УИХ-ын Хянан шалгах түр хороо ирэх хоёрдугаар сарын 6-10-нд Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар хоёр дахь сонсголоо хийх юм. Уг сонсголоор хэлэлцэх асуудалтай холбогдуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хүүхдүүдийнх нь хамт буюу “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Намуун, Б.Номин, Б.Хүлэгт нарыг гэрчээр дуудахаар болжээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тайлбарласнаар 2012-2016 онд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, улсын төсөвт суулгасан Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багцыг хэлэлцэхтэй холбоотойгоор экс Ерөнхийлөгч Х.Баттулга дуудагдах болсон байна. Ингэхдээ тэрбээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байх үед хэрэгжүүлсэн төсөлтэй холбоотойгоор гэрчээр дуудагдахаар болжээ.
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан эхний сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тул сонсголд оролцох боломжгүй байна” гэдэг тайлбар ирүүлсэн юм.
Харин хоёр дахь удаагийн сонсголд тэрбээр дахиад бичгээр тайлбар ирүүлж бултах уу, эс бөгөөс өөрийн биеэр оролцож тайлбар хийх үү гэдгийг олон нийт хүлээх болж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын тайлбарлаж байгаагаар сонсголд албан тушаалтан оролцохгүй, санаатайгаар зайлсхийвэл Төрийн албаны тухай хуулиар ажлаас халах хүртэл арга хэмжээ авах бол иргэнийг Зөрчлийн хуульд зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах аж. Тодруулж хэлбэл, 300 мянган төгрөгийн торгууль ногдуулна гэсэн үг. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгад харин энэхүү 300 мянган төгрөгийн торгууль бол юу ч биш , "цаас" л юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ