“Сentury-2” бондын хүү, нөхцөлийн харьцуулалт

Хуучирсан мэдээ: 2023.01.31-нд нийтлэгдсэн

“Сentury-2” бондын хүү, нөхцөлийн харьцуулалт

Монгол Улсын Засгийн газар 2023 оны эхэнд олон улсын зах зээл дээр “Сentury-2” төслийн хүрээнд 650 сая ам.долларын бонд гаргаж, хөрөнгө оруулагчдад 5 жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэйгээр амжилттай арилжаалсан. Ингэснээр Засгийн газрын энэ он болон ирэх онд төлөх өрийн дарамт буурсан. Гэхдээ энэ удаагийн Засгийн газрын бонд хүү хэт өндөр гарсан уу гэх эргэлзээ байгаа юм. Харин мэргэжлийнхний хувьд энэ удаад гаргасан бонд нь АНУ-ын бодлогын хүү өндөр байгаа үед харьцангуй боломжийн нөхцөлтэй байж чадсан хэмээн үнэлж буй билээ.
Засгийн газрын өмнө нь гаргасан бондуудын хүү болон тухайн үеийн Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгээр харьцуулж харвал дараах байдалтай байна.
Зураг-1: Монгол Улсын Засгийн газрын бондуудын хүү болон Холбооны нөөцийн банкны бодлогын хүү,

Эх сурвалж: Монголбанк

Энгийнээр тайлбарлавал, Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү нь хөрөнгө оруулагчдын хувьд шаардах хамгийн бага өгөөж болж буй юм. Түүнээс дээших нь тухайн улсын эрсдэлээс хамаарч хөрөнгө оруулагчдын шаардаж буй нэмэлт өгөөж гэсэн үг. Үүгээр харвал, хөрөнгө оруулагчид Монголын эрсдэлийг хамгийн багадаа “Сentury-1” төслийн хүрээнд Холбооны нөөцийн сангийн суурь хүү болох 0.25 хувь дээр нэмэх нь 3.25-4.2 хувиар үнэлж байжээ. Мөн 5 жилийн хугацаатай “Чингис” бондын хүү ам.долларын суурь хүү болох 0.25 дээр нэмэх нь 3.88 хувиар гарч байсан нь мөн л тун эрсдэл багатай үнэлгээ байв.
Эсрэгээрээ “Демсам”, “Мазаалай”, “Хуралдай” зэрэг бонд нь ам.долларын суурь хүү дээр нэмэх нь 7.25-10.38 хувийн хүүтэйгээр гарч байсан нь хамгийн өндөр өртөгтэй бондын санхүүжилт байжээ.
Эдгээртэй харьцуулбал, 2023 оны эхэнд гаргасан “Сentury-2” бонд нь ам.долларын суурь хүү 4.5 хувь болсон байх үед гарснаараа онцлогтой. Мөн суурь хүүтэйгээ харьцуулбал, нэмэлтээр 4.15 хувийн хүүгийн өгөөж шаардаж байгаа нь өмнө нь гаргаж байсан бондуудтай харьцуулбал, бараг ойролцоо түвшинд байгаа юм. Энэ утгаараа “Сentury-2” бондын санхүүжилтийн өртөг Монгол Улсын хувьд харьцангуй боломжийн гэж дүгнэж болохоор байна. Нөгөөтэйгүүр, 2022 оны сүүлч, 2023 оны эхээр олон улсын зах зээл дээр бусад улсуудын гаргасан бондын хүүтэй харьцуулж үзвэл дараах байдалтай байна.
Хүснэгт-1: Дэлхийн бусад улсын гаргасан бондын хүү, хугацаа, зээлжих зэрэглэлийн үнэлгээ /2022.09-2023.01/


Source: Cbonds, Bloomberg

2022 оны есдүгээр сараас хойших хугацаанд Хонконг, Унгар, Индонез, Мексик, Филиппин, Польш, Румын, Саудын Араб болон Монгол зэрэг нийт 9 улс олон улсын зах зээл дээр 5 жилийн хугацаатай, Засгийн газрын ам.долларын бонд шинээр гаргажээ.

Бонд гаргасан хугацаан дахь зээлжих зэрэглэлийн хувьд Монгол Улс B-B3 зэрэглэлтэй байгаа нь дээрх улсуудтай харьцуулахад хамгийн бага үнэлгээтэй байна.

Энэ хугацаанд бонд гаргасан Хонконг улс жишээ нь Аа3, АА+, АА-, Саудын Араб А1, А-, А, Польш А2-А-, А-, Индонез, Мексик, Унгар зэрэг улсууд BBB зэрэглэлтэй байна. Дээрх улсуудын 5 жилийн хугацаатай гаргасан бондын хүү 4.5-6.125 хувийн хүүтэй байна. Мэдээж зээлжих зэрэглэл өндөр байгааг дагаад эрсдэлийн түвшин буурч буй. Харин Монгол Улс B3-B зээлжих зэрэглэлийн үнэлгээтэйгээр 8.65 хувийн хүүтэй бонд гаргажээ.

Н.Жаргал

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж