Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар өнөөдөр /2023.01.30/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр " Түгжрэлийг бууруулах чиглэлээр эрх зүйн шинэ орчин бий болгох тухай ярьсан. Манай үндэсний хорооноос багц 18 хуулийн төслийг боловсруулж, эцэслэх шатандаа ажиллаж байна. Бид хотын түгжрэлийг захиргаадаж, хүний эрхийг хязгаарлаж зохицуулах боломжгүй. Хуулийн хүрээнд ажиллах ёстой. Түгжрэлийг бууруулах багц хуулийн төслийг боловсруулж байна. Тэр дундаа түгжрэлийн бүсийг тогтоож, нийтийн тээврийн хөгжүүлэх сан, захиргааны байгууллагын үүргийг тодорхой болгох ёстой. Зарим нь автомашины дугаарын хязгаарлалтыг ямар хуулийн эрх зүйн үндсэн дээр хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй гэдэг. Одоогоор хуулийн төслөө Засгийн газарт танилцуулаагүй байна. Үндэсний хорооны түвшинд эцэслэн боловсруулж байна.
Түгжрэлийн асуудал их төвөгтэй. Ямар ч шийдэл гаргасан баталгаатай 50 хувь нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулдаг. Тухайлбал, түгжрэлийн бүс тогтоож, төлбөр хураамж авах асуудлыг олон улсад 60-70 хувь нь дэмжихгүй, хэрэгжүүлсний дараа бүгд ойлгож, хүлээн зөвшөөрсөн байх жишээтэй.
Энэ хуулийн сургаар хэт шүүмжилмээргүй байна. Түгжрэлийн голомт болох Зайсан, Яармаг, Дөлгөөннуур гэх мэт газрууд байна. Тиймээс хамгийн түрүүнд нийтийн тээврийн сүлжээг хэвийн болгосны дараа түгжрэлийн эсрэг хууль зүйн орчноо бүрдүүлэх шаардлагатай байна. Шинэ тойрог замын төслийн асуудлыг ярьж байгаа. Зам дээр нүхэн гарцаас авхуулаад энэ жил томоохон ажлуудыг хийж байна, замын хөдөлгөөний ухаалаг зохицуулалтын системийн асуудал дээр угсарч дууссан. Замын нэгдүгээр эгнээний асуудал олны шүүмжлэл дагуулсан ч цагдаагийн хяналтыг бууруулахаар дүрэм зөрчдөг байдал нь эргэн нэмэгдсэн. Үндэсний хороо дараагаар нь иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, нөлөөлөх контентуудыг хийнэ" гэв.
Тэрбээр "Би Канадад нэг хэсэг амьдрахдаа бүтэн жил автобусаар явсан. Тэр гадаадаа больё гэхэд би Улаанбаатар хотод УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Чингэлтэй дүүрэгт "Bluebus" манай компанийн автобусаар явж байсан. УИХ-д сонгогдож гарч ирээд хамгийн анх Нийтийн тээврийн газрын даргатай уулзаж "Ажлаа автобусны буудлаас эхэлнэ" гэж хэлж байсан. Манай ээж нийтийн тээврийн удирдах газар насаараа ажилласан хүн. Би хүүхэд байхдаа автобусны жолооч нарын дунд өссөн. Автобусны амьдралыг мэддэг учраас хамгийн түрүүнд "Нийтийн тээврийн асуудал номер нэг асуудал юм байна" гэсэн. Тэгэхэд маш олон хүн буруу харж байна гэж байсан. Нийтийн тээврийн үйлчилгээний асуудалд хамгийн их санаа зовж байгаа хүн нь би. Автобусанд сууж, жолооч нартай уулзаж байна" гэлээ.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ