“Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр сануулж бай” гэж Чингис хаан хэлсэн юм гэдэг. Түүн шиг их наяд, их наядаар нь луйвардсан нүүрсний хулгайг хууль, шүүх хэрхэн шийдвэрлэхийг өглөө бүр сануулахад буруудахгүй. Тэд бидний эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, нийгмийг нь хулгайлсан тул.
Нүүрсний хулгайн талаарх баримтуудаас харахад нийтийн албан тушаалтнууд ах дүү, амраг садан, найз нөхөдтэйгөө хамтраад улсаа тонодог нь бараг хэвийн үзэгдэл болжээ. Төрийн албан очих гэж яагаад улайрч, улстөрждөгийн ард төсөв, тендер, төрийн өмчийн хулгай явагддаг нь ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын авлигын дуулианаас маш ойлгомжтой, нэн тодорхой болж байна.
Улстөрчид ч ургийн модоо “усалдаг” ганц зорилго нь улсын мөнгө уйлдаггүйтэй холбоотой юм. Уг нь төрийн алба бол олон нийтэд үйлчлэх газар. Даанч Монголд төрийн алба бол хулгайч, дээрэмчдийн орогнодог газар болж хувирсан. Тиймээс төрөөс, төрийн өмчит компаниудаас хулгайчдыг хөөхөд хууль хэрэгтэй.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ш.Адьшаа шинэ онтой зэрэгцээд УИХ-ын дарга Г.Занданшатарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Олны хэл амны “бай” болоод байгаа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиас чухал хуулийн төсөл. Энэхүү хуулийг УИХ дэмжиж батлах юм бол улстөрчдийн хамаарал бүхий нөхдүүд улсын төсвөөс зарласан тендер, зээл авдаг явдал байхгүй болно. Нэг ёсондоо улстөрчид төсөв гэх том түрийвчээсээ сална гэсэн үг.
Хууль санаачлагчийн зүгээс “Төрд бугшсан хамгийн том луйврын схем болсон төрөөс баталгаа гаргасан зээл тусламжийг улс төрд хамаарал бүхий этгээдүүд авч завшдаг” гэж тайлбарласан нь оргүй үг биш.
Жишээ нь, төрийн сан болгоныг хоосолдог компаниуд дандаа улстөрчдийн ах дүү, хамаарал бүхий хүмүүсийнх байдаг, байж ирсэн баримтууд цөөнгүй дэлгэгдсэн. Тариалан эрхлэх сан, Жижиг дунд, үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн урт хугацаатай, бага хүүтэй мөнгө дандаа улстөрчдийн ах дүү нарын ажиллуулдаг банк бусаар дамжин угааддаг жишээ цөөнгүй. ЖДҮ-ийн сангийн гурван хувийн хүүтэй мөнгийг 36 хувийн хүүтэй мөнгө болгоод “угаасан” улстөрчид Төрийн ордонд одоо ч сууж байна. Хөгжлийн банкны зээл ч банк бусаар угаагдсан жишээ цөөнгүй.
ЖДҮ-ийг хөгжүүлэх санг тонож идсэн гэх хэрэгт тухайн үеийн УИХ-ын 46 гишүүн нэр холбогдож байсан. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авч, “Ирээдүй инвест”-ээрээ дамжуулан угаасан гэж хууль, шүүхэд дуудагдаж байв.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хүүгүй зээл авсан асуудалд МАН-ын генсек, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Соёлын сайдын аав хүртэл холбогдож явсан.
Малын тэжээл бэлтгэн нийлүүлэх зээлийг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ах дүү, зөвлөх, ойрын хамаарал бүхий хүмүүс авчихсан баримт ч дэлгэгдэж байлаа. Тиймээс төсөв, төрийн сан, төрийн өмчийг хулгайг зогсоохын тулд улстөрчдийн “урт хуруу”-г тайрах шаардлагатай болж байна.
Улс төрд хол явмаар байгаа бол ураг төрлөөсөө хол явах. Ураг төрөлтэйгөө хамтдаа явмаар байгаа бол улс төрөөс хол байх хэрэгтэй. Улс төрд орж ирмэгцээ “ургийн мод”-оо услаж, ах дүүтэйгээ нийлээд улсаа, төрөө тонодог, түүнд нь төр нь баталгаа гаргаж өгдөг байж боломгүй. Ш.Адьяашийн хуулийн төслийг дэмжин ганц том шалтгаан нь энэ л байна.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ