Монгол Улс олон намын тогтолцоотой ч өнөөдөр МАН-аас өөр намгүйтэй адил болов. Яг зууны өмнөх шиг… МАН-ын II их хурлаар “МАН бол жинхэнэ улсыг удирдах нам” гэж тунхаглав. Үүнийг III их хурлаараа улам бэхжүүлж “Ардын намаас өөр нам гаргаж үл болно” гэжээ. Эл шийдвэр 1924-1990 он хүртэл 66 жил Монголд ноёрхож, МАХН төдий хугацаанд ЗХУ-ын заавраар монголчуудыг чиглүүлэв. Анхны үүсгэн байгуулагчдын түшмэдийн бүлгийнхэн “баяжигтун” хэмээх лозунг дэвшүүлсэн нь жирийн ардыг хоосруулах гэж байна гэж большевикууд буруу зүгт эргүүлэн эхлээд тэдний өмч хөрөнгийг хурааж, татвараар дарамталж, эцэст нь тэднийг ангийн дайсан болгон хяджээ. Шашныг ч тэд анхандаа шууд дайснаар зарлачихсангүй. Харин ч ариунаар нь мандуулах бодлого дэвшүүлэх нэрийдлээр шүүмжилж, 1926 оноос БХК(б)Н МАХН-д шахалт үзүүлсээр хууль гаргуулан хутагт, хувилгаадын хойд дүрийг тодруулахыг хоригложээ.
Шинэ цагийн Монголд ч МАН-чууд бас л ноёрхсоор байна. Сурсан зүйлийг сураар боож болдоггүй ажээ. Тэд ХХХ их хурлаа хийгээд “Ардчилал хүний эрх, эрх чөлөөнд халтай олон үйлдлийг таслаж зогсоож, нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бий болгохыг МАН зорьж байна” гэж тунхаглав. Түүнээс ердөө нэг жилийн дараа хүний эрхийг хамгаалах нэрийдлээр ямар хууль батлав даа.
ЭХЛЭЭД ХУРАА, ДАРАА НЬ ТАРАА…
Хүчин үнэлэгчдийн хуулийг 1925 онд батлан мөрдүүлжээ. Тэрхүү хуулиар баян ядуу хоёр харилцан тохиролцож нэг нь нөгөөдөө тус дэм үзүүлэх харилцааг зохицуулж байв. Харин энэ нь Коминтернд таалагдсангүй. Хүн хүндээ зарцлагдах нь зохисгүй гэдгээр тэд халхавчлан лам хувраг, ноёд язгууртнууд эдийн засгийн хувьд нөлөөтэй байсныг таслан зогсоох зорилгоор өмчийг нь хураан авч нөлөөг бууруулах бодлого барьжээ. Ийнхүү яван явсаар өмч хураах ажлыг эхлүүлэв. Ийнхүү мөлжигч нэрээр өмч хөрөнгөө хураалгасан 1560 өрхийн 6000 гаруй хүн, 80 мянга орчим лам энэхүү шийдвэрийг эсэргүүцсээр эцэстээ иргэний дайн өдөөжээ. Тэднийг хүчээр хядсаны дараа 1954 он гэхэд монголчууд Маркс, Энгельс нарын төлөвлөгөөг хэрэгжүүлэв. Тэрхүү төлөвлөгөө ёсоор илүү их орлого олсон нь их татвар өгөх ёстой.
Татвараа шударгаар төлсөн нь дампуурч, төлөөгүй нь завшдаг, хөнгөлүүлдэг, хождог ийм нийгмийг бий болгов. Тохуурхалтай нь өнөөдөр бидэнд яг ийм хууль эргэн үйлчилж байна. Монгол Улсын 2023 оны төсөвт Хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгасан. Эдийн засгийн либертари онолоор бол “Торгууль гээч гэм хийсний төлөөх татвар бол татвар гэдэг зөв юм хийсний төлөө ногдуулж буй торгууль”. Эцсийн дүндээ хоёулаа л ижилхэн хуулийн нэрээр төрийн хийж буй дээрэм юм.
Үүнтэй нэгэн адилаар Монгол өнөөдөр шаталсан татварыг хэрэгжүүлж байна. Монголд шударгаар илүү орлого олсон нь шийтгүүлж байна. Өмч хураах ажлыг гардан гүйцэтгэсэн Х.Чойбалсангаа өнөө хэр нь тахин шүтсээр буй ахуйд арга ч үгүй биз.
1924 онд МАХН-ын III их хурлын төлөөлөгч Гэлэгдоржийн саналаар Сайн ноён хан Т.Намнансүрэн, 1925 онд МАХН-ын IV их хурлын шийдвэрээр VIII Богдын өмчийг улсын мэдэлд шилжүүлжээ. Хяналт тавиагүйгээс их хэмжээний хөрөнгө нь алга болсон агаад хувь хүмүүсийн олз болжээ. 1929-1930 онд 1,7 сая төгрөгийн мал хөрөнгийг хураан авюсан агаад 1931-32 онуудад 300-400 мянган төгрөгтэй дүйцэхүйц малыг ядууст тараажээ. Үлдсэнийг нь яасныг чөтгөр мэдэхгүй ч Оросын аль нэг архивт байхыг үгүйсгэх аргагүй. Яг үүнтэй ижилхэн үйлдлийг эдүгээ цагт хийсэн нь Оюутолгойн татварын маргаанаас үүдэн байршуулсан мөнгийг цар тахлын үед иргэдээ хорихын тулд тараасан билээ. Өнөөдөр яг үүнтэй адилхан зүйл Хөгжлийн банк, ЖДҮ-ийн зээл дээр үйлчилж байна. Уурссан олон авлигачдын хөрөнгийг хурааж, төрийн мэдэлд авч олон тараан өг гээд буй ч улстөрчид энэхүү захиалгыг л маш сайн гүйцэтгэдэг бөгөөд хэзээ яаж хэлүүлж, нийгмийг турхирахаа хүртэл тооцоолдог нь харамсалтай нь үнэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо “Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй. Хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин хязгаарлагч хүчин зүйлсүүдийг нь шийлдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ” гэж байв. Дэмжсэн. Гэхдээ төрд хурааж, хомсдол үүсгэж дэмжсэн. Тэр нь төсвийн хөрөнгөөр хийсэн тансаглал. Авлигын хэргээр баригдсан албан хаагчдын оймсноос гарч ирж буй тэрбумаар тоологдох хөрөнгө. Өнөөдөр төрийн оролцоо маш их болсныг энгийн бизнес хийж буй хэн боловч мэднэ. Мал, ноосны шаталсан татвараас болоод 20 мянган малчин ял эдэлж асан түүхийг Баабарын номноос уншууштай. Тэр түүх монголынх. Өнөөдөр татварын асуудлаар бизнесийнхэн бас л эхнээсээ хэрэгт ороогдож эсэргүүцлээ илэрхийлээд эхэллээ. ХХI зууны гэх монголчууд яагаад ХХ зууны илжирсэн бодлогоо чөлөөт зах зээлд хэрэгжүүлээд буй хамгийн их маапаантай. Хөхөрсөн монгол эргээд улаан болов. Юутай гаслан.
Холбоотой мэдээ