“Транспэрэнси Интернэшнл” ТББ-аас өнөөдөр /2023.01.31/ авлигын төсөөллийн индексийг танилцууллаа.
“Транспэрэнси Интернэшнл” ТББ-ын тэргүүн, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Л.ТӨР-ОД:
-2020 онд улс төрийн санхүүжилтийн ил тод байдал улс төрийн нам, улс төр дахь хувийн ашиг сонирхол түрэмгийлэн орж байгаа байдлыг авлигын төсөөллийн индексээр харуулахыг зорьсон. 2021 оны хувьд цар тахалтай байсан үед авлигын асуудал ямар түвшинд байна, үүнтэй яаж тэмцэж байна вэ гэдгийг чухалчилсан. 2022 авлигын түвшний индексийн хувьд илүү зэвсэгт мөргөлдөөн, энх тайван аюулгүй байдлыг чухалчилсан. Яагаад гэвэл, ОХУ-Украин хоорондын зэвсэгт мөргөлдөөн бүс нутгийн бус өргөн хүрээний асуудал болж дэлхий нийтийг хамарсан асуудал болсон учраас энэ чиглэлд анхаарал хандуулсан.
“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын гүйцэтгэх захирал нэг зүйлийг анхааруулж буй. Ардчилсан нийгэмд ард иргэд нь авлигыг уг үндсээр нь устгаж, арилгахын төлөө хамтран нэгдэх ёстой. Олон нийтийн дуу хоолойг нэгтгэснээр хөгжил дэвшлийг авчирна гэсэн санааг дэлхийн нийтээр буюу 180 гаруй улс оронд төсөөллийн индексийг нэгэн зэрэг зарлаж байгаа юм. Нөгөөтэйгүүр, манай байгууллагын тэргүүн Берлинд болж буй хэвлэлийн хуралд олон нийтэд юуг анхааруулж байна уу гэвэл, авлигаас ангижрах арга зам нь төр засаг өөрөө зориг гаргаж цөөн улс төр бизнесийн олигарх бүлэглэлд үйлчлэх биш нийт ард иргэдэд тэгш үйлчилж, бүх шатанд нь авлигыг арилгаж байж хөгжилд хүрэхийг онцолж буй.
Монгол Улс, 100 онооноос 33 оноо авч, нийт 180 улсаас 116-д жагсч байна. Бүс нутгийн хамгийн авлига багатай орнуудад Шинэ зеланд, Сингапур багтжээ.
Нийт 30-аас доош оноо авч байгаа бол авлигажсан улс гэж ойлгож болно. Дээшээ 50-60 оноо руу дөхөх тусам авлигын түвшин дундаж зэрэг, 70-аас дээш гэвэл авлига буурсан гэж ойлгож болно. Хамгийн авлигад идэгдсэн орнуудад Ази номхон далай, Зүүн төвийн орнуудаас Камбож, Мяьмар, Хойд Солонгос сүүл мушгиж байна. Монгол Улсын хувьд 33 оноо, бүс нутгийн хувьд 45 оноотой гэж үзэж болно. Бүс нутгийн хэмжээнд хамгийн өндөр оноо авсан нь Гүрж улс байна. Төв Азийн улс орнуудаас Киргиз 27 оноотой, Казакстан 36 оноотой буюу биднээс гурван оноогоор илүү явж байна.
Бусад бүс нутгийн хувьд хамгийн авлига ихтэй нь Сахарын доод бүсийн Африк дундаж оноо нь 32 байна. Дараа нь умард, хойд Африкийн улс орнууд 38, Америкийн бүс нутгийн хувьд 43, хамгийн авлига багатай нь Баруун европ буюу Европын холбооны улсууд 66 оноотой байна. Авлига эдийн засаг улс төрийн асуудалтай салшгүй холбоотойг бидний судалгаа харуулдаг. Ерөнхийдөө орлогын тэгш бус байдал, ядуурлын түвшин, баялгийн хуваарилалт шударга бус улс орнуудад авлига ихтэй байгаа нь харагдаж байна.
Холбоотой мэдээ