Үндэсний дээд лигийн ээлжит тоглолтууд өчигдөр/2023.01.29/ “UG” аренад боллоо.
ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД 118 – 38 ХОВД ЧАНДМАНЬ
Динн Льюпепе гэх легионерыг эгнээндээ нэгтгэсэн Уурхайчид өрсөлдөгчөө илт давуу буулган авлаа. Ховдын бүсгүйчүүдэд үнэхээр боломж олдсонгүй. Тоглолтын эхнээс Уурхайчид илүүрхсэн бөгөөд тус багийн бүхий л тоглогчид талбайд гарч, оноо авчээ. Үүнээс Б.Солонго 19 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол түүний багийн таван тамирчин 10 болон түүнээс дээш оноо авсан аж. Харин Ховдоос А.Хонгорзул 14 оноо, Б.Алтмаа 13 оноо тус тус авчээ.
БАЯНГОЛ ХАРЦАГА 84 – 86 НАЛАЙХ БИЗОН
Харцага тоглолтыг гайхалтай эхлүүлсэн ч Бизон ялалт байгууллаа. Плей-оффд шалгарах боломжгүй болсон Харцага өчигдөр Бизоны замд саад хийх гэсэн боловч дөрөвдүгээр үед Бизон илүү байв. Ялангуяа Жэйлон Робенсон, Жорж А.Уиллиамс хоёр багаа манлайлж, сайн тоглолоо. Жэйлон 25 оноо авсан бол Жорж 18 оноо авав.
Харин Харцагаас Жаррон Крамп, О.Баянбаатар нар үзүүлдэг тоглолтоо үзүүлж, +20 оноо авсан ч хожиж чадсангүй. Гурван үе илүү явсан Харцагын довтолгоо шийдвэрлэх үед утгаараа унаж, эсрэгээрээ Бизоны довтолгоо, хамгаалалт жигдэрсэн. Бизоны сэлгээнээс Э.Тулга, Г.Лхагвацэнд тэргүүтэй залуус үүргээ сайн биелүүлээд зогсохгүй тэд багаараа хоёр дахь боломжоор нийтдээ 30 оноо авсан нь хожил байгуулах томоохон шалтгаан болжээ.
Улирлын эхэнд хамтдаа лигийн ёроолд байсан хоёр багийн нэг нь плей-оффд улам ойртож, нөгөө нь баян ходоод болох нь тодорхой боллоо.
М ГАРЬД 94 – 68 АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД
Бэртэл, гэмтэлд ороогдож, улирлаа тааруу эхлүүлсэн Гарьд өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны тоглолтоо хийлээ. Тэд чимээгүй ч амжилттай яваа Дайчидыг дөрвөн үе бүтэн илүүрхэж, бүх тамирчдаа бүрэн ашиглажээ.
Бэртлийн улмаас хүссэн тоглолтоо гаргаж чадахгүй байгаа гэх А.Энхбаясгалан 14 оноо, Хүлэгүүдийн улаан өмсгөлийг шараар сольсон Блэйк Хэмилтон 24 оноо, довтолгооны гүйцэтгэл өндөртэй Д.Дөлгөөнмөрөн 10 оноо, багийн ахлагч О.Эрдэнэцогт 13 оноо тус тус авчээ. Харин Дайчидаас хашир туршлагатай Энтони Харрис 25 оноо авсан бол энэ улирал багийнхаа гол хүн болоод буй Ч.Ихбаяр 14 оноо авчээ.
IHC APES 63 – 67 ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД
Бүтэн хамгаалалт дор өрнөсөн ширүүхэн тоглолтын ялагч нэмэлт цагт тодорсон. Энэ улирал нэг ч хожигдоогүй яваа Уурхайчид өчигдөр барьц алдаж, өвдөг шороодох дөхөв. Тэдний алсын зайн шидэлт учраа ололгүй ердөө гуравхан удаа байндаа тусчээ. Эсрэгээрээ “Apes”-ийн залуучууд идэвхи зүтгэлтэй тоглолтыг үзүүлж байсан ч хожил Уурхайчидын талд байлаа.
Энэ өдөр Уурхайчидаас О.Энхбаатар тоглолтын эхнээс сайн тоглолтыг үзүүлсэн бөгөөд тэрбээр 16 оноо, 13 самбараас бөмбөг авалт, хоёр бөмбөг таслалт, хоёр хаалт гүйцэтгэжээ. Харин Пендарвис Уиллиамс 21 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлэв.
“Apes”-ээс Э.Цэрэнбаатар, П.Болортулга нар сайн тоглоогүй ч Н.Ганбаатар, Б.Тулуй тэргүүтэй залуучууд орон зайг нь нөхөж, самбарт, будагтай талбайд зүтгэсэн. Шийдвэрлэх үед М.Өлзий-Оршихын алсын зайн шидэлт амжилттай болсон ч Даррелл Саммерс хожлын гэж болохуйц чөлөөт шидэлтээ алдаж, үндсэн цагт тоглолт тэнцээгээр өндөрлөв. Улмаар нэмэлт цагт Т.Санчир үндсэн үүргээ гүйцэтгэж, багтаа хэрэгтэй оноонуудыг авчирснаар Уурхайчид ялагдалгүй цувралааа үргэлжүүллээ.
Холбоотой мэдээ