Цар тахлын хөл хорионоос дөнгөж сэргэж байсан дэлхий дахин Орос-Украины дайны улмаас давхар хямралтай нүүр тулж, инфляци тэнгэрт хадсан. Үүний нэг жишээ нь Филиппин улсад сонгино тансаг хэрэглээ болсон талаар энэ удаагийн "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.
Филиппинд сонгины хомсдол үүсч, үнэ нь хөөрөгдсөнөөс "амьдрал амтгүй" болжээ. Өнгөрсөн сард нэг килограмм сонгино 12.80 ам.долларт хүрч, үнэ хөөрөгдсөн. Ийнхүү сонгино хүнсний гол бүтээгдэхүүн мах, тэр ч бүү хэл Филиппиний өдрийн цалингийн доод хэмжээнээс ч үнэтэй болсон байна. Зүүн Өмнөд Азийн оронд сүүлийн хэдэн долоо хоногт хүнсний бүтээгдэхүүний инфляци тогтворжиж байгаа ч олон хүний хувьд сонгино тансаг хэрэглээ хэвээр байна гэж Себу хотод пиццаны ресторан ажиллуулдаг Ризалда Маунес ярьжээ.
Түүний хэлснээр тус ресторан өдөрт 3-4 кг сонгино худалдан авч, хэрэглэдэг байсан ч одоо дөнгөж хагас килограммыг авч хүчирдэг болсон гэнэ.
Ганцхан энэ ресторан биш орон даяар нөхцөл байдал ийм байгаа тул хэрэглэгчид ч хүлээцтэй хандаж байгааг тэрбээр учирлав. Айл өрхүүд ч хоолоо сонгиноор амтлах нь эрс багасчээ. Ингэж л сонгино Филиппинд амьдралын өртөг өдрөөс өдөрт өсч буйн гол бэлгэдэл болжээ.
Өнгөрсөн сард хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд шатахууны үнийн өсөлтийг хэмждэг инфляци халуун орны орнуудад сүүлийн 14 жилийн дээд түвшинд хүрсэн юм.
Филиппиний Ерөнхийлөгч бөгөөд хөдөө аж ахуйн сайд асан Фердинанд Маркос Жуниор хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч буйгаас шалтгаалан "онц байдал" зарласан. Улмаар энэ сарын эхээр улаан, шар сонгины импортыг баталж, хомсдолыг арилгахыг хичээжээ. Цар тахлын дараа Филиппиний эдийн засаг дахин нээгдэж байгаа нь эрэлт, хэрэгцээг нэмэгдүүлсний дээр цаг агаарын эрс тэс уур амьсгал нь хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа сонгино тариалалтад сөргөөр нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
"ING" банкны ахлах эдийн засагч Николас Мапа хэлэхдээ "Хөдөө аж ахуйн яам эх үр тарианы хомсдолд орж болзошгүйг өнгөрсөн наймдугаар сард таамаглаж анхааруулсан. Хэдэн сарын дараа Филиппинд хоёр хүчтэй шуурганд нэрвэгдэж, газар тариаланд их хэмжээний хохирол учруулсан. Мөн эдийн засаг огцом сэргэж байгаа энэ үед эрэлт огцом нэмэгдэж байгаагаас хомсдол үүслээ" гэж тайлбарлажээ.
Орон нутгийн иргэд болон жуулчдын дунд алдартай Себу хотын гудамжны хүнсний лангуунууд ч үнийн өсөлтөд өртсөн. Ресторанууд шарсан ногоо, мах, далайн хоолыг ихэвчлэн сонгино, цуутай соустай хамт үйлчилдэг. "Сонгино бол манай хоолны соёлын чухал хэсэг. Энэ нь хоолны давслаг байдлыг ялгахад чухал үүрэгтэй байдаг" гэж худалдагч Алекс Чуа тайлбарлажээ.
Сонгино тансаг хэрэглээ болсныг өнгөрсөн дөрөвдүгээр сард хуримаа хийсэн сүйт бүсгүй цэцгийн баглааны оронд багц сонгино барьж алхсанаас харж болно. Сүйт бүсгүй нөхөртөө хандан дараа нь хатаж, хаягдах цэцгийн оронд сонгино барьж алхмаар байгаагаа хэлэхэд зөвшөөрсөн аж.
Гаалийн албаныхны мэдээлснээр тэднийг зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн авч орохыг хориглодог талаар анхааруулаад хожим нь ял тулгалгүй сулласан гэв.
Хямрал нь хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэж амласан ерөнхийлөгч Маркост дарамт шахалт болсон. Зарим хууль тогтоогчид түүнийг орлох хүнээ томилохыг шаардсан.
Филиппиний сенатч Грейс По тус улсад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой сонсголын үеэр хэлэхдээ, "Өмнө нь элсэн чихэр байсан бол одоо сонгино. Гал тогооны өрөөнд байгаа бүх зүйлийн талаар сонсгол хийх болно" гэжээ.
"Kantar Worldpanel" зөвлөх байгууллагын ажилтан Мари-Анне Лезорайн уур амьсгалын өөрчлөлт нь тус улсын хүнсний аюулгүй байдалд бас томоохон аюул учруулж байгааг сонгины хомсдолыг жишээ татан тайлбарласан байна. Лезорайн хэлэхдээ "Зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйлсийг худалдан авах чадвартай байгаа ихэнх хэрэглэгчдийн худалдан авах чадвар маш хэцүү байна. Уур амьсгалын өөрчлөлт нь хомсдол үүсгэж, улмаар үнэ өссөнөөр Филиппиний эдгээр хэрэглэгчдэд маш их хохирол учруулах болно" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ