ХХОАТ-ын хуулийн нэмэлт өөрчлөлтөд зарим иргэд шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Тухайлбал, 10 саяас дээш орлоготой иргэдийн эхэн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, татвар суутгаад ч татварын өртэй үлдэж байна гэх мэдээлэл олон нийтий сүлжээнд нийтлэгдсэн. Энэ талаар Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа.
-ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг товч танилцуулахгүй юу?
-УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэр дүн 0-120 сая төгрөг бол 10 хувиар, 120- 180 сая төгрөг бол 12 сая төгрөг, 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 сая төгрөгөөс дээш бол 21 сая төгрөг, 180 сая төгрөгөөс дээш орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар хуулийн нэмэлт өөрчлөлт орсон.
Дээрх тооцооллыг цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хассаны дараах дүн болон ажил олгогчоос ажилтанд албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй нэмж олгож байгаа шууд бус орлогын нийлбэр дүнгээс хуульд заасан шаталсан хувь хэмжээгээр ногдуулна.
Цалин хөдөлмөрийн хөлс, адилтгах бусад орлого, шууд бус орлогоос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг хассаны дараах дүн нь 120 сая хүртэл жилийн орлоготой татвар төлөгчид нөлөөлөлгүй, дээрх орлого 180 сая төгрөг хүртэлх татвар төлөгчийн хувьд жилд төлөх татварын хэмжээ гурван сая төгрөгөөр нэмэгдэнэ. Мөн 180 сая төгрөгөөс дээш орлоготой татвар төлөгчийн хувьд зөвхөн тухайн дүнгээс дээш гарсан дүнд 20 хувиар албан татвар төлөх тооцоолол хийсэн.
-Сошиал сүлжээнд ХХОАТ-ын хуулийн нэмэлт өөрчлөлтын хүрээнд бүх цалингаа татварт суутгуулж, татварын өртэй үлдсэн тухай мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Сошиал сүлжээн дэх мэдээлэлтэй холбоотой судалгаа хийгээд үзэхэд уул уурхайн салбарт хамааралтай хүмүүс байсан. Уурхайн ажилтнуудын хувьд сарын цалингаа эхний, сүүлийн гэдгээр хувааж сар болгоны 5, 20-ны өдрүүдэд боддог. Ростер буюу ээлжинд 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг. Цалингаа сарын 5-нд бодох үед тухайн ажилтан хэд хоног ажилласнаар нь тооцоолдог бөгөөд үүнээс шалтгаалж 14 хоногоос ихэнх хугацаа нь эхний цалин бодогдох үед орсон бол сарын сүүлийн цалин бодохдоо үлдсэн хоногийн цалин бодогдоно.
Эхний цалинг бодохдоо суутгал огт хийлгүй бүтэн дүнгээр өгдөг учраас сүүлийн цалин бодож олгохдоо нийт олгосон цалингаас НДШ, ЭМД, татвар суутгагдахад хасах дүнтэй тооцоологдож болдог.
Түүнээс биш ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөөс болоод бүх цалинг нь татварт суутгаад нэмж татварын өртэй үлдэж байгаа зүйл огт биш, өмнөх жилүүдэд энэ тооцоолол байсан. Олгохоор тооцоолсон цалингаас илүү дүнгээр татвар суутгах ямар ч боломжгүй. ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлт энэ оноос хэрэгжиж байгаа тул нэгдүгээр улирлын тайлан ирүүлсний дараа, бодит тоо судалгаа гарна.
Тухайлбал, А ажилтан уурхайд 14 хоногийн ростер буюу ээлжинд ажилладаг, сар болгоны 20-нд эхний хагасын, дараа сарын 5-нд сүүлийн хагасын цалингаа авдаг. Нэгдүгээр сарын 2-нд уурхайд ажиллахаар очиж, нэгдүгээр сарын 16-нд ажлаасаа ирсэн. Нэг хоногийн цалин нэмэгдлийн хамт 220 мянган төгрөг, сарын нийт цалин 3,080.000 төгрөг байсан. Нэгдүгээр сарын 20-нд цалингаа бодож олгохдоо нэгдүгээр сарын 2-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал хугацаагаар буюу 13 хоногийн цалинг бодож суутгалгүй олгосон. Дараа сарын 5-нд буюу 2-р сарын 5-нд цалин бодож олгохдоо үлдсэн нэг хоногийн цалинг бодож ЭМД, НДШ, татварын суутгал хийж байгаа.
Г.Хулан
Холбоотой мэдээ