГЖИЙН АЖИЛТАН ЗАСВАРЛАХГҮЙ

Систем болон шилжилт хөдөлгөөн, иргэний бүртгэлтэй холбоотойгоор иргэд алдаа гарсан тохиолдолд мэдээллээ шинэчлүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор нэг өрхийн 2-3 хүүхдийнх нь мөнгө орсон хэрнээ нэг хүүхдийнх нь ороогүй зэрэг тохиолдол гарч байгаа талаар цахим хуудастаа иргэд мөн бичиж байна. Тэгвэл мэдээллээ шинэчлүүлсэн иргэдийн хүүхдийн мөнгө ирэх саруудад нөхөж орох эсэх талаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас тодрууллаа.

Тус яамнаас өгсөн мэдээллээр “Хороо, сумдад хамтарсан баг гарч ажиллаж байгаа. И-Монголиа цахим системээр мэдээлэл зөрүүтэй, залруулах шаардлагатай иргэд хүсэлтээ гаргаж байна. Мөн харьяа дүүргийнхээ нийгмийн ажилтанд очиж биеэр хүсэлт гаргасан хүмүүс ч байгаа. Эдгээр иргэдийн мэдээллийн зөрүүг зассан даруйд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.

Хүсэлт гаргаснаас хойшхи сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэдэг ташаа.

Зөрүүтэй мэдээллээс шалтгаалж хүүхдийн мөнгө нь ороогүй бол нөхөөд л ороод явна” гэх тайлбарыг өглөө. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэл нь алдаатайн улмаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэд 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхаарууллаа.

Мэдээллээ шинэчлүүлсэн ч систем дээр алдаатай харагдаж байгаа тохиолдолд нэгжийн ажилтан засварлах боломжгүй. Тиймээс тодорхой хугацааны дараа засвар орно гэдгийг онцлов.

ТЭГВЭЛ ИРГЭД ХААНА ХАНДАЖ ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧЛҮҮЛЭХ ВЭ?

Эхний ээлжид иргэд хүүхдийн мөнгө орох үгүйг E-Mongolia, Ehalamj.mn, харьяа баг, сум хорооны халамжийн ажилтнаас хүүхдийн регистрийн дугаараа хэлээд шалгана. Хэрэв "Тийм" гэсэн байвал мэдээлэл шинэчлэх шаардлагагүй. Харин "Үгүй" гэсэн бол дэлгэрэнгүй гэж дараад, эсвэл харьяа халамжийн ажилтангаасаа асуух юм. Мэдээллийн чанарын алдаатай буюу танай өрх ам бүлийн тоо дөрөв байх ёстой байхад гурав, эсвэл тав болоод, гурван байр, таван машин, жилийн өрхийн орлого, татвар гээд аль нэг хэдээс мэдээлэл үнхээр алдаатай байвал мэдээллүүдээ өөрсдөө явж засуулах аж.
Ингэхдээ,
  • Өрхийн ам бүл – Харъяа сум баг хороо
  • Хүүхдүүдийн мэдээлэл – Нэр нь зөрүүтэй бол УБЕГ, хүүхдүүдийн тоо зөрүүтэй бол харьяа сум, баг, хороо
  • Үл хөдлөхийн мэдээлэл – Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Тээврийн мэдээлэл – Авто тээврийн үндэсний төв
  • Мал – сум, хороо, баг
  • Өрхийн цалин мэдээлэл – Харъяа нийгмийн даатгалын газар
  • Өрхийн орлогын мэдээлэл зөрүүтэй бол Татварын Ерөнхий Газар очих юм.
Ийнхүү эдгээр газруудад очиж өргөдөл бичиж хүсэлтээ өгсөн л бол дахин очих шаардлагагүй байна. Мэдээллийг хянаж дууссаны дараа системд засвар орох тул иргэд хоёрдугаар сарын 08 хүртэл хүлээцтэй байхыг зөвлөлөө. Харин ирэх долоо хоногт ч хүсэлтийг засварлаагүй тохиолдолд дараагийн шатны нэгжид хандах хэрэгтэй гэлээ. Тиймээс хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ өгсөн, мэдээллээ шинэчлүүлсэн иргэд хүлээхээс өөр сонголтгүй болжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж