Тендер: Дүүргүүд 300 саяас нэг тэрбумаар ахмадуудыг баярлуулна

Хуучирсан мэдээ: 2023.01.31-нд нийтлэгдсэн

Тендер: Дүүргүүд 300 саяас нэг тэрбумаар ахмадуудыг баярлуулна

Тендер: Дүүргүүд 300 саяас нэг тэрбумаар ахмадуудыг баярлуулна

Ахмадын баяр, цагаан сар зэрэг тоотой хэдэн баяраар дүүрэг, хороод өндөр настнуудын гарыг цайлгадаг бичигдээгүй уламжлалтай. Энэ жил ч мөн цагаан сарын баярын хүлээн авалтыг дүүргүүд товлож, тэр үеэр ахмадуудын алгыг дээш нь харуулах бэлгийн тендерээ хэдийнэ зарлажээ. Одоогоор хоёр дүүрэгт сар шинийн баяраар ахмадуудад хүндэтгэл үзүүлэх гарын бэлгийн тендерийг зарласан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг 300 сая төгрөг, Сүхбаатар дүүрэг 1,3 тэрбум төгрөгийн тендерийг нээлттэй зарлажээ.

ЧИНГЭЛТЭЙГЭЭС ЗАРЛАСАН ТЕНДЕРТ ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, СҮҮ БАГТЖЭЭ

Жил бүрийн уламжлалд зүй ёсоор багтдаг зүйл нь дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүлэх. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 16-нд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас уг барааны сонгон шалгаруулалтыг нээлттэй хэлбэрээр зарласан. Тендерийн төсөвт сүү, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээс гадна дүүрэгт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан зэрэг багтсан байна. Төсөвт тусгасан багцуудыг авч үзвэл:

  • "Багц 1: Эрүүл мэндийн бүтээгдэхүүн"-   980 мянган төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • "Багц 2: Сүү"-   275 мянган төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • "Багц 3: Бусдаар гүйцэтгүүлж захиалах хэвлэмэл хуудас"- 245 мянган төгрөгийн  дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх гэжээ.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудаст бичсэнээр тендерийн багцуудад нийт 300 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг 196 сая, сүү 55 сая, хэвлэмэл танилцуулга хуудаст 49 сая төгрөгийн тусгажээ. Энэ сонгон шалгаруулалтын хугацаа дуусахад 16 хоног үлдсэн байна.

ГУРИЛ, БУДАА, СУУРЬ ЕЭВЭНД ТӨСӨВЛӨСӨН 1,3 ТЭРБУМЫН ТЕНДЕР

Дараагийн дүүрэг бол Сүхбаатар. Тус дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарлаж хугацаа нь дуусаад долоо хонож байгаа тендер. Уг тендер нэг тэрбум 360 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд гурил, будаа, суурь еэвэн зэргийг авахад зарцуулагдах аж. Тодруулбал, дээд гурил 447 сая төгрөг, цагаан будаа 555 сая төгрөг, суурь еэвэнг 358 саяар авахаар тусгажээ. Нээлттэй тендер шалгаруулалтын журмаар явсан энэхүү тендерийн хугацаа нэгдүгээр сарын 23-нд дууссан. Ингэснээр гарын бэлэг эзэддээ хүрэхэд бэлэн болсон гэсэн үг.

Дээрх тендер нь гурван багцтай бөгөөд дээд гурилын багцад "Ситимарт" ХХК, цагаан будааны хэсэгт "Грийн импекс", суурь еэвэнгийн багцад "Өгөөж чихэр боов" ХХК тус тус шалгарсан байна.

АХМАДУУДЫН ГАРЫГ ЦАЙЛГАХ ТЕНДЕРИЙГ ДҮҮРГҮҮД ЖИЛ БҮР ЗАРЛАДАГ

Сар шинээр харьяа дүүргийнхээ ахмадуудыг баярлуулах тендерийг энэ жил анх удаа зарлаж байгаа зүйл биш. Хамгийн гол нь иргэд төрийн хэмнэлтийн жил гэсэн мөртлөө үргүй зардал гаргаж, дүүргийн ажлаа тайлагнах хуудас зэрэгт мөнгө төсөвлөж байгааг эсэргүүцэж байна. Мөн ахмадуудыг алгын чинээ бэлгээр хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр хуурч байгааг шүүмжлэх хүн ч цөөнгүй байлаа. Tender.gov.mn сайтаас хайж үзэхэд өнгөрсөн жилүүдэд буюу 2021-2022 онд Баянзүрх дүүрэг 75 сая, Чингэлтэй дүүрэг 49,5 сая, Сонгинохайрхан 80 сая төгрөгийн сонгон шалгаруулалт зарлаж байжээ.

Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас дээрх сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл тодруулахад "Хуульд заасны дагуу жил бүр ахмад настнуудад хүндэтгэл үзүүлдэг. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар гарын бэлгийн төсвийг батлуулж хуульд заасны дагуу нээлттэй тендер зарладаг" гэсэн юм.

Ахмад настны тухай хуулийн 12.4-д зааснаар бэлгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-нийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настнууд буюу 90-ээс дээш насныханд Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулна гэжээ. Мөн 100-аас дээш насныхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно гэсэн заалттай байна. Гэхдээ үнэ болон гарын бэлэгт багтах боломжтой зүйлсийг заалтуудад тусгаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж