“ХИТ” хөгжмийн хөтөлбөрийн хөтлөгч Д.Давааням агсны хүү Д.Даваадорж "Triple X HIT Awards" зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
"ХИТ" энтертайнментын үүсгэн байгуулагч, продюсер Д.Даваадорж:
-"ХИТ" энтертайнментын оюуны өмчийг эзэмшигчийн хувиар өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Аавынхаа хийсэн бүтээснийг үргэлжлүүлэхийн тулд өнөөдрийн баг хамт олонтойгоо хамтран ажиллахаар болсон. Аав маань 1994 онд "Хөх тэнгэр" радио станцад сэтгүүлчээр ажилласнаас хойш 1997 онд "Нэг алхам" буюу тухайн үеийн "ХИТ" хөгжим мэдээллийн хөтөлбөрийн суурийг тавьсан. Тэр цагаас хойш 2012 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлтлээ идэвхтэйгээр Монголын рок попын ертөнцөд 17 жил өөрийнхөө хөдөлмөрийг зарцуулсан. Аав минь 2004 онд хип хоп хөгжмийн урсгалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, олон нийтэд таниулж, тухайн үеийн найман хамтлагтай анхны хип хоп авардсыг зохион байгуулж байлаа.
"ХИТ" хөгжим мэдээллийн хөтөлбөр нь 21 аймаг, есөн дүүрэгт цацагддаг цор ганц хөтөлбөр байсан.
Ерөнхий продюсертайгаа хамтран бид "Triple X" гэдэг хип хоп фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэнд таван жил зохион байгуулсан. Хамгийн сүүлд энэ фестивалиар 55 мянган үзэгчийг нэг дор цуглуулж, рекордыг эвдсэн. Тиймээс надад аавынхаа хийсэн ажлыг үргэлжлүүлэх санал тавьж, "Triple X HIT Awards" болж үргэлжилж байна. Ингэснээр хип хопын анхдагч үеийнхэндээ хүндлэл, шинэ үеийн уран бүтээлчдэд урам зориг өгөхийг зорьж буй. Өнөөдөр бид арга хэмжээнийхээ зургаан шүүгчийн хоёр нь танилцуулж байгаа юм гэв.