Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсонг Путин пуужингаар сүрдүүлжээ. Жонсонг пуужингаар хөнөөхөд ганц хором л зарцуулагдана гэж тэр хэлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн оны хоёрдугаар сарын эхээр Борис Жонсон Киевт айлчилсан. Энэ айлчлалын дараа Путин, Жонсон нар маш удаан утсаар ярьсан байна. Борис Жонсон тухайн үед Оросын довтолгоотой холбоотой ямар хориг арга хэмжээ авч болохыг Путинд тайлбарласан. Путин хариуд нь “Борис, би чамайг зовоомооргүй байна. Гэхдээ пуужингаар бол ганц л хором болно” гэжээ.
“BBC” сувгаар “Путин ба барууныхан” нэртэй гурван хэсэг баримтат цуврал гарсан. Уг цувралын үеэр Борис Жонсон дээрх баримтыг дэлгэжээ. Баримтат цуврал өнөөдрөөс /2023.01.30/ дэлгэцнээ цацагдаж эхэлсэн бөгөөд Путины дэлхийн тавцан дахь эрх мэдэлтэй барууны орнууд хэрхэн 10 гаруй жил тэмцэж байгаа талаар өгүүлдэг. Мөн ОХУ-ын цэргийн цуваа Украины хил рүү чиглэсээр байтал Путин довтолгооны төлөвлөгөөгөө үгүйсгэсээр байсан тухай цувралд дурджээ.
Хэрвээ Украин руу довтолбол барууны хориг арга хэмжээ хавь илүү хатуу болно гэдгийг Жонсон тэр үед анхааруулсан. Мөн ОХУ-ын хил дээр НАТО улам л төвлөрөх болно гэдгийг сануулсан байна.
“Борис, та Украин улс мөддөө НАТО-д элсэхгүй гэж хэлэх гээд байна уу? Мөддөө гэдэг нь хэзээ вэ?” гэж Путин асуужээ. Борис хариуд нь “Ямартай ч ойрын ирээдүйд лав биш. Та үүнийг маш сайн мэдэж байгаа” гэжээ.
“Путин ба барууныхан” цувралд өөр олон сонирхолтой баримтыг дэлгэсэн байна. Тухайлбал, Их Британийн Батлан хамгаалахын сайд Бэн Уоллес эцсийн мөчийг хүртэл дайныг зогсоохоор оролдож байсныг дурджээ. Хоёрдугаар сарын 24-нөөс хэдхэн хоногийн өмнө Бен Уоллес Моксвад айлчилсан. Тухайн үед Сергей Шойгу “Миний ээж украин хүн. Бид Украинд довтлох санаа байхгүй” гэж хэлж байжээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ