Монгол шатахууны хувьд Оросоос, “Роснефть”-ээс бүрэн хараат. Кремль цоргоо хаах төдийд Монгол тэг зогсох нь холгүй болдог. Үүнийг нефть импортлогчид овжин ашиглаж, нийлүүлэгчтэй нийлээд Монголын Засгийн газар, монголчуудаа “дарамталсаар” ирсэн.
Шатахууны үнийн өсөлт макро эдийн засагт шууд шок үзүүлдэг. Тиймээс шатахууны үнийг тогтвортой байлгах нь үе, үеийн Засгийн газрын үүрэг, толгойны өвчин болж ирсэн. Гэвч, хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх бодлогоор Монгол Улс хэр хол явах вэ? Үгсэн хуйвалдаж, үнийг өсгөдөг олигархиудын арга зальд автсаар байх уу, эсвэл монополиудыг задлах арга хэмжээ авах уу?
Цар тахал, дайн байлдаанаас болж, дэлхийн улс орнууд дотоодын нөөц боломждоо тулгуурлан “дангаарших” бодлого хэрэгжүүлэхэд анхаарах болжээ. Нэн ялангуяа эрчим хүч, шатахуун, хүнсээ дотоодоосоо хангах нь үндэсний аюулгүй байдлын баталгаа болж байна.
Тэр тусмаа улс төрийн хувьд дайн, дажинтай, тогтолцооны хувьд нэг хүнээс хамааралтай хоёр их гүрний дундах Монгол Улс шатахуун, эрчим хүч, хүнсний хараат бус болох нь эдийн засаг талаасаа ч, улс төр талаасаа ч онцгой ач холбогдолтой юм. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа ч болох юм.
Иймээс Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-доо газрын тосны үйлдвэр барих, эрчим хүчний төслүүдээ урагшлуулахаар амалсан. Энэ хүрээнд газрын тосны үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Гэвчиг хоёр жил гэдэг багагүй хугацаа. Хоёр жил бүү хэл хоёр сарын хугацаанд дэлхийн улс төрийн бодлого өөрчлөгдөж байна. Жилийн өмнө Орос Украин руу довтолно гэж хэн ч төсөөлөөгүй. Харамсалтай нь, уг дайн хэзээ дуусахыг өнөөдөр мөн хэн ч хэлж чадахгүй байна.
Дайн сунжрах нь Монголын эдийн засагт хохиролтой. Хэдийгээр өнөөдөр шатахууны үнэ тогтвортой байгаа ч оросуудын ааш аягаас хомсдол нүүрлэх эсэх, үнэ өсөх үгүй нь хамааралтай. Ядаж байхад монополиудынх нь шалтаг, шалтгаан мундахгүй олон. Тэгэхээр газрын тос боловсруулах ганц үйлдвэрээ хараад суух биш өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглах цаг болсон. Товчдоо, айлаас гуйх биш авдраа уудал гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, шатахуун үйлдвэрлэх түүхий эдээ гаднаас импортлож, дотооддоо үйлдвэрлэх боломж бий. Алийн болгон монполиудын “хуурамч шатахуун” гэх лоббид автаж, улсаараа явгархаас айж суух вэ.
Монгол Улсад 2001 онд жилд 50 мянган тонн газрын тос боловсруулах бага хүчин чадлын үйлдвэр баригдаж, шатахуун нэрэх болсон. Харамсалтай нь, өнөөдөр уг үйлдвэрүүд хаалгаа барихдаа тулжээ. Учир нь, цөөн хэдэн монполиудын захиалгаар ч гэх үү УИХ газрын тосны үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа газрын тосны дайвар бүтээгдэхүүнд хамаарах керосин, алкалит, хүнд фракцийн дизелийн түлш, нафтад онцгой албан татвар тавьчихсан. Энэ нь шатахууны үнэ, нийлүүлэлтэд ч сөргөөр нөлөөлж, өнгөрсөн онд хоёр ч удаа хомсдол нүүрлэснийг хоолтойгоо холиод идчихээгүй байх.
Газрын тосны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн аргаар дахин нэрж шатахуун үйлдвэрлэдэг компаниудын хувьд жижиглэнгийн худалдаа эрхлэхээс илүү уул уурхай, газар тариалан, барилгын компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Нэг ёсондоо тэдгээр компаниуд дизель түлш үйлдвэрлэдэг гэсэн үг.
С.Лавровтай Засгийн газарын хийсэн тохироо нь зөвхөн АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах тухай. Бусад нь зах зээлийнхээ жамаар ч юм уу, оросуудын амаар ч юм уу үнэ нь өссөөр байгаа. Удахгүй газар тариалан, уул уурхай, барилгын ажил эхэлнэ. Үүнээс өмнө энэ асуудлыг шийдвэрлэж, үнийн өсөлтийг тогтворжуулахад анхаарах хэрэгтэй байна. Үнэндээ уул, уурхай, барилга, газар тариалангийн компаниуд өндөр үнэтэй шатахуун хэрэглэлээ гэхэд эцсийн хэрэглэгчид, иргэдийн халааснаас энэ бүхэн гардаг. Жишээ нь, барилгын эзэн орон сууцныхаа үнэнд өндөр үнэтэй дизель түлшнийхээ өртөгийг суулгаж өгнө. Үүнийг нь худалдаж авч буй иргэд л төлөх ойлгомжтой. Иймээс монополиудын амнаас гаръя гэвэл Монгол дизель түлш үйлдвэрлэх боломжийг нь нээгээд өгчих.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ