Сурвалжлага: Хөөрөг бол мэндлэх, хүндлэх ёсны асар том бэлгэдэл

Хуучирсан мэдээ: 2023.01.31-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хөөрөг бол мэндлэх, хүндлэх ёсны асар том бэлгэдэл

Сурвалжлага: Хөөрөг бол мэндлэх, хүндлэх ёсны асар том бэлгэдэл

“Хөөрөг бол мэндлэх, хүндлэх ёсны асар том бэлгэдэл” хэмээн өгүүлэх О.Ариунболд монгол дархчуудын ур ухаан, уран нарийн хийц шингэсэн гар урлалыг дэлхий дахинд таниулахыг зорьж буй нэгэн. Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, XVIII зууны үеэс монгол түмний мэндлэх, хүндлэх ёсонд хөөрөг зөрүүлэх соёл нэвтэрч эхэлсэн гэдэг. Энэ үеэс л монголчууд мана, гартаам цахиур, чүнчигноров зэрэг байгалийн үнэт чулууг нарийн хийцтэйгээр урлан, хөөрөг хийж мэндлэх ёсондоо ашигладаг болсон хэмээн судлаачид үздэг.

Тун удахгүй амар мэндийн бэлгэдэлтэй, ахан дүүс, айл гэр халуун дулаанаар учран золгодог сар шинийн баяр болох гэж буй учир О.Ариунболдын “Их хаадын чулуу” урланд зочилж, хөөрөг болон гар урлалын талаар ярилцлаа. Тэрбээр 13 жил бүтээл туурвиж, өдгөө 60 хүнтэй урлан ажиллуулж буй юм.

2017 оноос хойш компанийн статустай болсон тус урлангийн дархчууд эхний жилүүдэд хөөрөг, чулуун эдлэлээр дагнаж байсан бол сүүлийн хоёр жил Монголын гар урлалын салбарыг шинэ түвшинд хүргэх зорилгоор уран зураг, сувинер, металл хийцлэл зэргээр бүтээлээ төрөлжүүлжээ.

Хотын 3, 4 дүгээр хороололд байх энэ урланд бүрий болсон хойно зочилсон ч дархчуудын ажил ид өрнөж байв. Зураачид, барималчид нь бүтээлийнхээ хэв загварыг гаргаж байх бол дархчууд нь алт, мөнгөөр бүтээл дээрээ уран нарийн хийц, чимэг, хээ нэмж байгаа харагдана. Урлангийн энэ хэсэгт дуу чимээ гэх зүйл харьцангуй бага, тайван. Харин хөөрөгний дархчуудын хэсэгт чулууг зүсч, ухаж, өнгөлнө гээд дуу чимээ ихтэй, ид ажил өрнөх аж. Дуу чимээ ихтэй учраас тэд их ядардаг тухайгаа хэлж байв.

Хөөрөг урлаач О.Ариунболд бүтээлийнхээ онцлогийн талаар ярихдаа “Бид инноваци хийсэн шинэ, шилдэг, давтагдашгүй бүтээл урлахыг зорьдог. Жишээлбэл, би хонь жилтэй хөөргөн дээр аргалийн толгой хийж байна. Энэ бол миний нэг хувь загвар. Үүн дээрээ би гарын үсэг тавьдаг. Үүнээс гадна бүтээлээ дуурайлган дахин хийдэггүй. Хоёрдугаарт, манай дархчууд хүний юмыг хуулдаггүй. Бүтээлээ үргэлж судалгаанд суурилан гаргадаг” гэв.

Тэд сүүлд айрагны хул хийжээ. Монголд айрагны хул гэж байдаг ч стандарт байдаггүй бөгөөд “Их хаадын чулуу”-ныхан стандарт айрагны хул гаргасан гэв. Энэ хул нь тойруулаад найман шарга, гурван эрдэнэ буюу азарга, гүү, унага гуравтай. Азарга, гүү, унага гурав бол тулгын гурван чулуу буюу эцэг, эх, үр гурав гэсэн утгатай. Доод хэсэгт нь адуун туурайн мөр бий. Бидний өвөг дээдэс дэлхийн талыг адуун туурайгаар тамгалсан гэх утгыг илэрхийлэх аж.

Ийнхүү бидний яриа үндсэн сэдэв буюу хөөрөгтэй холбогдож эхэлсэн юм. Монголчууд чулууны соёлтой байсан хэдий ч одоо цагт үгүй болжээ. Гэтэл Хятадад чулууны соёл өндөр хөгжиж, Монголын байгалийн баялаг бүхий үнэт чулуунууд түүхий эдээрээ үнэгүй шахуу хил давж, эргээд монголчууд өндөр үнээр худалдан авдаг аж.

О.Ариунболд “Манайд одоо цагт чулууны соёл байхгүй болсон. Өмнө нь байсан. Чулуун дээр хөөрөгний соёл гэж бий. Хөөрөг бол мэндлэх, хүндлэх ёсны асар том бэлгэдлийн хэрэгсэл. Хоёрдугаарт, үүдэнд тавьдаг арслан. Ийм хоёрхон чулууны соёлтой. Гэтэл дэлхий дээр чулууны соёл алтнаас илүү мөнгө эргэлдэж байдаг зах зээл. Тэр зах зээлийн 70-аас илүү хувь нь манай өмнөд хөршид бий” гэв.

Түүнээс хөөрөг хийх хугацааны талаар асуухад “Манайх дамжлагын системтэй. Нэг нь зүснэ, нэг нь ухна, нэг нь өнгөлнө гээд багийн ажиллагаатай. Ингэснээр долоо хоногт гардаг байсан бол гурав хоногт гарах жишээтэй. Эрэлт хэрэгцээ сүүлийн үед ихэсч, хөгжиж байна” гэлээ.

Монголчууд шүр, хаш, мана, гартаам, чүнчигноров, пийсүү, оюу, номин, барын нүд зэрэг чулуугаар хөөрөг хийж ирсэн уламжлалтай.

Чулуу, хөөрөгний хэмжээ, хийц, толгой, нуух, халбага нь үнэ, үнэлэмжид ихээхэн нөлөөтэй. Жишээлбэл, халтар манын өвөрмөц тогтоц хэдэн тэрбум ч хүрэх тохиолдол байдаг гэнэ.

Хөөрөгний чулууны онцлогийн талаар О.Ариунболд ярихдаа “Халтар манан хөөрөг гэсэн дуу бий. Энэ чулуун дээр гурван бөөрөнхий дүрс байна. Дээшээ харуулбал тулгын гурван чулуу болно. Энэ тогтоц хэзээ ч дахин давтагдашгүй. Хүн зурчихсан юм шиг байгалийн өнгө тогтоцтой хөөрөг гаргаж байлаа. Халтар манын өвөрмөц тогтоц хэдэн тэрбум ч хүрэх тохиолдол байна. Дотроо бас чанараасаа шалтгаалаад сорттой. Яагаад энэ чулуу үнэтэй байдаг вэ гэхээр дахин давтагдашгүй өвөрмөц өнгө тогтоц. Мэдээж тунгалаг чанар, хөөрөгний хэмжээ, хийц нөлөөлнө. Хамгийн тансаг нь өнгөндөө байдаг” гэж ярив.

"ҮНЭТ ЧУЛУУ ҮНЭ ЦЭНЭЭ АЛДДАГГҮЙ"

“Гартааман хөөргийг харахад саарал чулуу шиг. Энэ чулуу өвчин авдаг, энергитэй. Дорнын анагаах ухаанд төнүүрийн аргаар мэдрэлийн эсийг сэргээхэд хэрэглэдэг. Жишээлбэл, харвалттай, саажилттай хүмүүс гартааман эрхи зүүж, жин тавьж, иллэг хийдэг. Энэ чулуу нь судалт манаас ондоо. Бразилд саарал гартаам, Мадагаскарт шар гартаам, Америкт улаан гартаам, Монголд цагаан гартаам байна. Судалтай болгон гартаам биш. Хүмүүс энэ талаар сайн мэддэггүй. Ихэнхи мана судалтай байдаг. Гартаам дотор ус хийчихсэн юм шиг сүүдэргүй байдаг. Түүнийг гүйдэлтэй гартаам гэдэг” гэдгийг тэрбээр тайлбарлаж өглөө.

Хаш чулуугаар монголчууд эрт дээр үеэс хөөрөг хийж ирсэн бөгөөд уг чулуугаар хийсэн хөөрөг маш үнэтэйд тооцогддог. Тэгвэл үүний тухай О.Ариунболд “Хаш гэдэг ерөнхий бүлэг өөрөө долоон өнгөтэй. Ногоон хашаар НҮБ-ын хүндэт индэрийг хийсэн. Манай төрийн гурван өндөрлөгийн сандал ч ногоон хаш. Энэ чулууг оюуны мэлмийг нээгч чулуу гэдэг. Физик шинж чанараараа хамгийн өндөр эрчим хүчийг ялгаруулдаг чулуу. Хүний аураг нөхдөг, сөрөг муу энергийг устгадаг чулуу. Манайхан цагаан ханшинд дурладаг. Цагаан хаш дэлхий даяараа үнэтэй. Хятадаас хамгийн үнэтэй, хамгийн чанартайг олох боломжтой” гэсэн юм.

"Хөөрөгний үнэ дунджаар 7-8 оронтой тоонд яригдана. Энэ цагаан хаш хөөрөг гэхэд л 50 сая төгрөг"

Түүнээс хөрөг сонирхож буй хүмүүст зөвлөгөө өгөхийг хүссэн юм. Тэрбээр "Нэгдүгээрт, мэддэг хүнээр заалгаж аваарай. Хоёрдугаарт, тодорхой хаягтай баталгаатай газраас аваарай. Буцах хаягтай, буух эзэнтэй байх ёстой шүү" гэж зөвлөв.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж