МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит бус их хурал болж, ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяаг сонголоо. НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сунгаанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Соёлын сайд Ч.Номин нар өрсөлдөнө гэх мэдээлэл байсан ч УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэхүү сунгаанд өрсөлдөхгүй гэдгээ зарлаж, нэрээ татсан бол сайд Ч.Номин өрсөлдөөгүй юм. Мөн тус хуралдаанаас НАМЭХ гэх нэрийг Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчлөөд байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хувьд өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан, мөн 2020 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон юм.
Түүний хувьд МАН-ын эмэгтэйчүүд дундаа боловсрол өндөртэй ч Петровис компанид ажиллаж байсан учраас тус компанийн төлөөлөл гэж улс төрийн хүрээнд харах хүмүүс бий. Х.Булгантуяа гишүүнийг 2020 оны сонгуульд шинэ залуу үе хэмээн тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн биеэр нэр дэвшихэд нь дэмжиж байв. Харин энэ удаад тэрбээр МСДЭХ-ны тэргүүнээр одоогийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, намын генсек Д.Амарбаясгалан нарын дэмжлэгээр эмэгтэйчүүдээ удирдахаар боллоо. Намын дүрэмд заасны дагуу сонгуульд, нам эрх барьж байхад аливаа албан тушаалд эмэгтэйчүүдийн тодорхой хувийг багтаана гэсэн зарчмын дагуу Засгийн газрын бүрэлдэхүүн, аливаа удирдах албан тушаал болон Удирдах зөвлөлд ч эмэгтэйчүүдийн төлөөллийг багтааж ирсэн. Тиймээс МАН доторх эмэгтэйчүүдийн холбоо хүчтэй байдаг. Ирэх сонгуульд ч хэн хэнийг дэвшүүлэх вэ гэдэгт МСДЭХ-ны тэргүүн чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ мэтчилэн алсаа, ирэх сонгуулиа бодсон энэ шийдвэр нь Л.Оюун-Эрдэнэд болоод Д.Амарбаясгалан нарт нэмэх оноо авчрах тохироо гэж харагдаж байна.
МСДЭХ-ны шинэ тэргүүн Х.Булгантуяагийн хувьд хувийн хэвшилд олон жил ажиллаж, гадаадад боловсрол эзэмшсэн гээд толгой цохидог эмэгтэйчүүдийн нэг. Гэхдээ нам доторх эмэгтэйчүүдтэйгээ ойлголцоход тун бэрхшээлтэй хүн хэмээн зарим хүмүүс хэлэх нь ч бий. Намын арын албанд ажиллаж байгаад гэнэтхэн Сангийн дэд сайдаар томилогдсон түүнийг тухайн үедээ "боловсролтой", дээр нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээсээ илүү яамны бодлого, эрх ашгаа хамгаалж байсан нь 2020 оны сонгуульд өрсөлдөх боломжийг нь түүнд өгсөн. Мэдээж, намын даргатай тохиролцсоны дүнд. Анх удаа УИХ-д сонгогдсон гэхэд Х.Булгантуяа сайд болж, бүр намын эмэгтэйчүүдээ толгойлохоор болж байна. Цаашид түүний хийх улс төр, намын дарга, генсектэйгээ хэрхэн хоршихыг харах л үлдлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН САЙД Х.БУЛГАНТУЯАГИЙН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
- 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
- 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
- 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
- 2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
- 2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
- 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
- 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2020 онд Сангийн дэд сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
Т.ОД
Холбоотой мэдээ